"Цагаан тахал"-ын аюул Улаанбаатарт төдийгүй хөдөө орон нутагт ч тархжээ

2019 оны эхний есдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энэ төрлийн 170, хөдөө орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Оны мөн үетэй харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өсчээ.

2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь 19-35 насны хүмүүс байна. Мөн 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насны хүмүүс эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд байгаа. 

2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу 8,7 хувь, 2019 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14,2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн байна.

Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, тодорхой ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Тэгвэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн өнөөгийн нөхцөл байдал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.

Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд: Хар тамхины эрэлт хэрэглээ Улаанбаатар хотоор зогсохгүй хөдөө орон нутагт ч хүрсэн байгаа нь анхаарал татаж байна. Тоон статистик мэдээллээс харахад насанд хүрээгүй хүүхдүүд цөөнгүй хувийг эзэлж байгаа нь энэ төрлийн бодисыг хэрэглэгчдийн нас залуужиж байгааг илтгэж байна. 

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь 18-35 насы залуучууд байгаа бол нийт холбогдогчийн дотор 13 сурагч, төрийн албан хаагч дөрөв байна. 

Үүнээс гадна Монгол улсад түр болон байнгын оршин сууж байгаа иргэд хар тамхины хэрэгт холбогдох нь жилээс жилд ихэсч байна. Шуудан илгээмж ашиглан гадны орнуудаас Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн 11 хэргийг илрүүлэн шалгаж байгаагаас ХБНГУ, Франц, Их Британи Умард Ирландын Вант улс, Нигер, Энэтхэг, Турк, АНУ-ын иргэд байгаа юм. 

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр зарим этгээдүүд “Монгол Улс хар тамхины хэрэглээг зөвшөөрөх ёстой” гэсэн пост мэдээлэл оруулж байна. Монгол Улс хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг хуулиар хязгаарласан учраас ийм үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, хатуу тэмцэх болно. Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудыгаа хар тамхи, мансууруулах бодисоос хамгаалахын тулд идэвхтэй тэмцэнэ. Дэлхий даяар хар тамхины эсрэг, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх сургалтыг хийж байна. Хар тамхины эрэлт хэрэгцээг байнга ажиглаж, хэрэглээг бүх төвшинд хязгаарлаж уриалга гаргаж байна.

УРИАЛГА

Сүүлийн жилүүдэд манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, тээвэрлэх, борлуулах, хадгалах төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өсөж, шалгагдсан хүний 88.0 хувийг 13-35 хүртэл насны хүүхэд, залуучууд эзэлж байна.

Дэлхийн олон улсад ноцтой хор хөнөөл учруулж, гашуун түүх дагуулсан “Цагаан тахал”-ын аюул бидний хаяанд ирж, гэр бүл, ирээдүй хойч болсон хүүхэд, залуучууд, хамт олон, хайртай дотны хүн бүхэнд минь аюулын эрсдэл дагуулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, түүний хор хөнөөлөөс улс үндэстэн, дотны хүн бүхнээ хамгаалж, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын төдийгүй иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал юм.

Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гаргаж байна.

Та бүхэн энэхүү уриалгад нэгдэж, байгууллага, хамт олноороо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээнд сайн дураараа хамрагдан, хар тамхигүй ажлын байр, хамт олныг бий болгож энэ төрлийн гэмт хэрэгт ойр дотныхоо хэн нэгийг өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үеийнхээ нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулахыг уриалж байна.

Та бид хамтдаа “Цагаан тахал”-ын аюулаас сэргийлж чадна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

2019.09.17


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)