ЦАГААН САР: Хэвийн боовны үе нь нэмэгдэхээрээ сайн сайхан явдаг гэсэн ойлголт байхгүй

Цагаан сар хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд иргэдийн санааг чилээдэг хамгийн том зүйл бол төсөв. Өндөр настан, хүүхэд багачуудаа баярлуулж, ах дүүгийнхээ амар мэндийг жилдээ ганц удаа эрж золгодгийн хувьд цагаан сар бол монголчуудын хувьд хүндтэй баяр. Иймдээ ч хамаг байдгаа баран байж буурал жилээ үдэж, буянтай жилээ угтдаг. Хэд хоногийн өмнө нийгмийн цахим сүлжээнд “Цагаан сар дөхөөд хөгшид тэтгэврийн зээл авах гээд банкин дээр дугаарлаж харагдсан. Тэгсэн тэднийг гарч ирэхийг хүлээж банкны үүдэн дээр амдаж байгаад барьж авч дээрэмддэг арилсан дотортой амьтад цөөнгүй бий болж. Тэтгэврийн зээлээ дээрэмдүүлээд уйлж зогссон таяг тулсан өвөөгийн тухай олж уншаад өр өвдчихлөө” хэмээн бичсэн байсан. Үнэхээр ч энэ мэтчилэн хөгшчүүл тэтгэвэр, залуус цалингийнхаа зээлийг аван байж цагаан сараа тэмдэглэдэг учир нэлээн “дарамт” үүсдэг.

Энэ талаарх иргэдийн байр суурийг сонирхлоо.

Иймд үндэсний баяраа өв уламжлалаараа өөрсдөдөө “дарамт” үүсгэлгүй хэрхэн зөв зохистой тэмдэглэж болохыг сонирхуулахаар бэлдлээ.

Ууц тавьдаг “уралдаан” Богдын үеэс эхлэлтэй

Хүрээний эргэн тойронд Богдын шавийн таван хошуу одоогийнхоор нийслэл хүрээг тойрсон Дундговь, Өвөрхангай, Булган, Төв аймгийн хэсэг хүмүүс Богд эзэндээ ууц өргөдөг заншилтай байж. Гэтэл энэ нь сүүлдээ хүрээнээсээ халиад, ялангуяа Богдын шавь болон хүрээний баячуул их бага гэлтгүй, бие биедээ баярхах, үнэрхэх маяг үзүүлж, бүх айл ууц тавьдаг гажуудал үүссэн аж. Энэхүү гажуудал өнөөдрийг хүртэл хэрхэн үргэлжилсээр байгааг цагаан сарын дараах улаан чулуутын хогийн цэг дээр хаягдсан ул боов, ууц зэргээс харж болно.

Үнэндээ монголчуудын гурван бүхэл л идээ тавьдаг байна.

Тухайлбал, анхдугаар Богд Өндөр гэгээнээс бүтэн хонины махыг ууцаар нь, гэдэс дотрыг гургалдайгаар нь, толгой шийрийг төөлэйгөөр нь, цээж махыг дал дөрвөн өндрөөр нь төлөөлүүлэн тавьж байхаар зарлиг буулгаж, өвөрмөц дэгийг дэглэсэн гэж хэлдэг. Энэ нь их бүхэл ууц юм. Монгол айл бүр их бүхлийг тавих албагүй. Үүнийг улсын ерөнхийлөгч, ихэс дээдэс зэрэг төрийн дээд албан тушаалтнууд тавьдаг. Хэрэв жирийн айл их бүхэл ууц тавьсан байвал төртэй тэрсэлдсэн, өөрийгөө өндөр зэрэгт өргөмжлөхийг санаархсан утгыг илэрхийлдэг гэнэ.

Дунд шүүс (нэг төөлэй, дөрвөн шүүсийг нь авдаг)-ийг өрх гэрийн тэргүүн, удмын ахлаач болох нас өндөр хүмүүс тавьдаг.

Харин жирийн айлууд бага бүхэл шүүс (цээж махыг төлөөлүүлээд дал дөрвөн өндөр, бөгс махыг төлөөлүүлээд хонтой шаант, гэдэс дотрыг төлөөлүүлээд гургалдай гурвыг тавьсан байхад болно)-ийг тавьдаг аж.

Хэвийн боов баян цатгалан байдлыг илэрхийлдэггүй

Хэвийн боовны хувьд мөн л дээрхийнхтэй адил гэнэ. Төрийн ихэс дээдэс есөн үе, удмын ахлаач нар долоон үе тавьж болно. Жирийн айлууд гурваас таван үе, цэл залуу, айл болоод удаагүй хүмүүс гурван үеийг тавьдаг. Гурван үе ул боов зассан ч утга бэлгэдэл нь өөрчлөгдөхгүй. Тоо нь олширч, үе нь нэмэгдэхээрээ баян цатгалан болдог, сайн сайхан явдаг гэсэн ойлголт байхгүй гэнэ.

Мөнгө барих ёсон буюу хувь хишиг

Мөнгө бол төрийн бэлэгдэл. Гэхдээ үүнийг өөрийн төрсөн эцэг эх, эмээ өвөөд барьдаг. Учир нь төрөөс цалин аваад үүнийхээ хувь хишгийг “Мөнгө төрийн мөнгөн бэлэг” хэмээн өгдөг болохоос бүх хүнд тараах хэлбэрээр өгөх нь зохисгүй аж. Өөрөөр хэлбэл, өөрийн хүч хөдөлмөрийн үр шимийг барьж “би таныг өргөж, тэжээж, тэтгэж явна” гэдэг утгыг илэрхийлдэг гэнэ.

Бэлэг буюу гар цайлгах

“Шинийн нэгэнд айл хотоо хэсэж “цай уусан”, цайлсан хүндээ хувь өгөх юмуу гарыг нь цайлгаж, алчуур бэлэг өгөх учиртай. “Монголын нууц товчоонд” гэхэд “бэлэг” гэдэг үг байдаггүй, харин “хувь” гэдэг үг олон тохиолдоно. Учир нь эртний хувь сарын хүн бүрт хувь хишиг хуваах ёс заншлаас үүдэлтэй зүйл юм. Үүний чанад утга учир нь “хүн хүний идэх хоол нь өмнөө байдаг, мал малын идэх өвс нь өмнөө байдаг” гэж үздэг. Хүн болгонд заяасан энэ хувь хишгийг дутаахгүйн төлөөнөө бэлгэдэж өгдөг зүйл нь өнөөгийн цагаан сарын хувь юмуу бэлэг болно. Чингэхдээ өөрийн төрсөн, өргөсөн үр хүүхэд, ахан дүүс, эцэг эх, эмээ өвөө гэх мэт хамгийн ойрын хүмүүст өгдөг зүйл нь хувь, бусад хүнд гар цайлгаж өгдөг зүйл нь бэлэг болно. Тийм ч учраас дээр үед олонхи нутагт “бэлэг” гэж ярьдаггүй “хувь” гэж ярьдаг байсан бөгөөд “хувиа аваарай”, “хувийг нь өгнө” гэж хэлдэг байсан нь үүнтэй холбоотой” хэмээн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам багш ярив. Харин архи, сархадын хувьд ардын аман хуулиар 40 хүрээд дөнгөж амс, 50 хүрээд тавьж балга, 60 хүрээд жаргаж хүрт гэж заасан байдаг гэнэ шүү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)