ЦАГААН ЗУД 41 сумыг “даржээ”

Монгол орны нийт нутгийн 60 гаруй хувьд зуд болох эрсдэлтэйг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлсэн. Энэ он гарснаас хойш уг үзүүлэлт өөрчлөгдөж, 70 гаруй хувь болсон талаар бид урьд нь хүргэсэн. Зуд болох эрсдэлтэй газруудад Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Завхан, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймаг хамрагдсан. Энэ нь зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрсэн, цасан бүрхүүл харьцангуй эрт тогтсон зэрэгтэй холбоотойг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн юм. Тэнгэрийн “зурхайчдын таамаг” оносон, эсэхийг орон нутгийнхнаас тодрууллаа.

ЕСӨН АЙМГИЙН НУТАГ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА

Цас их унаж, их хүйтэнтэй хавсрахыг цагаан зуд хэмээдэг. Өөрөөр хэлбэл, байн байн цас орохын зэрэгцээ хүйтний эрч эрс чангаран, мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутарч, улмаар тарга хүч нь муудан, олноор хорогдох нь цагаан зудын гамшиг. Одоогоор есөн аймгийн 41 сум цагаан зудтай байна. Үүний арын “эгнээнд” буюу зудад өртөж болзошгүй гэсэн ангилалд 16 аймгийн 51 сум хамрагдаж байгааг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас мэдээлэв.

Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь өдгөө цастай. Тэр дундаа Увсын гурав, Завханы 12, Хөвсгөлийн дөрөв, Архангай, Сэлэнгийн тус бүр нэг сумд 20 см-ээс зузаан цас тогтон, нягтарч, хатуурчээ. Цас, хүйтний улмаас идэш хомсдож, ихэнх нутгийн иргэд малдаа нэмэгдэл тэжээл өгч байгаа гэнэ. Түүнчлэн цаг агаарын тааламжгүй нөхцөл таван аймгийн найман сумын нутаг дахь малын “хөлийг хорьжээ”.

“ТЭРГҮҮЛЭГЧ” НЬ ЗАВХАН

21 аймгаас хамгийн зутруу, хүндхэн өвөлжиж байгаа нь Завханыхан. Тус аймаг 24 сумтайгаас 12 нь цагаан зудтай. Цаашлаад дөрвөн сумд цагаан зуд нүүрлэх эрсдэлтэй. Тэр дундаа Тэс, Нөмрөг, Баянтэс сумын нутагт мал бэлчээрлэх аргагүй болжээ. Үүнээс болж мал өвс, тэжээлийн дутагдалд орж, бага настай нь олноор хорогдох болсон аж. Мөн малын хөл халцрах болсноос гадна омруутах, ширхтэх өвчин дэгдсэн байна. Баянхайрхан сумын Минж, Төөнт багт бүр мал хамуурсан тохиолдол ч илэрчээ.

Цас багагүй унасан нь зөвхөн малын бус, хүний хөлийг ч “хорьж”, алслагдсан газарт амьдарч байсан зарим малчин холбоо тасарсныг аймгийн ЗДТГ-ынхан хэлсэн. Түүнчлэн Цэцэн-Уул сумын нутагт оршдог Төөнөтийн даваа цасанд “хаагдсан” аж. Энэ талаар тус аймгийн малчин Б.Батбаатартай холбогдож тодруулахад “Нөхцөл байдал амаргүй байгаа. Гэхдээ малын хорогдол харьцангуй бага. Өвс, тэжээлээ дуусаж байна. Хэдэн малаа бүрэн бүтнээр нь онд оруулахад багагүй өвс, тэжээл хэрэгтэй. Малчдын санхүүгийн нөөц, бололцоо ямар билээ дээ. Хэдэн малаас өөр хөрөнгө байх биш. Тиймээс төр, засгаас хөнгөлөлттэй нөхцөл, үнээр өвс, тэжээл олгодоггүй юм байх даа гэж харж сууна” хэмээсэн.

Нөхцөл байдал хүндэрсэн энэ мэт газруудад яаралтай арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэх үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), ОБЕГ-ынхан орон нутагт ажиллаж буй юм байна. Үүний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг тус аймагт очжээ. Энэ үеэр Засаг дарга Д.Батсайхан аймгийн хэмжээнд эхний ээлжид өвс 740, тэжээл 745 тонн шаардлагатайг уламжилжээ. Дээр дурдсан хоёр байгууллагынхан уг асуудлыг Улсын онцгой комисст хандан, шийдвэрлүүлэхээ илэрхийлсэн гэнэ.

УДААХ НЬ УВС, ХӨВСГӨЛ

Хамгийн их цастай аймгаар Увс “тодроод” байна. Тус аймгийн таван сумд цагаан зуд нүүрлэжээ. Үүний араас зургаан сумд гамшиг болох эрсдэл өндөр аж. Увсыг өнгөрсөн аравдугаар сарын 22-ноос цасан бүрхүүл “нөмөрчээ”. Түүнээс хойш бараг 30 удаа цас орсон байна. Одоогоор нийт нутгийнх нь 90 орчим хувь буюу 17 сумын нутаг 5-28 см зузаан цастай. Хунгарласан зарим хэсэгт зузаан нь 30-50 см-т хүрч, нягтарч, хатуурсан тул хүн, мал явахад хүндрэл учирсан юм билээ. Увсын 19 сумын 92 багт энэ жил 10 613 айлын 3.2 сая гаруй мал өвөлжиж буй юм байна. Зудын улмаас аймгийн хэмжээнд 3000 орчим мал хорогджээ.

Байгаль, цаг уурын байдал асуудал дэгдээж буй бас нэг газар нь Хөвсгөл. Уг аймагт энэ өвөл 10 000 орчим мал үхжээ. Үүнээс 800 гаруй нь бод, үлдсэн нь бог аж. Хөвсгөлийн Цэцэрлэг, Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Их-Уул сумд цагаан зуд нүүрлэсэн юм байна. Намар эрт орсон цас хайлж мөстсөн, дээр нь дахин хур тунадас унасан нь мал бэлчихэд хүндрэл үүсгэжээ. Тиймээс л мал өвс, тэжээлгүйдэн үхэх болсон гэнэ. Засаг даргынх нь шийдвэрээр өвөлжилт хүндэрсэн сумуудын малчдад аймгийн нөөцөөс нэг боодол өвсийг үндсэн үнэ болох 8500, нэг уут тэжээлийг 10 500 төгрөгөөр олгож эхэлсэн аж. Өвс, тэжээлийг тээвэрлэн, малчны хотонд хүргэх зардлыг Онцгой комисс нь хариуцаж буй.

Үүнээс гадна зудын эрсдэл өндөр гэж “үнэлэгдсэн” Сүхбаатар аймгийн нөхцөл байдлыг тодрууллаа. Энэ он гарснаас хойш тус аймгийн хэмжээнд их, бага хэмжээний цас найман удаа оржээ. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас “Нийт нутгийн 60 орчим хувьд зуд болох нэн эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан байна. Үүгээр зогсохгүй ирэх сард цас ахиу унах урьдчилсан төлөв гарсан тул нөхцөл байдал хүндэрч мэднэ гэж орон нутгийн холбогдох албаныхан болгоомжилж буй юм билээ.

БАС НЭГ ШАЛТГААН НЬ БЭЛЧЭЭРИЙН ДААЦ

Монгол Улсын бэлчээрийн газрын 60 хувь нь энэ өвөл, ирэх хавар мал “тэжээж” дөнгөнө, харин үлдсэн нь талхлагдаж нөөцгүй болсон гэсэн дүгнэлтийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан. Уг нь өнгөрсөн зун бороо хур ихтэй байсан. Гэсэн ч зуншлага жаахан оройтож, зарим нутгийг нэг наст болон хөл газрын ургамал эзэлжээ. Улмаар ашигт ургамал тачир сийрэг болсон нь нэгжийн ургац багасаж, бэлчээрийн даац хэтрэх шалтгаан болсон аж. Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгийн ихэнх нутаг үүнд хамаарч буй юм билээ. Үүнээс болж туурайн зуд нүүрлэх эрсдэл үүссэнийг бид урьд нь мэдээлсэн. Энэ нь малчид газрын гарц сайн аймаг, сумд бөөгнөрөн бууж, талхлан, хомсдол бий болгосон гэсэн үг юм.

Өнөөгийн нөхцөл байдал ийм байна. Цаашид хэрхэх нь цаг агаараас шалтгаална. Зудтай байгаа Увс, Завхан, Хөвсгөлд ирэх сард олон жилийн дунджаас нэлээд хүйтэн байх нь. Хур тунадасны хувьд мөн л Увс, Хөвсгөлийн ихэнх, Завхан, Архангай, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр ахиу унах төлөв гарчээ.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)