“Цагаан” Жамбын “тэмээн сүрэг”

Бурхны зураг л хардаг монголчуудад шинэ сэргэг өнгө аяс, сэтгэлгээний шинэчлэл хийсэн уран бүтээлч бол “Цагаан” Жамба, “Марзан” Шарав нар юм. “Монголын нэг өдөр”, “Үрс гарч байгаа нь” бүтээлээрээ “Марзан” Шаравын алдар нэр нэлээд түгсэн бол “Цагаан” Жамбын тухай дурсах нь ховор.

Халх даяар “Барт Хүрээ” хэмээн алдаршиж байсан Тарган Бандида Цэвэлваанчигдоржийн хүрээнд шавилан сууж, улмаар номын бар сийлэх эрдэм сурсан “Цагаан” Жамба Нийслэл хүрээнд Дагинын аймаг байгуулагдахад уригдан ирж, шүтээн урлахын зэрэгцээ сэтгэлгээний шинэчлэл хийсэн чөлөөт туурвилуудаа бүтээсэн байна.

Энэ алдарт зураачийн “Тэмээн сүрэг” хэмээх цуут зураг эдүгээ Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй. Муутуу цаасан дээр нарийн бийрний уран зураасаар тэмээн сүрэг, тахь, усны шувуудын галбир, хэлбэр донжийг шаглах буюу самнах аргаар зурсан нь нэн сонирхолтой.

“Цагаан” Жамба бүтээлүүдээ бурхан дүрслэх хэвшмэл арга барилаас өөрөөр буюу бодит байдалд ойртуулан, ан амьтан, жигүүртэн, жирийн ахуйг орон зай, өнгөний зохицол, сонирхолтой зохиомж, уран сэтгэмжээр бүтээдэг нь энэ зургаас харагдаж буй.

Монголын говь, хангайн сайхныг тусган харуулсан, зөөлөн шаргал өнгөтэй түүний урлалыг судлан шинжилж, утга санааг нээн илрүүлэх нь урлаг судлаачдын хийх ёстой ажил. Цаанаа сүрдэм агуулга, наанаа энгийн өгүүлэмжтэй энэ бүтээл ховор үзмэрийн тоонд багтан, Дүрслэх урлагийн музейд хадгалагдсаар байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)