Цагаан байрныхан дахиж молиго үмхэхгүй

Дэнжийн мянга дахь, олны нэрлэж заншсан Цагаан байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул буулган, суурин дээр нь шинэ орон сууц барих захирамжийг хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн зургадугаар сард гаргасан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн IX хорооны нутаг, Дэнжийн мянгын 51, 52 дугаар байрыг буулгаж, айлуудыг нь түрээс болон дамжин өнгөрөх орон сууцад оруулах үүргийг харьяа газрынхаа дарга нарт өгсөн байна. Халуун зунаар гаргасан эл захирамж, шийдвэр биелэхгүй байсаар хайлган намартай золголоо. Харин ойрын өдрүүдэд Цагаан байрныхан хөдөлгөөнд орж эхлэв.

Дахин төлөвлөлтөд хамруулж, нураах болсон хоёр байрны айлуудын олонх нь орон сууцад орох гурван талт гэрээ хийсэн сураг сонсогдов. Үүний дагуу тус хороог зорилоо. Хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг “Гэрээг эцэслэн батлаагүй учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Гэхдээ сонинд хандаж үгээ хэлэх, мэдээлэл өгөх иргэн захаас аваад таарав. Тухайлбал, Дэнжийн 10 дугаар гудамжинд орших суух иргэн Х.Мөнхбаяр “Цагаан байрны оршин суугчдыг олон жил хуурсан. Хэдэн жилийн өмнө “Эрэл” компанийнхан газрыг минь орон сууцаар солино хэмээн гурван талт гэрээ байгуулсан. Одоо болтол сураггүй. Мөн “Өндөр буянт” гэх компани төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан. Гэрээ байгуулж, хүлээлт үүсгэчихээд алга боллоо. Одоо бас нэг компани гарч ирээд цөөн хүнтэй гэрээ байгуулж эхэлсэн сурагтай. Хоёрхон байрны оршин суугчтай гэрээ хийх юм гэнэ. Ойр орчимд нь байгаа бидэнд энэхүү гэрээ хамаагүй юм байх. Гэтэл өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын гишүүн М.Оюунчимэг иргэдийг 39 дүгээр сургуульд цуглуулж, уулзахдаа байранд оруулах, төслийг урагшлуулах талаар ярьсан. Ахиц гараагүй хэвээр байна” хэмээсэн.

Түүнчлэн 51 дүгээр байрны иргэн н.Ганчимэг “Хороо болон төсөл хэрэгжүүлэгч компанитай гурвалсан гэрээ байгуулсан. Энэ гэрээг нь хотын дарга баталгаажуулах юм билээ. Биднийг аль болох хурдан байраа чөлөөлөхийг хүсэж байгаа. Иргэдэд 38 ам метр талбай бүхий орон сууц өгөхөөр гэрээнд тусгасан. Түүнээс дээш талбайтай байр авах бол зөрүүг нь төлнө. Нэг ам метрийг нь 1 350 000 төгрөгөөр үнэлсэн юм билээ” хэмээн ярилаа. Анх тохирсноор бол 51, 52 дугаар байрны иргэд наймдугаар сарын эхээр байраа чөлөөлж, мөн сарынхаа 15-нд шав тавих ёслол хийж, улмаар барилгын ажил нь энэ сарын 1-нд эхлэх байж. Ингээд хоёр жилийн дараа барилгын ажил дуусаж, иргэд бууриндаа эргэж төвхнөхөөр ярьж буй. Гэхдээ зарим айл гэрээний нөхцөлийг зөвшөөрөхгүй байгаагаас шав тавих ёслол хойшилсон бололтой.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд зааснаар газар чөлөөлж, орон сууц барихдаа оршин суугчдын 80 хувийн саналыг авах ёстой. Үүнд хүрээгүй бол төсөл хэрэгжих боломжгүй гэсэн заалттай. Ямартай ч 51, 52 дугаар байрыг нурааж, шинэ барилга барих эрх авсан компани өдий болтол ажлаа эхлээгүй байна. Төсөл хэрэгжүүлэгч компанийнхан оршин суугчдыг байраа суллахыг шаардаж буй хэрнээ түрээсийн мөнгө өгөх болон түр дамжин суух орон сууцад оруулсан зүйл одоогоор алга. Тиймээс иргэд байр сууцаа дулаалах уу, түлш нүүрсээ бэлтгэх үү зэргээ шийдэж чадахгүй ацан шалаанд оржээ. Нөгөөтээгүүр, олон жил молиго үмхэж ирсэн оршин суугчид тийм ч амар байраа суллахгүй хэмээсэн. Түүнчлэн ирэх сонгуулиар “Орон сууцад оруулна” гэх худал амлалтад итгэхгүй гэж хэлэх нэгэн ч таарсан. Энэ мэтээр Цагаан байрныхан янз бүрийн байр суурь илэрхийлж байна.

Цагаан байр хотын төвтэй ойр учраас цэвэр, бохир ус, дулааны шугамд холбогдоход амар байх нь дамжиггүй. Угаас сонгуулийн үеэр Чингэлтэй дүүрэг, тэр дундаа VII-IX хорооноос сонгогдсон түшээд Цагаан байрыг урдаа барьж, ялалт байгуулдаг “уламжлалтай”. Эхэндээ айлуудыг төвийн шугамд холбоно хэмээн тэр хавийнханд молиго үмхүүлдэг байсан. Өдгөө тэд аргаа өөрчилж, Цагаан байрны иргэдийн газрыг байраар солино хэмээн амласаар, төрд дэвшсээр удлаа. Ачир дээрээ Цагаан байрныхан орон сууцад орох нь бүү хэл, төвийн шугамд ч холбогдож чадахгүй өнөөдөртэй золгожээ. Ер нь төрд гарсан эрхмүүд 20 гаруй жил энэ тухай ярьсаар ирсэн гэхэд хилсдэхгүй. Амлах хийгээд ажиллах нь алд зөрүүтэй байсаар 2014 онтой золгосон. Тухайн онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд “Эрэл” компани Чингэлтэй дүүргийн Б хэсэгчилсэн талбайд орон сууц барих болсон байдаг. 

Тус компани айлуудтай гурвалсан гэрээ байгуулсан ч ажлаа эхлүүлээгүй тул хотын удирдлага төсөлд оролцох эрхийг нь цуцалжээ. Гэтэл “Эрэл” компанийнхан эрх цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан аж. Адгийн зарга 10 хонодог “ёсоор” уг асуудал өдийг хүртэл эцэслээгүй. Уг нь 2018 оны аравдугаар сард Чингэлтэй дүүргийн IX хорооны Цагаан байруудыг нурааж, дахин барилгажуулах, оршин суугчдыг түр суурьшуулахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, хотын дарга С.Батболд нарт даалгасан УИХ-ын тогтоол гарсан удаатай. Харамсалтай нь, Чингэлтэй дүүргийн IX хороо, Дэнжийн мянгын Цагаан байрны орчим ганц хүрз шороо ухаж, нэг тоосго өрсөн зүйл алга. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Дэнжийн мянгын Цагаан байрууд ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг удаа дараа гаргасан билээ.

Ташрамд дурдахад, зэргэлдээх X хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын А хэсэгчилсэн талбайг барилгажуулах эрх авсан “Бармон” компани 234 айлын орон сууцын хоёр барилгаа ашиглалтад өгөхөд бэлэн болжээ. Түүнчлэн дараагийн хоёр барилгаа барьж эхэлсэн. Энэ мэтээр нэг дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулах эрх авсан хоёр компанийн ажил газар, тэнгэр шиг зөрүүтэй байна. “Бармон” компани ажлаа 2016 онд эхлүүлж, гурван жилийн дотор дуусгасан бол 2014 онд төсөл хэрэгжүүлэх эрх авсан “Эрэл” компани өнөөдрийг болтол газраа ч чөлөөлөөгүй. Товчхондоо нэг далангийн хоёр эргийн ажил алд, дэлэм зөрүүтэй байгааг тус тойргоос сонгогдсон гишүүд, дүүргийн болон хорооны Засаг дарга, төлөөлөгчдийн хамтын ажиллагаа сул байгаатай холбоотой хэмээн иргэд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)