Цаа бугын тоо толгой жилд 160-170-аар өсөж байна

цаа буга

Зургийг Батзаяа

Монгол орны цаа бугын тоо толгой жил ирэх тусам өссөөр байна. 2018 оны эцсийн тооллогоор 2349-д хүрчээ. Монголын “Улаан ном”, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-нд нэн ховор ангиллаар бүртгэсэн уг амьтан өсөж байгаа нь хоёр шалтгаантай гэдгийг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг дарга Ч.Давааням хэлэв. Тэрбээр “2013 онд Ерөнхийлөгч зарлиг гаргаж, насанд хүрсэн цаатан иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх, 18-аас доош насныханд үүний 50 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн тэтгэмж олгох болсон. Ингэснээр нутгийн иргэдийн амьжиргааны түвшин дээшилж, цаа бугыг хүнсэнд хэрэглэх нь багассан. 

Урьд нь нэг цаатан өрх жилд 2-3 цаа буга хүнсэндээ хэрэглэдэг байсан бол тэтгэмж олгосноос хойш нэгийг л идэж байна. Үүний зэрэгцээ Засгийн газар болон олон улсын малын эрүүл мэндийн байгууллагынхан цаа бугын эмчилгээнд анхаарч, вакцинжуулдаг болсон нь өсөхөд нөлөөлсөн” гэв. Уг нь жилд 150-220 хугаш (цаа бугын төл) мэндэлдэг ч 30 шахам хувь нь чоно, нохойд бариулж, энддэг гэнэ. Тиймээс цаа бугын тоо толгой жилд 160-170-аар өсөж байгаа аж. Далайн түвшнээс 2300-3000 метрийн өндөрт амьдардаг эл амьтны тоо 1950-иад оноос эрс цөөрч, тархац нутаг нь хумигдах болсон бөгөөд өдгөө манай оронд Хөвсгөл аймгийн цөөн хэдэн сумд л бий. 1996 оны тооллогоор Монголд ердөө 200-400 цаа буга байсан тул “Улаан ном”-д оруулжээ.

Ташрамд дурдахад, цаа бугын тоо 2000 давсантай холбогдуулан энэ сарын 16, 17-нд “2000 цааны баяр”-ыг Цагааннуур сумын төвд зохион байгуулах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)