Цаасан уут байгаль орчинд ээлтэй байх уу

Олон улс хуванцраас татгалзаж эхэллээ. Ингэснээр байгаль орчноо аврах боломжтой гэж дэлхий нийтээрээ үзэж байна. Хуванцар хаягдлыг бууруулахад энэ нь эерэг нөлөөтэй байж болох ч байгальд харин илүү хөнөөлтэй байж мэдэх юм. Миний хувьд хуванцар, гялгар уутыг халж, цаасны хэрэглээг өсгөж байгаа нь байгалиа илүү, хурдан сүйтгэж байгаагаас ялгаагүй гэж үздэг. Оросын сэтгүүлч, геологич Константин Ранкс “Republic” сайтад ийнхүү бичжээ. Түүний нийтлэлд хуванцрыг халснаар гарах эерэг ба сөрөг үр дагавруудыг харьцуулсан нь сонирхол татав. Үүнийг товчлон хүргэе.

Загас барих зориулалттай торонд орооцолдсон далайн хав, халим, нийлэг утсанд хоолой нь боогдож, үхэхийн наагуур тарчлан буй яст мэлхий, хэвлийд нь түгжирсэн хуванцар савнуудын улмаас бие засаж чадахгүй болсон заан гээд бид өдөр бүр л зүрх эмтрэм дүрс бичлэг, зургийг интернэтээс харж байна. Өнгөрсөн гуравдугаар сард Филиппиний арлаас олдсон үхсэн халимны ходоодноос 40 кг хуванцар гарчээ. Энэ сарын эхээр Сардинийн эрэгт хаягдсан, үхсэн халимны гэдсэнд 22 кг хуванцар сав, аяга, таваг, сэрээ зэрэг зүйл байсан. Тэр халим хээлтэй байсныг судлааачид онцолсон. Энэ мэтээр хүн төрөлхтний бий болгосон хуванцар ямар их гай дагуулж байгааг дурдаад барахгүй. Тэгэхээр эл хэрэглээгээ халах нь гарцаагүй зөв. Гэвч үүнийг орлуулах зүйл нь цаас байгаа нь харамсалтай.

Гялгар уутыг орлох янз бүрийн тор өнөөдөр худалдаанд элбэг болжээ. Тэдгээрийг мяндас, маалинга, хөвөн, нийлэг утсаар хийжээ. Ингээд л муу хуванцрыг “хөөж”, түүнээс үүдэлтэй асуудлуудыг шийдсэн мэт санагдаж болох ч шинжлэх ухааны судалгаа нь бүх зүйл тийм ч хялбар биш гэдгийг харуулж байна.

Олон улсын эрдэмтэд гялгар уутыг халсан “баатар” торнуудын материалыг судлаад, экологид ээлгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байх юм. Өөрөөр хэлбэл, ялгаагүй гэсэн үг. Тэгэхээр нэг хэрэглээг нөгөөгөөр сольсноор далай, тэнгисийг хуванцраас ангижруулна гэж боддог сэтгэлгээгээ л өөрчлөхгүй бол байдал дээрдэхгүй гэдгийг тэдгээр эрдэмтэн, судлаач онцгойлон тэмдэглэж байна. Хуванцар сав, эд зүйл өөрсдөө далай руу яваад орчихгүй. Тэдгээрийг хүмүүс хаядаг. Бид хог, хаягдлаа ангилж хаягдаггүй, дахин боловсруулдаггүй, аюулгүй болгон шатааж устгадаггүй. Ийм буруу үйлдлээс болж далай, тэнгист хэдэн сая тонн хог хуримтлагдан, амьтад үрэгдэж, байгаль орчин бохирдож байна. Үүнийгээ ухамсарлаж, хүн бүр хог хаягдлаа зохих ёсоор нь “булшилдаг” болчихвол хуванцрыг цаас, даавуугаар орлуулах гэж зүдрэхгүй, байгаль сүйдэхгүй. Хүнсний зориулалттай уут хийх мяндас, маалинга, хөвөн, даавуу үйлдвэрлэхийн тулд асар их хэмжээний ус, цахилгаан зарцуулна. Усны нөөц өнөөдөр дэлхийн хэмжээнд ямар байна вэ. Үүнээс гадна үйлдвэрлэлийн явцад агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл хэр хэмжээтэй хаягдах вэ.

10-аад жилийн өмнө Финландын Байгаль, хүрээлэн буй орчны институтийн мэргэжилтнүүд худалдааны төв, дэлгүүрүүдэд түгээмэл байдаг төрөл бүрийн уутны байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судалсан байдаг. Үүндээ тулгуурлан “Цаасан болон даавуун уут, цүнх, шуудай үйлдвэрлэхийг экологид ээлтэй, ногоон бодлого гэж хэлэхэд төвөгтэй. Олон дахин ашиглах зориулалттай уутнуудыг угаана. Үүний тулд угаалгын нунтгаас эхлээд олон зүйл хэрэгтэй. Тэр болгоныг үйлдвэрлэхэд, угаахад ус, цахилгаан шаардагдана” гэжээ.

Данийн судлаачид финландчуудын дараа буюу есөн жилийн өмнө 14 янзын уут, торны материалыг судалж, хэдэн удаа ашиглагдах болон байгальд шингэж алга болох хугацааг тооцоод мөн л дээрхтэй адил дүгнэлтэд хүрсэн байна. Хамгийн гол нь олон орны судлаачид даавуу үйлдвэрлэлд зарцуулагдах ус, цахилгаан, үүнээс үүдэн агаар мандал дахь хүлэмжийн хий нэмэгдэхийг сануулаад, хуванцрыг халахдаа бус, хог хаягдлаа зөв хаяж, боловсруулахын чухлыг дурдсан байдгийг анхаарах нь зүйтэй болов уу.

Бэлтгэсэн: Э.Хана


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)