Цаасан дээр “өтөлсөн” төслүүд

Төрийн бодлогод залгамж халаа байх ёстой. Тиймээс ч эдийн засгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг баталж, хэрэгжүүлдэг. Харамсалтай нь заах газрын зураг, хүрэх цэгийг нь бодлогоор тодорхойлсон ч замаа олохгүй төөрч будилсан дүр эсгэх нь элбэг. Манай улс уул уурхайн салбараа түшиж хөгжихөөс аргагүй гэдгийг эдийн засагчид хэлдэг. Түүхий эдээ зах зээлд хямд өртгөөр хүргэхэд төмөр зам шаардлагатай.

Тиймээс л Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Гэвч царигийн маргаан үргэлжлэн, барьсан далан нь овоолго болон хоцорлоо. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох талаар 10 гаруй жил яриад ажил болгож чадсангүй. “Тавдугаар ДЦС” төслийн анхны ТЭЗҮ бараг надтай нас чацуу биз. Төмөр зам, дулааны цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр зэрэг ач холбогдолтой төсөл ийнхүү цаасан дээрээ “өтөлж” байхад, цаг хугацаа, мөнгө урссаар буй нь хайран.

Шинэ төмөр зам төсөл. “Хэрэв төмөр замтай байсан бол” хэмээн ярихыг олон удаа сонсож байлаа. Харамсалтай нь алдагдсан боломжийн өртгийг тооцож болохоос биш, нөхөж чадахгүй. Одоогийн байдлаар Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл нүүрс тээвэрлэхэд 15 орчим ам.долларын зардал гарч байна. Хэрэв төмөр замтай байсан бол тн тутмаас 10-ыг хэмнэх боломж бий.

Энэ оны наймдугаар сарын байдлаар манай улс 13 сая тн нүүрс экспортолжээ. Үүнийг төмөр замаар тээвэрлэсэн бол 130 сая ам.доллар нэмж олох байв. Ер нь төмөр зам нь авто тээврээс өртөг багатай, байгаль орчинд хор хөнөөлгүй, даац ихтэй. Тиймээс л Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталж, шинэ төмөр замын барилгын ажлыг 2013 онд эхлүүлсэн юм.

Одоогоор төмөр замын ажилд нийт 200 сая ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд барилгын ажил нь 70 орчим хувьтай яваа гэсэн мэдээ бий. “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Түмэнбаяр “Төмөр замын даланг яаралтай сэргээн засварлахгүй бол эвдэрч, сүйдэхэд ойрхон байна” хэмээн ярьсан юм. Төр олон улсын зах зээлээс босгосон бондын 200 сая ам.доллар ийнхүү овоолсон шороо болох нь.

“Тавдугаар ДЦС” төсөл. Манай улсын эрчим хүчний жилийн хэрэглээ 800 орчим мВт. Бид үүнийхээ зарим хэсгийг ОХУ, БНХАУ-аас импортолж байгаа. “Ньюком” компанийн барьсан Салхитын салхин цахилгаан станцыг эс тооцвол эрчим хүчний хамгийн залуу эх үүсвэр нь 40 жилийн настай. Тиймээс эрчим хүч, дулааны өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд шинэ дулааны цахилгаан станцтай болох хэрэгтэй.

“ДЦС-V” төслийг сүүлийн 10 Засгийн газар дамжуулан ярьж, байршлыг нь 10-аас ч олон удаа өөрчиллөө. Хамгийн сүүлд нийслэлийн баруун талд Хөлийн голын хөндийд барихаар тогтож, барилгын ажлыг нь юу юугүй эхлүүлэхээр байсан ч бас л гацав. Сүүлдээ “ДЦС-V”-ыг барихаа болиод “ДЦС-III”-ыг өргөтгөе” гэх нь тэр.

Одоогийн байдлаар “ДЦС-V”-ын хувь заяа хэрхэх нь тодорхой болоогүй ч “ДЦС-III”-ыг өргөтгөе гэсэн байр суурь нэлээд хүчтэй байгаа аж. Хэрэв тийм бол анхнаасаа яах гэж шинэ цахилгаан станц барих гэж бөөн ажил болсон юм бол. Энэ хооронд тооцоо судалгаа, олон гэрээ хэлцэл хийж өчнөөн цаг мөнгө зарлагадлаа. Эцэст нь “ДЦС-V”-ыг барихаа болилоо” гэхээр дэд бүтцийн томоохон төслүүдийг дахин санхүүжүүлнэ гэж манайд ирэх хөрөнгө оруулагч олдох уу.

Малын удмын сангийн цогцолбор. Манай улс мал аж ахуйн орон. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 65 сая толгой малтай байна. Үүнийг хонин толгойд шилжүүлбэл 80 гаруй сая болно. Өөрөөр хэлбэл, нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлж буй юм. Харамсалтай нь тоо нь хэд дахин өссөн ч чанар, ашиг шим дээшилсэнгүй. Эдийн засагч Д.Бумчимэг, Д.Эрдэнэбулган нарын судалгаагаар 1989 онд нэг малаас 37.5 мянган төгрөгийн нэмүү өртөг бий болж байсан бол 2014 оны байдлаар энэ үзүүлэлт ердөө 37.6 мянга болжээ.

Өнгөрсөн 26 жилийн хугацаанд монгол малын ашиг шим 100-хан төгрөгөөр л дээшилсэн. Монгол хонины гулууз дунджаар 16-17 кг татаж байхад Австралийнх үүнээс 30-40 хувиар илүү байна. Мөн монгол үхрийн гулууз дунджаар 120-130 кг жинтэй байхад Канадад үүнээс гурав дахин их буюу 380 орчим кг болдог гэнэ. Мөн Г.Ганбатын судалгаагаар монгол ноолуурын диаметр нь 16-16.8 мкм бол Хятадад 15.6 мкм байгаа аж. Ноолуурын чанар Хятад зэрэг орныхоос муу байгаа учир зах зээлд 30 орчим хувиар доогуур үнэлэгддэг. Үүнээс гадна хонины нэхийн хөрс нимгэрч, үсний ширхэг бүдүүрэн үнэлгээ нь буурч байна.

Монгол малын бие давжааран, гарц нь муудаж байгаа нь малын удмын санг хамгаалах, ашиг шимийг нь өсгөх ажлыг орхигдуулсантай холбоотой гэж эрдэмтэд хэлдэг. Тиймээс малын удмын сангийн цогцолбор байгуулж, нийгэм солигдох үед нурж унасан системийг сэргээхээр шийдсэн. Уг нь энэ цогцолборын шавыг аль 2011 онд тавьсан гэдэг. Энэ төслийг хэрэгжүүлснээр байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон малын удмын санг хамгаалах, цөм сүргийн гарваль, ашиг шимийг өсгөх, биотехнологи, генийн аргаар донор сүрэг бий болгох, малд зохиомол хээлтүүлэг хийх, үр хөврөл үйлдвэрлэх, шилжүүлэн суулгах боломж бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл, энэ цогцолбор ашиглалтад орсноор монгол мал эрүүлжиж, цус сэлбэн, ашиг шим нь ч нэмэгдэх аж. Уг төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2013 оноос эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 11.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Харамсалтай нь одоо хүртэл ашиглалтад ороогүй бөгөөд дахин гурав орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэнэ. Мөн санхүүжилтээс болж жил гаруйн хугацаанд ажил нь зогсчээ.

Сайншандын аж үйлдвэрийн парк. Хэлсэн үг нь хэрэгжсэн бол Сайншандын аж үйлдвэрийн парк ирэх онд ашиглалтад орж, дарга нар тууз хайчлахаар байв. Мөн таван сая тн ган хайлуулж, 10 мянган ажлын байр бий болгон, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг одоогийнхоос гурав дахин тэлэн, 10 мянган ам.долларт хүргэх ёстой. Даанч ийм сайхан үлгэрийг зөвхөн уншиж, сонсох л хувьтай байж.

Уг төслийн зөвхөн зөвлөх үйлчилгээнд манай улс 2.4 сая ам.доллар төлсөн байдаг. Энэ хүрээнд кокс, химийн, зэс хайлуулах, төмрийн хүдрийн хорголж бэлтгэх, нүүрс баяжуулах үйлдвэрээс гадна цахилгаан станц, бусад дэд бүтцийг барьж байгуулахаар ТЭЗҮ-д тусгасан. Эднийхээ ядаж нэгийг нь барьсан бол Монголын эдийн засаг нэлээд хувиар өсөх байлаа.

Энэ мэтчилэн Монголын эдийн засгийг тэтгэж, монгол хүний аж амьдралыг дээшлүүлэх олон төсөл эхэлжээ. Эдгээр төсөлд оруулсан нийт мөнгийг тооцвол хэдэн зуун тэрбум төгрөг болно. Тиймээс төсөл эхлүүлсэн бол ард нь гардаг байя, чадахгүй бол цаг, мөнгө үрмээргүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)