Цаасан дээр сүрьеэтэй тэмцсээр байх уу

Монголчууд ханиад, томуу тусдаг шигээ сүрьеэг ч байх ёстой мэтээр бодож, тоохоо болиод уджээ. Жил бүрийн ганцхан өдөр ийм өвчтэй хүмүүс Монголд байдгийг “танилцуулж”, тэдний эмчилгээ, үйлчилгээ, ар гэрийнхэнд нь тохиолдож буй хүндрэл, бэрхшээлийг ярьдаг. Тэр нь өнөөдөр тохиож байна. Тодруулбал, дэлхий нийтээр гуравдугаар сарын 24-нийг Сүрьеэтэй тэмцэх өдөр хэмээн зарлаж, 1982 оноос жил бүр тэмдэглэж ирэв. Манай улс ч гэсэн өвчтэй хүмүүсээ анхаарч эхэлсэн нь 1994 он. Жилд оношлогддог өвчтөний тоо хэдийгээр харанга дэлдэх хэмжээнд хүрсэн ч 2010 оноос хойш өвчлөл тогтвортой буурсан сайн мэдээ дуулгая. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаагаар 10 000 хүн тутамд сүрьеэгийн тархалт 2010 онд 15.4 байсан бол энэ тоо аажмаар цөөрсөөр, өнгөрсөн жил 11.2 болжээ.

2015 онд улсын хэмжээнд сүрьеэгийн 4270 тохиолдол бүртгэгдсэн бол 2018 онд 3498 болж буурсан байна. Харин өнгөрсөн жил сүрьеэтэй 3624 хүн оношлогдож, өмнөх оныхоос бага зэрэг нэмэгджээ. Өвчлөгсдийн тоо жил тутамд 220 орчмоор цөөрч буй нь сайн ч салбарын хэмжээнд санаа зовоосон асуудал мундахгүйг албаныхан хэлсэн. Нянгийн гаралтай, агаар дуслын замаар халдварладаг уг эмгэг хүний бүх эрхтнийг гэмтээх эрсдэлтэй, нийт тохиолдлын 70 хувь нь уушгинд “үүрээ засдаг”. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн олонх нь өвчлөхгүй, насан туршдаа нян тээж, сул дорой биетэй өөр нэгэнд тараадаг аж. Судлаачдын тогтоосноор нян тээгчдийн 10 хувь нь л хүндээр өвддөг байна. Урьдчилан сэргийлж, эдгэрдэг эл өвчнөөр харамсалтай нь манай улс жил бүр олон зуун иргэнээ алдаж, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болтол ужгируулжээ.

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг манайхан өнөө жил “Сүрьеэг устгах цаг нь боллоо” уриан доор тэмдэглэж байна. Мэргэжлийн байгууллагууд уламжлал ёсоор өвчний тархалтын тоо баримтыг дэлгэж, ирээдүйд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөгөө хэлэлц-сээр. Өнгөрсөн жил дээрх өдрийг “Сүрьеэг устгах цаг нь болсон” уриатайгаар тэмдэглэж, үүний хүрээнд Засгийн газрын хөрөнгө оруулалтыг үе шаттай нэмэгдүүлж, анагаах санхүүжилтийг энэ он гэхэд 80 хувьд хүргэх зорилт тавьсан. Түүнчлэн 2019-2022 онд өвчнийг эрт илрүүлэх, иргэдийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах төлөвлөгөө боловсруулснаа ч мэдээлж байв. Гэвч эдгээр зорилтыг өнөө хэр хөрсөнд буулгаагүй л байна.

Албаныхныг сүрьеэтэй цаасан дээр тэмцэж байх зуурт өвчин “зүсээ хувилган”, эм бэлдмэлүүдэд улам тэсвэржиж, эмчлэх зардал нь ч талийж өгөв. Хүний бие махбод сүрьеэгийн нянгийн эсрэг гол хоёр эмд эдгэрэхээ байвал өвчин хүндэрсэн гэж үздэг байна. Эдүгээ эмд мэдрэг сүрьеэтэй нэг өвчтөний эмчилгээний зардал 1300 орчим, олон эмд тэсвэртэйгийнх нь дундаж өртөг 7200 ам.долларт хүрчээ. Сүрьеэгийн эхний шатанд тусламж, үйлчилгээ үзүүлээгүй, хяналтгүй эмчилсэн, эмийг зохисгүй болон гүйцэт хэрэглээгүйгээс өвчин ийнхүү тэсвэржиж, бугшдаг гэнэ. 2018 онд улсын хэмжээнд олон эмд тэсвэртэй сүрьеэтэй нийт 2645 хүн бүртгэснээс 373 нь эмчилгээ хийлгэж амжилгүй, нас барсан жишээг мартаж болохгүй.

Тандалт судалгааны аргачлалаар өнгөрсөн онд “Сүрьеэтэй 14 000 хүнийг илрүүлнэ” гэж албаныхан тооцсон ч нийт тохиолдлынхоо 30 хувийг л “барьж” авчээ. Эдгээрээс гадна хүүхдийн сүрьеэ сүүлийн жилүүдэд нэмэгдэж, 2019 онд 429 тохиолдлыг бүртгэснээс 113 нь 0-4 насныхан байж. Гэсэн ч манай улс энэ насныхны сүрьеэг оношлох чадавх сул хэвээр байгаа нь өвчнийг хүндрүүлэх шалтгаан болж буйг Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийнхний “Баримтын цомог” судалгаанд дурджээ. Сүрьеэгийн тархалтыг хумьж чадахгүй байгаа тэргүүн шалтгаануудад эрүүл мэндийн салбарын оношилгооны чадавх сул, өвчнөөс урьдчилан сэргийлэх иргэдийн мэдлэг, мэдээлэл муу, илрүүлсэн өвчтөнүүдээ эмчилгээнд бүрэн хамруулдаггүй, хүн амын хэт төвлөрөл, ядуурал зэрэг багтсаныг дээрх судалгаанд онцолсон байна.

Нийслэлд гэхэд 2019 онд нийт өвчтөний найман хувь нь эмчилгээгээ тасалсан, мөн хувьд нь эмчилгээ хийсэн ч үр дүн гараагүй байна. Сүрьеэгийн халдвар 3-6 сард хамгийн их бүртгэгддэг бөгөөд энэ нь бусад сарынхаасаа 1.4 дахин олон, эрчүүд түлхүү өвчилж буй аж. Нийт халдвар авагчийн 13 хувийг 20-24 насныхан эзэлж буй нь бусад насныхныг бодвол хамгийн өндөр үзүүлэлт аж. Энэ мэт шалтгаанаас болж “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн 2020 оны зорилт биелээгүйг Үндэсний статистикийн хорооныхон судлан гаргажээ. Өөрөөр хэлбэл, өвчний тархалт, нас баралтыг зорьсон түвшинд хүртлээ цөөлж чадаагүй гэсэн үг.

Сүрьеэ эдгэрдэг ч удаан хугацааны эмчилгээ, үйлчилгээ шаарддаг. Манай эмч нар эмчилгээний хоногийг богиносгох үр дүнтэй арга нэвтрүүлсэн ч өвчний хүндрэл их байгаа тул 6-18 сар шаардсан хэвээр. Тиймдээ ч өвчтөн, түүний ар гэрийнхэнд энэ нь хүнд тусаж, ажлаа алдах, санхүүгийн дарамтад орох зэрэг асуудалтай тулгарсаар байна. 2019 онд гэхэд өвчтөнүүдийн 39 хувь нь зээл авсан, 45.5 хувь нь ажилгүй болсон, 70 хувь нь санхүүгийн дарамтад өртжээ. Эдгээр хүндрэл, бэрхшээлээс болж өвчтөнүүд эмчилгээгээ таслах, халдвараа бусдад тараах эрсдэл нэмэгдсээр байгаа аж.

Тиймээс Засгийн газар, хандивлагч байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэн зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, өвчинтэй “дайтах” цаг болсныг Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийнхэн хэлсэн. Тэд улс орнуудын сүрьеэгээс сэргийлэх арга, эмчилгээний туршлага, баримталж буй чиг хандлага, улсынхаа бодлогын хэрэгжилт, сүүлийн жилүүдийн тархалтын судалгааг үндэслэн, өвчнийг бууруулах дараах санал дэвшүүллээ. Уг өвчний тархалт хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, улс үндэстний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүйг хүлээн зөвшөөрч, төр, засгаас эрт илрүүлэх бодлого баримталж, халдвар авсан нь тогтоогдсон хүн бүрийг эмчилгээнд хамруулах шаардлагатайг онцолсон. Мөн эмчилгээ, оношилгооны шинэ технологи нэвтрүүлэх, эмд тэсвэртэй сүрьеэд зарцуулах улсын төсвийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, бүх шатны барилга, байшингийн агааржуулалтыг сайжруулах, эмнэлгийн халдвар, хяналтын тогтолцоог бэхжүүлэх, хүүхэд, өндөр настнуудын халдварыг илрүүлэхэд анхаарах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхгүйгээр өвчний тархалтыг хумих боломжгүй гэв.

Жил бүр 3-4 мянган хүн сүрьеэтэй нь оношлогдож, өвчлөл дорвитой буурахгүй байгаа өөр нэг шалтгаан нь гадна агаарын бохирдол, бэлгийн замын халдварт өвчин, элэгний үрэвсэл, чихрийн шижин нэмэгдсэнтэй холбоотой аж. Манай улс хүүхдийн болон эмд мэдрэг сүрьеэтэй өвчтөнүүдийнхээ эмчилгээний зардлыг хариуцдаг бол олон эмд тэсвэртэйгийнх нь эмийн үнийн 80 хувийг олон улсын байгууллагын тусламжаар бүрдүүлдэг. Тухайлбал, “Глобал” сан 2003 оноос хойш сүрьеэгийн эсрэг 40 орчим сая ам.долларын тусламж үзүүлжээ. Цаашид төсөл, хөтөлбөрөө үргэлжлүүлэх болсноо зарласан нь олзуурхууштай. Гэсэн ч сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, илрүүлэх чадавхыг сайжруулах, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх зэрэгт төр, засгаас багагүй санхүүжилт шаардагдсаар байгааг эрх баригчид анхааралдаа авна биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)