Цаазын ялыг сэргээхэд Цэц туслах уу

Үндсэн хуулийн 10.3-т “Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээгээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн хэрнээ 10.4-т “Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” хэмээн заасан байдаг. “Уг заалтыг Үндсэн хуульд оруулсандаа санаа зовж явдаг” гэж Улсын бага хурлын гишүүн асан, иргэн Д.Ламжав хэлээд доорх түүхийг ярьсан юм.

ЯС ХАВТАЙЛГАСАН ЗААЛТ

1991 онд Үндсэн хуулийн төслийг Улсын бага хурлаар хэлэлцэж, гишүүд “Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээгээ шударгаар сахин биелүүлнэ” хэмээх заалтын талаар байр сууриа илэрхийлж байв. Олон улсын харилцааны сургууль төгссөн нэг нь “Манжийн эрхшээлээс гарч тусгаар улсаа бэхжүүлэх гэж байхад Хятад, Орос хоёр Гадаад Монголыг автономит эрхтэй, завсрын бүс болгохоор хэлэлцэн, тохирсон. Хиагт хотод есөн сар гаруй үргэлжилж, 1915 оны зургадугаар сард дууссан Орос, Монгол, Хятад гурван улсын гэрээгээр Гадаад Монголыг Дундад иргэн улсын эзэн эрхийн дор орших автономит улс, Орос улсын ивээл хамгааллын нутаг хэмээн тохирсноо Монголд тулган хүлээлгэсэн. Ингэхдээ Монголын төлөөлөгчдийг шахалтад оруулах янз бүрийн арга хэрэглэсэн. Том улсууд манайх шиг жижиг буурай оронд бодлогоо ингэж тулгадаг. Олон улсын гэрээ нэрийн дор ийм юм болбол яах вэ” гэж. Үнэхээр ийм зүйл болбол яах вэ гэсэн болгоомжлол хүн бүрт төрж, үүнээс хэрхэн хамгаалах талаар дор бүртээ тархиа гашилгаж байгаад мэргэн санаа олсон нь “Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалт оруулах байлаа. Улс орныхоо аюулгүй байдалд сэтгэлээ чилээж, гарц хайсан тэднийг буруутгах аргагүй. Гэвч хэрэндээ л мэргэн санаа олж, тусгаар тогтнол, аюулгүй байдалдаа хамгаалалт хийчихлээ гэж үзсэн дээрх заалт үнэндээ ямар ч хэрэггүй байсан төдийгүй одоо энэ заалтыг харах бүрт яс нь хавтайж, ичиж суудаг талаараа иргэн Д.Ламжав хуучилсан. 

...ҮХЦ үүнийг мэдсээр байж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг хүчингүй болгуулах иргэдийн гомдлыг хэрэгсэхгүй буцаахын оронд маргаан үүсгэсэн нь гайхаш төрүүлж буй юм. ҮХЦ хуулийг хүчингүй болгохоор шийдсэн ч Монгол Улс уг протоколоос гарч чадахгүй...

Учир нь Үндсэн хууль батлагдахаас өмнө, 1988 оны дөрөвдүгээр сард Монгол Улс Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцод нэгдчихсэн байв. “Улс гэрээг сахин биелүүлээгүйгээ зөвтгөхийн тулд дотоодын эрх зүйн актаас эш татаж болохгүй” гэсэн хязгаарлалтаас эхлээд “Улсын төлөөлөгчийг айлган сүрдүүлэх, хахуульдах замаар гэрээ байгуулсан бол уг гэрээг дагаж мөрдөхгүй” гэсэн хамгаалалт хүртэл, олон улсын гэрээтэй холбоотой бүхий л харилцааг уг конвенцоор зохицуулдгийг манайхан тэр үед мэддэггүй байж. Тэгээд л “Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн асар бүдүүлэг, Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцтой зөрчилдсөн заалтыг өчнөөн асуудал үүсгэн байж Үндсэн хуульдаа оруулсан хэрэг.

Харин одоо цаг өөр болсон. Жижиг буурай орныг олон улсын тавцан дээр хамгаалах олон заалт уг конвенцод бийг манайхан уншиж, мэдсэн. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах далимдаа ичээж, улайлгаад байдаг заалтаа эргэлзэх зүйлгүйгээр аваад хаячихад болохгүй зүйл үгүй баймаар. Гэвч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд ирүүлсэн олон санал дунд ийм санал одоогоор байхгүй гэх.

ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХИЙН ТУЛД ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙТЭЙ “ДАЙН” ЗАРЛАХ ГЭЖ ҮҮ

Харин ч Үндсэн хуулийн хамгийн бүдүүлэг нь байж болох уг заалтыг ашиглан бүр илүү ичгэвтэр зүйл хийхээр оролдож буй гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, нэр бүхий иргэд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг хүчингүй болгуулахын тулд дээрх заалтыг үндэслэл болгон ҮХЦ-д хандаад буй аж. Өөрөөр хэлбэл, цаазаар авах ялыг сэргээх Ерөнхийлөгчийн зорилгод нэг шат ойртохын тулд ҮХЦ-д гомдол гаргагчид “Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалтыг үндэслэл болгон дурджээ. Үүнд нь ҮХЦ маргаан үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг ҮХЦ авч хэлэлцэнэ гэсэн үг.

Уг протоколд нэгдэн орсон бол гарах гарцгүй. Энэ нь манайхан хуулийнхаа амин сүнс болох заалтыг “мартаж” орхиод баталчихдагтай адилгүй. Төр нь иргэнээ цаазаар авч, хүний амьд явах заяамал эрхийг зөрчдөг харгис явдлыг таслан зогсоохын тулд, протоколд нэгэнт нэгдсэн улсыг шийдвэрээс нь буцаахгүйн үүднээс гарах механизм зориудаар хийгээгүй гэдэг.

Ерөнхийлөгчийг энэ асуудлыг ярьж эхлэх үед ХЗДХЯ-наас ажлын хэсэг байгуулан, цаазаар авах ялыг сэргээх хууль зүйн үндэслэл бий, эсэхийг судлаад, ажлын хэсгийнхний 100 хувийн саналаар “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколоос гарах боломжгүй. Эндээс гарах хууль зүйн ямар нэгэн гарц байхгүй” гэсэн дүгнэлтэд хүрч, үүнийгээ Засгийн газарт хүргүүлсэн удаатай.

ҮХЦ үүнийг мэдсээр байж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг хүчингүй болгуулах иргэдийн гомдлыг хэрэгсэхгүй буцаахын оронд маргаан үүсгэсэн нь гайхаш төрүүлж буй юм. ҮХЦ хуулийг хүчингүй болгохоор шийдсэн ч Монгол Улс уг протоколоос гарч чадахгүй. ҮХЦ-ээр шийдвэр гаргуулж, түүгээрээ бамбай хийж байгаад цаазаар авах ялыг сэргээлээ гэхэд Монгол Улс олон улсын гэрээг зөрчсөн хэргээс нэр цэвэр мултрахгүй.

Ингэн байж цаазаар авах ялыг сэргээснээр ямар сөрөг үр дүн дагуулахыг таамаглаж ядах зүйлгүй. Хамгийн наад зах нь, манайх шиг жижиг улс олон улсын эрх зүйтэй “чулуугаар байлдаж” тоглосноор “хүмүүжилгүй, танхай” орны тоонд орж, нэр хүнд, байр суурь нь доошилно. Харин нөгөө талд нь ямар эерэг нөлөө гарч, улс орны байдал юугаараа сайжрах вэ гэсэн асуулт ямар ч хариултгүй үлддэг юм.

Цаазаар авах ялыг халахын тулд туулсан зам

1992: Үндсэн хуулийн 16.1-д “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэсэн заалт оруулав. Энэ үеэр цаазын ялыг ирээдүйд халах нь зүйтэй гэсэн үзэл баримтлалд гишүүд санал нэгдсэн гэдэг.

2000-2004 оны парламент Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр баталж, үүндээ цаазаар авах ялыг ирээдүйд хална гэсэн заалтыг тодорхой тусгасан.

2008-2012 оны парламент Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд нэгдсэн. Энэ үед Ерөнхийлөгч цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн.

2012-2016 оны парламент Эрүүгийн хуулийг шинэчлэхдээ цаазаар авах ялыг бүрмөсөн халсан.

Бэлтгэсэн: А.Амина


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)