Цаазаар авах ял оноох нь эрс цөөрчээ

Манай гарагт өнгөрсөн онд 690 хүн цаазалсан нь сүүлийн 10 жилийн хамгийн бага үзүүлэлт болсныг “Amnesty international” төрийн бус байгууллагаас мэдээллээ. Уг үзүүлэлт 2017 онд 993 байжээ. “Харгис, хүнлэг бус энэ шийтгэлийг халахын тулд дэлхий даяар цаазаар авах ялыг гүйцэтгэх нь тодорхой хэмжээгээр багасаж буйг өнгөрсөн оны тоо баримт харуулж байна” гэж тус байгууллагаас бэлтгэсэн илтгэлд дурдсан байна. Эл байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Куми Найдугийн тэмдэглэснээр тухайлбал, цаазаар авах ял оноодог Иранд мансууруулах бодистой тэмцэх хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа ийм шийтгэлийн тоо 50 хувиар буурчээ. Ирак, Пакистан, Сомалид ч мөн адил цаазаар авах ял оноох нь эрс цөөрсөн гэнэ.

Харин Беларусь (дөрөв), Сингапур (13), АНУ (25), Өмнөд Суданд (долоо) хуулийн дээд хэмжээ оноох нь нэмэгдсэн бол Японд сүүлийн жилүүдэд хамгийн олон буюу 15 хүнд ийм ял шийтгэсэн байна. Бас Тайланд улс 2009 оноос хойш анх удаа цаазаар авах ялыг гүйцэтгэсэн байна. “Өнөө болтол цаазаар авах ял хэрэглэж буй бүх оронд ийм жигшмээр шийтгэлээс шийдвэртэй, нэн даруй татгалзахыг уриалж байна” гэж Куми Найду уриалжээ.

“Amnesty International” байгууллагын илтгэлээс үзвэл ял шийтгэж, цаазалсан тоогоор манай урд хөрш жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна. Улсын нууцад тооцогддог учраас хэчнээн хүн цаазалсан нь тодорхойгүй. Гэсэн ч тус улсад жил бүр хэдэн мянган хүнийг хуулийн дээд хэмжээгээр шийтгэж, олон мянган хүн цаазалдаг. Өнгөрсөн онд цаазалсан хүний тоогоор Хятадын дараа Иран (253), Саудын Араб (149), Вьетнам (85), Ирак (52) оржээ.

Баримтаас үзвэл, өнгөрсөн онд зарим оронд цаазаар авах ял оноох нь эрс нэмэгдсэн байна. Тодруулбал, Иракт тийм ял шийтгүүлсэн хүний тоо 2017 онд 65 байсан нь өнгөрсөн онд бараг дөрөв дахин нэмэгдэж, 217 болжээ. Египетэд 2018 онд уг үзүүлэлт өмнөх жилийнхээс 75 хувиар нэмэгдэж, 717 болсон байна. Тус улс 2017 онд 402 хүнд цаазаар авах ял оноосон аж.

БНАСАУ-ын хүн цаазалсан хэвээр байгаа ч тоо баримт гаргах боломжгүй байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)