Х.Өсөхбаяр: Би ялагдлыг ялалт болгоно гэж боддог

Х.Өсөхбаяр таеквондо

Монголын хүүхдийн спортын VI их наадам Улаанбаатар хотод энэ сарын 7-15-нд болж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн тамирчид спортын 34 төрлөөр өрсөлдөн, аваргаа тодруулсан билээ. Тус наадмын таеквондогийн тэмцээнд Говь-Алтай аймгийн I сургуулийн 10в ангийн сурагч, “Алтайн барс” клубийн тамирчин Х.Өсөхбаяр оролцож, хүрэл медаль хүртэв.

-Хүүхдийн спортын VI их наадмын таеквондогийн тэмцээнд танай клубийн тамирчид хэр амжилттай оролцов?

-Миний хувьд хүүхдийн спортын их наадамд анх удаа оролцлоо. Дөрвөн жилд нэг удаа болдог наадамд туршлагатай тамирчид иржээ. Багаараа оролцож, амжилт гаргадаг спортын нэг бол таеквондо. Манай клубээс таван тамирчин өрсөлдсөнөөс би хүрэл медаль хүртсэн. Таеквондогоор тууштай хичээллэвэл амжилт гаргах боломжтойг үеийнхээ тамирчдаас олж харлаа.

-Тулааны төрөлд багтдаг эл спортод сэтгэл хэрхэн татагдаж байснаа яриач?

-Намайг найз маань энэ спорт луу урвуулсан. Түүний бэлтгэл хийхийг хараад хичээллэх сонирхол өөрийн эрхгүй төрсөн юм. Гэрийнхэн минь дуртай байгаагүй ч амжилт гаргаж эхлэх үеэс дэмждэг болсон. Одоо тэд миний улаан фэн болсон шүү дээ.

-“Спортын тэмцээнд найз байдаггүй” гэдэг үг бий. Дэвжээнд найзынхаа өрсөлдөгч болсон тохиолдол байдаг уу?

-Энэ спортын наадамд найзтайгаа нэг жинд өрсөлдсөн. Хамт бэлтгэл, сургуулилалт хийдэг болохоор найз маань миний арга барилыг мэднэ. Өмнө нь үзэгчдийн суудлаас өндөлзөөд “Өсөх өө, одоо ингэ, тэг” гээд дэмждэг байсан андтайгаа нэг дэвжээнд өрсөлдөнө гэж үнэхээр бодоогүй. Бид энгийн үед сайхан нөхөрлөдөг. Тамирчин хүн ямар ч тэмцээнд ялна гэж оролцдог. Дэвжээнд бид тийм л бодолтой гарсан. Найз маань тэмцээний дараа “Чи бэлтгэл сайн базаажээ. Би өшиглөхөөс чинь бултаж чадахгүй хэдэн удаа уналаа” гэсэн. Түүнтэй мөнгөн медалийн төлөө тоглоод хожигдсон юм. Арваннэгдүгээр сард “Ирээдүйн одод” тэмцээн болно. Тэр үед бэлтгэлээ сайн базаагаад ялах бодол бий.

-Медалиудынхаа өнгийг хувиргаж, тоог нь нэмсэн үү?

-Тавдугаар ангид байхдаа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд анх оролцож, хүрэл медаль хүртчихээд урам авсан. Дараа жил нь БНСУ-ын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Монголд ирж, тэмцээнд зохион байгуулахад оролцоод, хожигдсон. Ялагдал маань надад сургамж болж, хойшдоо хожигдохгүй байхыг үргэлж сануулдаг. Тэмцээнд оролцох тусам туршлагажиж, ялагдлыг ялалт болгоно гэж боддог болсон. 

2016 онд Казахстанд болсон тэмцээнээс хүрэл медаль хүртэж, үргэлжлүүлээд УАШТ-д оролцон мөн л хүрэл медаль хүртэв. УАШТ-тэй зэрэгцээд “Ирээдүйн одод” тэмцээн болоход мөн оролцож, мөнгөн медаль хүртсэн. Тэр жил миний хувьд медалийн хуртай байлаа. Гэртээ хос медальтай ирж, аав ээжийгээ баярлуулсан. Би УАШТ-ээс таван алтан медальтай.

-Тулааны спорт хэцүү. Өөрийгөө ялж сурч байж, дараа нь амжилтын тухай ярьдаг.

-Спортод өөрийн гэсэн баримтлах зарчим бий. Таеквондо хүнийг сэтгэл зүй, бие бялдрын хувьд тэсвэр хатуужилтай болгодог. Таеквондогоор хичээллэсэн тамирчин зөв хандлагатай болж төлөвшинө. Энэ спортоор хичээллэснээр өөрийгөө ялж сурсан. Ялагдсан ч гутрахгүй, ялсан ч баярлахгүй тайван, хүлээцтэй байдаг. Манай клуб Бямбацогт, Шаравнямбуу гэдэг хоёр дасгалжуулагчтай. Намайг тэмцээнд хожигдож, сэтгэлээр унасан үед Бямбацогт багш “Тэмцээн нэгээр дуусахгүй. Олон тэмцээн хүлээж байна. Хожихын төлөө хичээ, өрсөлдөгчөөсөө суралц, хэрэгтэй зүйлээ сайн хар” гэж зөвлөдөг. 

Таеквондогоор хичээллэдэг ах тамирчдаас бид байнга суралцдаг. Тэдэнтэй бэлтгэл хийхэд эхэндээ тэвчээр шалгасан асуудалтай тулгардаг байлаа. Тэр үед “Миний үе ирнэ” гэж бодож, бэлтгэлээ үргэлжлүүлдэг байв. Хааяа тэднээс үг сонсох сайхан. Бидэнд “Та нар дэвжээн дээр зөв ёсолж сур. Тамирчин болох замнал үүнээс эхэлнэ. Тулаанд өрсөлдөгчөө мэдэрч, хариу үйлдэл хий. Өөрт байгаа бүхнээ гаргаж, дайчин тоглох хэрэгтэй” гэж хэлдэг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)