Х.ЯДАМ: Баярласан шокноосоо гарч чадаагүй л явна

“The voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын төгсгөлийн шат өнгөрсөн ням гарагт болж, ялагчаар Х.Ядам тодорсон. 5000 гаруй оролцогчтой өрсөлдөж, үзэгчдийн ирүүлсэн саналын 58 хувийг авч тэргүүлснээр тэрбээр уран бүтээлийн гэрээ байгуулна. Мөн Францын алдарт “Renault” брэндийн “Kaptur” загварын автомашины эзэн болсон юм.

-Хүүхэд насаа хаана, хэрхэн өнгөрүүлсэн бэ?

-Би Эрдэнэтэд төрж, өссөн.

-Хэзээнээс дуулж эхлэв?

-Багаасаа л дуулах дуртай хүү байсан. Эрдэнэтэд зохион байгуулдаг “Яргуй” урлагийн наадамд оролцдог байлаа.

-Яагаад “The voice of Mongolia” шоунд оролцохоор шийдэв?

-Яг үнэнээ хэлэхэд би одоо төгсөх дамжааны оюутан. Сургалтын төлбөртөө нэмэр болгох гэж ажил хийдэг. Ажлаа хийж явахдаа санаандгүй тохиолдлоор энэ шоуны бүртгэл явагдаж байгааг мэдсэн юм. Тэгээд л оролцоод үзье, өөрийгөө сорьё гэж бодсон.

-Ямар мэргэжилтэй болохоор суралцаж байгаа юм бэ?

-Авто замын зургийн инженер болно. Монгол Улсынхаа хөгжил, бүтээн байгуулалтад оролцох онцгой мэргэжил гэж боддог. Гэхдээ дуу хөгжмөөс хэзээ ч холдож чадахгүй юм билээ.

мар ч уралдаанд оролцогч түрүүлэх зорилготой л өрсөлддөг шүү дээ. Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?

-Түрүүлэх тухай бодоогүй ээ. Хамгийн сайнаараа хичээхийг л эрмэлзсэн.

-Яагаад Д.Болд шүүгчийг сонгосон юм бэ?

-Эхний шатны шатны шалгаруулалтад оролцохдоо өөртөө тийм ч итгэлтэй байгаагүй. Гэтэл дөрвөн шүүгч суудлаа эргүүлсэн. Тэгээд болоогүй Д.Болд шүүгч зүүлтээ бэлэглэхэд их баярласан.

Бас бэлгэшээсэн. Ер нь би амьдралдаа хоёр том сонголт хийсний нэг нь “The voice of Mongolia” шоунд оролцож, Д.Болд шүүгчийн багт багтсан явдал.

-Төрийн шагналт, дуучин Д.Болд, түүний толгойлдог В продакшнаас чанартай уран бүтээлчид “төрдөг”. Та түүнээс ямар үлгэр дуурайл авч байна вэ?

-Д.Болд шүүгч урлагийн хүнд байх ёстой эрхэм зан чанаруудыг цогцлоосон хүн. Ялангуяа аливаад тууштай байх, уран бүтээлдээ чин сэтгэлээ зориулж байгааг нь харахад бахархмаар. Түүний дэргэд урлагийн сургуульд суралцаж байгаа мэт л байна. Шоуны нэр хүндийг унагаахгүйн тулд улам хичээнэ дээ.

-Ялагчийг зарлах мөчид их догдлов уу?

-Хөл газар хүрэхээргүй их баярласан. Бас шоконд орсон. Одоо ч итгэж өгөхгүй, шокоосоо гарч чадаагүй л явна. Зүүдэлж байгаа мэт л байна. Хүмүүсийн урмын үг сонсох сайхан юм.

-Гэр бүлийнхэн тань хэр дэмждэг вэ. Урлагийн хүн байдаг уу?

-Манайханд урлагийн хүн байхгүй. Гэхдээ намайг үргэлж дэмждэг. Тэднийхээ дэмээр би энэ том шоунд оролцож, ялагч боллоо шүү дээ. Шоуны төгсгөлийн тоглолтыг манайхан зурагтаар үзсэн. Хамгийн түрүүнд аав руугаа утсаар ярьж баярт мэдээгээ хуваалцсан. Аавыгаа тэгж их баярлахыг ойрд хараагүй болохоор сайхан санагдсан шүү.

-Тайзан дээр дуулахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Тийм, ийм гээд үгээр илэрхийлэх хэцүү юм. Юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж төрдөг. Дуулах үедээ би алга болчихдог. Дуу эхлэхэд л миний биед өөр зүйл орсон мэт болж, дуулж дуусаад ухаан ордог.

-Одоо үргэлжлүүлэн дуу бичлэгийн продакшнтай уран бүтээлийн гэрээ байгуулна. Урлагийн хүний амьдрал ямар байдгийг төсөөлж байна уу?

-Сайн мэдэхгүй юм. Ямартай ч надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдалгүй хөдөлмөрлөж, хариуцлагатай байх ёстойгоо л ухамсарлаж байна.

-Цаашдаа хөгжмийн ямар урсгалаар голчлон уран бүтээлээ туурвих бол?

-Би рок хөгжимд илүү дуртай. Гэхдээ аль нэг урсгалаар дагнах хүсэлгүй. Чаддаг бүхнээ л гаргана.

-Хамгийн том мөрөөдөл тань юу вэ?

-Сайн уран бүтээлч болох. Хамгийн гол нь зөв хүн байхыг хичээдэг.