Х.Цогтбаатар: Монгол үлэг гүрвэлийн орон гэдгийг харуулах зорилготой

Дэлхийн үлэг гүрвэлийн үзэсгэлэнг Японы Токио хотод энэ сарын 13-нд нээлээ. “Токио-2020” олимпын наадмыг угтсан гол арга хэмжээнүүдийн нэг болох уг үзэсгэлэнд ердөө гурван улс оролцож байгаагийн нэг нь Монгол. Манайхаас гадна Япон, АНУ-ын эрдэмтэн судлаачид үлэг гүрвэлийн судалгааны бүтээлүүдээ танилцуулж буй аж.

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, шинж-лэх ухааны доктор Х.Цогтбаатар тэргүүтэй эрдэмтэн судлаачид уг үзэсгэлэнд оролцсон бөгөөд 14 олдворыг олон нийтэд танилцуулан, дэлгэжээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Манайхан нь үлэг гүрвэлийн олон улсын цөөнгүй үзэсгэлэнд оролцсон юм билээ. Энэ удаагийнх ямар онцлог, ач холбогдолтой юм бэ?

-Сүүлийн 50 жилийн дотор үлэг гүрвэл судлалд шинэ онол, санал, санаачилга гаргаж, мэдлэг бүтээсэн улсуудыг сонгон шалгаруулж оролцуулснаараа онцлог. Өнгөрсөн хугацаанд үлэг гүрвэлийн судалгаа нэлээд хөгжиж, тэр ч байтугай зарим онол өөрчлөгдсөн. Онол өөрчлөх хэмжээний олдвор илрүүлж, судалсан орны эрдэмтэд эл үзэсгэлэнд оролцож байна.

-Монгол Улс ямар амжилт гаргаж, сонгогдсон юм бол?

-Үлэг гүрвэлийн талаар судалсан 150 жилийн түүхэнд эл амьтныг гүрвэлтэй төстэй мөлхөгч, матар шиг, хүйтэн цустай, болхи амьтан гэж үзэж байлаа. Харин 1970-аад оны сүүлчээс эл ойлголт эрс өөрчлөгдөж, үлэг гүрвэлийн нэг бүлгээс шувуу үүссэн гэсэн онол бий болсон. Энэхүү онолыг нотлох олдвор манай орны нутаг дэвсгэрээс сүүлийн 30-аад жилд цөөнгүй илэрсэн юм. Үүгээрээ л Монгол дэлхийд гайхагддаг. 

1990-ээд оны дунд үеэс 2010 он хүртэл бид олдвортой газраа нэлээд сүйтгүүлсэн. Гэсэн ч судлаачдын хөдөлмөрийн үр дүнд илүү олон олдвор илрүүлсний дотор шинэ төрөл зүйлүүд ч бий. Тиймээс л манай улс шалгарсан. Нээлт өндөр хэмжээнд, өргөн дэлгэр боллоо. Японы Засгийн газраас их анхаарч ажилласан.

-Манай улсаас ямар олдворуудыг онцлон танилцуулж байна вэ?

-Бид аль болох олон олдвор танилцуулах хүсэлтэй байсан ч зохион байгуулагчид “Монгол судлаачид олон амжилт гаргасан ч бүгдийг нь энд байршуулах боломжгүй. 14-ийг л сонгож, танилцуулъя. Үзэсгэлэнгийн танхимуудаас хамгийн том нь Монголынх байна” гэсэн. Хамгийн гайхагдаж байгаа олдвор нь дейнохейрус. Аймшигт гар гэсэн утгатай нэр. Үлэг гүрвэл судлалын түүхэнд гайхал төрүүлсэн, махан идэшт хамгийн том амьтан. Урд сарвууг нь 1965 онд олсон ч бусад хэсгийг нь илрүүлж чадаагүй. Харин бид 2009 онд бүтэн хэлхээ яс бүхий шинэ олдвор илрүүлсэн. 

Түүний хэв хуулбарыг үзэсгэлэнд тавилаа. Авч явах аргагүй, асар хүнд, эмзэг, дэлхий дээр цорын ганц зүйл шүү дээ. Тиймээс өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд жинхэнээс нь хуулбарласан. Тэр том амьтныг угсрах нь бидний хувьд байшин барихын дайтай ажил боллоо. Үүнээс гадна шувууны үүсэлтэй холбоотой ситапати гэдэг махан идэшт, жижиг үлэг гүрвэл, хоёр хуруут теризинозаврид, завролоф хэмээх нугасан хошуутын толгойн яс зэрэг олдворыг дэлгэсэн. Галуу төст ансеримимус болон хаан хэмээн нэрлэсэн хос үлэг гүрвэлийн олдвор ч бий. Эдгээрийг ирэх аравдугаар сарын 14 хүртэл олон нийтэд сонирхуулах юм.

-Үлэг гүрвэл судлаачдын олон улсын хурал энэ сарын сүүлчээр Улаанбаатарт болох юм байна. Бэлтгэл хангагдсан уу?

-Азийн үлэг гүрвэлийн холбоог 2013 онд байгуулсан. Анхны хурал нь 2014 онд Японд, хоёр дахь нь Тайландад, дараагийнх нь БНХАУ-д болсон. Дөрөв дэхийг нь Монголд зохион байгуулах болсон юм. Хурал зохион байгуулах эрхийг манай улс шалгаруулалтаар авсан. Үзүүлэх зүйлтэй, ярих юмтай газруудад л зохион байгуулах эрх өгдөг. Бид нэр төрөө бодож, өмнөх гурваас нь дутахааргүй зохион байгуулахаар хичээж байна. Ирсэн зочид, төлөөлөгчдөд Монгол аргагүй л үлэг гүрвэлийн орон гэдгийг харуулах зорилготой. Сүүлийн жилүүдэд манай улс үлэг гүрвэлээрээ дэлхийд танигдаж байгаа шүү дээ. Уг амьтныг үзэхээр ирэх жуулчны тоо ч нэмэгдсэн.

Хурал энэ сарын 24-нд Улаанбаатарт эхэлж, хоёр өдөр үргэлжилнэ. Үүнд 13 орны 83 эрдэмтэн оролцож, сүүлийн үеийн судалгааны ололт амжилтыг хэлэлцэнэ. Монголын судлаачид нэмэгдэхээр 100 гаруй болох байх. 26-29-нд Өмнөговьд хээрийн судалгаа хийнэ. Тэр хэрээр хөрөнгө хэрэгтэй. Тусалж дэмжиж буй байгууллагууд бий. Дэлхий дахинд үлэг гүрвэлийн баялагтай зургаан орон бий. Судалгаа, шинжилгээ, хөгжлийн түвшнээрээ Монгол Улс гуравт жагсдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)