Х.Цагаанбаатар: Монголчууд казах курес бөхөөр амжилт гаргах бүрэн боломжтой

Х.Цагаанбаатар жудо Казах курес бөх

Казах курес бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Монгол Улсад анх удаа болно. Тус тэмцээний талаар Азийн казах курес бөхийн холбооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатараас тодрууллаа.

-Монголд хөгжөөд төдийлөн удаагүй эл спортын Азийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулах болсон тань сонирхол татаж байна. Тивийнхээ шилдгүүдийг улсдаа өрсөлдүүлэх эрхийг хэрхэн авав?

-Олон улсын казах курес бөхийн холбооныхон өнгөрсөн тавдугаар сард хуралдан, Азийн АШТ-ий эрхийг Монголд өгсөн юм. Бид тус тэмцээнийг эх орондоо зохион байгуулахын төлөө Узбекистан, Киргизтэй өрсөлдсөн. Одоогоор (уржигдар) тэмцээний бэлтгэл ажлын 50 гаруй хувийг хангаад байна. Дэвжээ, заалны засал, чимэглэлийн ажлаас бусад нь ерөнхийдөө жигдэрсэн. 

Монгол бөхийн өргөөнд болох тэмцээнд 11 орны 120 гаруй тамирчин зодоглоно. Азийн АШТ-ийг Олон улсын казах курес бөхийн холбоо, Азийн казах курес бөхийн холбоотой хамтран зохион байгуулах юм. Өмнө нь Азийн АШТ-д зохион байгуулагч орноос бусад улстай адил жин тус бүрт ганцхан тамирчин оролцдог байсан. Азийн курес бөхийн холбоонд сонгуульт ажилтай хоёр монгол хүний нэг нь би. Нөгөө нь казах курес бөхийн Азийн аварга О.Болд-Эрдэнэ. Монгол Улсад жиү жицүгийн спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа мундаг залуу бий. 

Бид Олон улсын казах курес бөхийн холбоонд санал тавьсны дагуу энэ жилээс Азийн АШТ-д зохион байгуулагч орноос жин тус бүрт хоёр бөх зодоглох болсон. Үүний дагуу эх орондоо болох Азийн АШТ-д манай улсаас улсын начин Б.Серик тэргүүтэй 17 бөх зодоглоно. Тэднийг ОУХМ Ч.Болдбаатар дасгалжуулж байгаа. Жин тус бүрт түрүүлсэн бөхийг нэг мянга, үзүүрлэсэн тамирчныг 500, хүрэл медаль хүртсэнийг нь 300 ам.доллароор шагнана.

Харин үнэмлэхүй жинд түрүүлсэн бөх гурван мянган ам.долларын шагнал хүртэнэ. МҮОНРТ-ээр шууд дамжуулах Азийн АШТ-д өндөр амжилт гаргасан монгол бөхчүүдээс ДАШТ-д зодоглох тамирчдаа сонгоно.

-Тэмцээнд зодоглох монгол тамирчдыг ямар шалгуураар сонгосон бэ?

-Азийн казах курес бөхийн холбоог байгуулаад жил гаруй болж байна. Өнгөрсөн жил анх удаа болсон УАШТ-д амжилт гаргасан тамирчид оролцож байгаа. Бид улсынхаа шилдгүүдийг жил бүр тодруулахаар төлөвлөсөн. Манай тамирчид өнгөрсөн жил Азийн АШТ-д зодоглохдоо бүх жинд медаль (гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл) хүртсэн. Эх орондоо түүнийгээ давтах, ахиулах том даалгавартай өрсөлдөнө.

-Ийм том тэмцээн хийх амаргүй, зардал өндөртэй нь мэдээж. Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэв?

-Бид улсаас нэг ч төгрөгийн дэмжлэг аваагүй. Тэмцээний бүх зардлыг Олон улсын казах курес бөхийн холбоо, Азийн казах курес бөхийн холбооныхон гаргаж байгаа. Тэмцээнд оролцох бүх орны тамирчны онгоцны тийз, энд байрлах буудал, хоолных нь мөнгийг бүрэн даана.

-Ихэнх тэмцээн түрүүлсэн тамирчиндаа өндөр шагнал өгдөг. Азийн АШТ-ий азтай үзэгчийг автомашинаар шагнах санаа хэрхэн төрсөн бэ?

-Тэмцээний тайз засалт, заалны чимэглэл ихэнх суудлыг хаачихдаг юм билээ. Тэгээд 1500 суудал үлдсэн. Аар саархан зүйлээр шагнавал тухайн хүний амьдралд нэг их өөрчлөлт гарахгүй. Тэмцээн үзэж, монгол тамирчдаа дэмжчихээд “Приус-30” маркийн автомашин хожоод харьвал амьдралд нь том дэм болох байх. Казах курес бөхийн спортыг эх орондоо сурталчлах, монгол түмнээ дэмжих зорилгоор ингэж шийдсэн юм. Тэмцээний тасалбарыг шаглах, хуулбарлах боломжгүй. Учир нь тухайн тасалбарын нэг тал нь битүүмжилсэн хайрцагт, нөгөөх нь үзэгчид үлдэнэ. Хоёулаа ижилхэн дугаартай.

-Казах куресийн спортын гол онцлог, дүрмийнх нь талаар сонирхуулахгүй юу?

-Чөлөөт бөх, жүдо зэрэг олимпын төрлийн спортоор олон сая хүн хичээллэдэг ч амжилтад хүрдэг нь тун цөөхөн. Улсдаа шилдэг нь болж чадахгүй л бол олимп, ДАШТ-д оролцож, зорилгодоо хүрэх боломжгүй. Шилдэг тамирчны бэлтгэл хангагч, хоёр номерын тамирчин явсаар спортын замналаа дуусгасан бөх олон. Эцэст нь хэлхээтэй хэдэн төмөр, хэмхэрхий биетэй үлддэг шүү дээ. Тиймээс бүх тамирчинд амжилт гаргах боломж олгохын тулд казах курес бөхийн спортыг эх орондоо хөгжүүлж байгаа юм. 

Надаас гадна Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй олон бөх ДАШТ-ий медальтай. Казах куресийн өмсгөл нь тал ханцуйтай л болохоос самбогийнхтой төстэй. Тамирчид хөл нүцгэн барилдана. Хөл нь хөлтэй, гар нь гартай өрсөлддөг болохоор жүдочид казах куресээр хүч сориход их дөхөм. Барилдаан зөвхөн босоогоос өрнөнө, бэртэх эрсдэл багатай. Дөрвөн үнэлгээтэй. Хоёр тамирчны оноо тэнцвэл үндэсний бөх шиг золгуулдаг. Бүснээс авсан барьцыг нь алдуулсан, дэвжээнээс түлхэж гаргасан нь ялна. Үзэхэд үнэхээр сонирхолтой, дүрэм нь ойлгомжтой. 

Монголчууд казах курес бөхөөр амжилт гаргах бүрэн боломжтой. Казахстанаас гаралтай эл спортыг 2022 юм уу, 2026 оны Азийн наадмын хөтөлбөрт багтаах юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)