Х.Тэмүүжин: Улс төрийн хийрхэл, улстөрчдийн санаачилгаар Үндсэн хуулийг орвонгоор нь эргүүлж болохоор байгаа нь аюул

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ жил хоёр дахь удаагийн нэмэлт, өөрчлөлтийг 19 жилийн дараа хийсэн нь уг түүхэн өдрийн агуулгыг улам баяжуулж буй. Ардын намынхан УИХ-д үнэмлэхүй олонхынхоо хүчинд баталсан эл нэмэлт, өөрчлөлтийн талаар Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа. Тэрбээр АН-ын дэд даргаар ажиллаж буй билээ.

-Сая баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хамгийн сайн, зөв зүйл, заалт нь юу вэ?

-Манайд гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн зүгээс тал тал тийш татаж, саармагжуулан, эцэстээ хэнийх нь бодлогыг барих вэ гэдэг маргаан гардаг жишиг тогтсон нь нууц биш. Улмаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар байнга зөрчилдөж, Засгийн газрын тэргүүнийг огцруулах замаар үүссэн маргаан, талцлыг намжаадаг болсон. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтүүдээс хамгийн чухал шийдэл, хийж чадсан гол зүйл нь энэ байдлыг засаж, залруулахтай холбоотой. Ерөнхий сайд танхимаа бүрэн мэддэг боллоо, Засгийн газартай санхүүгийн эрх мэдэл булаацалддаг УИХ-аас зарим чиг үүргийг нь салгаж, зааглалаа, ердийн хуулиар Ерөнхийлөгчид их хэмжээний эрх өгсөн байсныг буцааж, таналаа гэх зэргээр нэрлэж болно. Судлаачид, шийдвэр гаргагчид гээд хэн хэнийх ч нь хувьд хүлээлттэй байсан асуудалд хариулт өгч чадахуйц нэмэлт, өөрчлөлт болсныг нь хүлээн зөвшөөрөх ёстой.

-Тэгвэл бусад нь хүлээлтэд хүрээгүй, тааруухан болсон гэсэн үг үү?

-Хэдэн тодорхой асуудлаар нэлээд хүлээлттэй байсан ч эхэнд дурдсанаас бусад нь учир дутагдалтай. Тухайлбал, сонгуулийн тогтолцоог тодорхой болгож, тэр дундаа холимог хувилбарыг хуульчлах ёстой байсан. Манайх парламентын засаглалтай л улс юм бол УИХ-д жалга, довны гэхээс илүүтэй Монголын нийтлэг эрх ашгийг харж, хамгаалж чадах хууль тогтоогчид ажиллах ёстой. Энэ нь холимог тогтоолцоогоор сонгууль явуулсан нөхцөлд илүүтэй хангагддаг. Харамсалтай нь, холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгаж чадсангүй. Мөн хотыг засаг захиргааны нэгжийн эрхтэй болгох зохицуулалтыг чамлалттай тусгалаа. Дэлхийн хөгжил эдийн засаг, нийгэм, соёл гээд маш олон үзүүлэлт, хүн амын төвлөрөл буюу хотод суурилан урагшилж байна. Монгол Улс “хот” гэдэг зүйлийг эдийн засаг, соёл, засаглалын хувьд харж, тодорхой болгож чадаагүй учраас хөгжил нь саармагжаад байгаа юм. 

Үүнийг шийдэх олон аргачлал, зохицуулалт бий л дээ. Хамгийн гол нь хуулийн засаглал, ардчилал, зах зээл гэсэн гурван механизм ажиллахын тулд дор хаяж 30 мянгаас доошгүй хүн төвлөрсөн байх ёстой гэж үздэг. Гэтэл манай сумд хэдэн хүнтэй билээ, 30 мянгаас дээш хүн амтай суурин улсын хэмжээнд хэд байна вэ. Үүнээс гадна судлаачдын хамгийн их хүлээж байсан зүйл нь шүүхийн хараат бус байдал, хариуцлагыг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт. Шийдлийг нь тодорхойлсон олон сайн судалгаа бэлэн байсан. Харамсалтай нь, үүнийг ч бас бүрэн тусгасан гэж хэлж чадахгүй. Түүнчлэн иргэний үндсэн эрх, эрх чөлөөтэй холбоотой зохицуулалтыг нэрлэж болно. Үндсэн хуульд эрүүдэн шүүхээс ангид байх эрхтэй гэж заасан ч үүнтэй холбоотой хэрэг, дуулианыг хэдэн улстөрч сэвж, улстөржүүлээд байна шүү дээ.

Уг нь дэлхийн жишгээр Үндсэн хуулийн шүүх, манайхаар Цэц иргэний үндсэн эрхийн маргааныг шийдэх эрхтэй байдаг. Гэвч Үндсэн хуулийн цэцэд ийм эрх байхгүй учраас иргэн хэзээ ч үндсэн эрхийнхээ талаар гомдол гаргаж, хамгаалуулж чадахгүй байна. Эцэст нь, Үндсэн хуульд дархлаа бий, эсэхийг хөндөх учиртай. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор ард нийтийн санал асуулга явуулъя гэнгүүт зөрүүлээд Үндсэн хуулийн суурь байгуулалтыг хөндөж, парламентын, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх, эсэхийг ард түмнээс асууя гэх санаачилга гаргасан. Энэ бол Үндсэн хууль дархлааны хувьд маш сул байна гэсэн үг. Улс төрийн хийрхэл, нөлөө бүхий улстөрчдийн санаачилгаар Үндсэн хуулийг орвонгоор нь эргүүлж болохоор байгаа нь аюул. Үүнийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хамгаална гэж ярьдаг. Гэвч Үндсэн хууль өөртөө заавал хамгаалалтын заалттай байхгүй бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг парламент олонхоороо өөрчлөхгүй гэх газаргүй.

-Тэгэхээр бид энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулиа дордуулчихав уу, сайжруулчихав уу?

-Үндсэн хуулийн хөгжлийг хэмжихдээ хүний эрх, ардчилал, зах зээл, эрх мэдлийн хуваарилалт, өөрөө удирдах ёс, хуулийн засаглал, Үндсэн хуулийн дархлаа гэсэн зургаан шалгуур тавьдаг. Түүнээс биш улстөрчид, эсвэл хэн нэгэн судлаач, эрдэмтний хувийн бодлоор хэмждэггүй. Эдгээр шалгуурын хүрээнд тайлбарлах гээд үзье. Сая нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний нэг хувиас доошгүй нь эвлэлдэн нэгдэж, нам байгуулах заалт баталсан. Үүнийг нэлээд шүүмжилснийг анзаарсан болов уу. Мөн эл заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр хойшлуулсан шүү дээ. Учир нь Европын Холбоо болон олон улсын бусад байгууллагаас үүнийг хүний эрхийн хувьд маш том ухралт гэж үзэж буйгаа илэрхийлэн, зөвлөмж, шаардлага манайд хүргүүлсэн. Тиймээс бусад заалтаас нь авч үлдээд, 2028 оноос хэрэгжүүлэхээр хойшлуулчихаж байгаа юм. 

Энэ бол хүний эрхийн хувьд яах аргагүй том ухралт. Сонгуулийн эрх бүхий иргэний нэг хувь нь одоогоор 23 мянга орчим иргэн байгаа. Дөрвөн жил тутам өснө гэж бодвол 2024 он гэхэд ойролцоогоор бараг 30 мянга болох байх. Монгол Улсын иргэн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж Үндсэн хуульдаа заачихаад “Та нар 30 мянга болчихоод энэ эрхээ эдэл” хэмээх нь хэр зохистой вэ. Олон улсын хүний эрхийн байгууллагууд “Монгол Улс иргэнийхээ үндсэн эрхийг хулгайлчихлаа. 1992 онд иргэддээ олгосон эрхийг 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр шууд хасаагүй боловч техникийн шинжтэй заалтаар үгүй хийчихлээ” гэж анхааруулаад байгаа юм. Мөн Үндсэн хуулийн 27.7-д “УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж, асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулна” гэж хуульчилсныг ч гадаадынхан нэлээд шүүмжилсэн. Ингэснээр ил тод байх чадвараа шууд алдаж буй хэрэг. Уг нь 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр энэ заалтыг сайжруулсан байсан юм. Гэтэл ухарчихлаа. Тэгэхээр хүний эрх, ардчиллын шалгуур үзүүлэлтээр харж хэлбэл, Үндсэн хууль сайжралгүй, ухарсан. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэх том давлагаан дотор энэ мэт зүйлийг ер харахгүй, анзаарахгүй, алга ташаад л гүйгээд байна.

-Зах зээл буюу эдийн засгийн шалгуураар хэмжвэл урагшилсан болов уу?

-1992 онд Үндсэн хуульд эдийн засгийн хувьд олон дэвшилт заалт оруулсан. Гэвч үүнийг эрсдэлд оруулсан, яаж хэрэгжүүлэх вэ гэсэн асуулт дагуулсан тодорхой заалт баталчихлаа, сая. Тодруулбал, “төрийн нийтийн өмч” гэх хамгийн ойлгомжгүй нэр томьёог тусгасан. Тэгэхээр “төрийн хувийн өмч” гэсэн ойлголт нөгөө талд нь байх ёстой юу. Хэл зүйн хувьд маш маргаантай ойлголт. Мөн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. “Дийлэнх” гэдэг ойлголтыг ердийн хууль болон хууль зүйн шинжлэх ухаанд хэрэглэгдэхдээ гуравны хоёр буюу түүнээс дээш гэж хэмждэг. Уул уурхайд суурилсан популизмд автаж, эрүүл саруулаар сэтгэж чадахгүй байгаа үед энэ нь стратегийн ач холбогдолтой ордын 66 хувиас доошгүйг нь Монголын төр эзэмшинэ гэсэн үг гэж ойлгох уу. 66 хувь нь ямар нэг байдлаар манай төрийн хяналтад байна гэсэн үг үү. Үүнд “Тийм ээ” гээд л хариулчихвал манай эдийн засаг шууд гацна, хөрөнгө оруулалт орж ирэхгүй.

Эдийн засгийн хувьд асар аюултай энэ хоёр ойлголтыг цаашид хэрхэн ашиглаж, хэрэгжүүлэх вэ. Магадгүй 2020 оны сонгууль популизмаас ангид байж чадахгүй. Өөрөөр хэлбэл, УИХ дахь популист улстөрчид улам нэмэгдэнэ. Тэгээд ч томсгосон мажоритар тогтолцоо “од”-уудыг гаргаж ирдэг. Тэдний олон нийтэд “од” болж хүрэх хамгийн боломжит хувилбар нь популизм. Олон популисттай парламент бүрдэхэд “Оюутолгой”-гоос авхуулаад 66 хувийг нь төр авах агуулга бүхий хуулийн төслүүд өргөн баригдаж эхэлнэ гэсэн үг. Үндсэн хуульд ийм заалт байгаагүй тулдаа засаг барьж байсан Ерөнхий сайд нар ямар нэг байдлаар Монголын эдийн засгийг нураачихалгүй, популизмыг хааж дөнгөдөг байсан юм. Харин одоо Ерөнхий сайд үүнийг хаах гэж оролдвол Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр шууд Цэцэд дуудагдана. Яагаад гэвэл, ийм заалт Үндсэн хуульд тусгачихлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, Цэцийн тусламжтайгаар популистууд Ерөнхий сайдыг онхолдуулах боломж бүрдчихсэн хэрэг. Энэ нь эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг зэрэг дагуулах эрсдэлтэй. Цэц ямар шийдвэр гаргах нь ч үндсэндээ ойлгомжтой. Бидний хэзээ ч хүсэшгүй ирээдүйд аваачих шийдвэр гаргах магадлалтай болчихоод байгаа юм.

-Тэгвэл шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтуудын тухайд юу хэлэх вэ?

-Хараат бус, бие даасан шүүх ажиллах нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан гэж хэлж байгаа нь хэт өрөөсгөл бөгөөд хуурмаг. Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэл, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн журмаар байгуулж болохоор хуульчилсан. Дэлхийд тойргийн шүүх гэсэн тогтолцоо байхгүй. Шүүхийн хувьд “тойрог” гэдэг ойлголт хэргийн харьяаллыг заадаг болохоос бүтэц, зохион байгуулалт, тогтолцоог заадаггүй. Өөрөөр хэлбэл, дэлхийд байхгүй бас нэг бүтэц оруулаад ирсэн гэсэн үг. Гэхдээ 1992 оны Үндсэн хууль энэ талд анхнаасаа алдаатай байсан. Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх гэсэн байдлаар хэрэг маргааныг хэн шийдэх юм, алдаа гаргавал хэн засах вэ, хуулийн хэрэглээнд маргаан үүсвэл хэн эцэслэх вэ гэдгээр шүүхийн үндсэн тогтолцоог тайлбарладаг. 

Гэтэл манай Үндсэн хуульд аймаг, нийслэл, сум буюу сум дундын гээд газар нутгийн зохион байгуулалтын дагуу биччихсэн. Сая 1992 оны алдаагаа бүр бататгалаа. Уг нь судлаачдаас өргөн барьж байсан санал нь “Шүүхийн үндсэн тогтолцоо нь анхан, давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээс бүрдэнэ” гэх хувилбар. Ердөө л ийм өгүүлбэр байх ёстой байсан юм. Үүний амин сүнс нь Дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн эрх мэдлийг булааж болохгүй гэх зарчим. Харин манайд энэ тогтолцоо байхгүй учраас “шударга бусын хонгил”, “шүүхийн ялзрал” гэсэн янз бүрийн нэршил доор Дээд шүүх хил хязгааргүй эрх мэдэлтэй, бүгдийг шийддэг байдал газар аваад байгаа хэрэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)