Х.Оргил-Эрдэнэ: Дархан-Уул-Улаанбаатар чиглэлд түр зам тавьж эхэллээ


Баруун таван аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох болсон. Эдгээр бүтээн байгуулалтаас гадна хамгийн их ачаалалтай Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын ажлын явцын талаар ЗТХЯ-ны Зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнээс тодрууллаа.

-Авто зам барих ажлын явц ямар байна вэ?

-Завхан аймгийн Загастайн давааны 67 км замыг барьж дуусгаад, нээсэн. Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км замын ажил 60 хувь, цаашлаад Хяргас нуурын хөвөө хүртэл 135.5 км замынх 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Баянхонгор-Байдрагийн гүүрний 114, Байдрагийн гүүрнээс Говь-Алтай чиглэлийн 126.7 км замын ажил эхэлсэн. 

126.7 км замын тухайд 2016 онд концессын гэрээ хийсэн боловч тухайн компани ажлаа эхлээгүйгээс гүйцэтгэгч байгууллагыг дахин шалгаруулж “Макс роүд” компани үргэлжлүүлэхээр боллоо. Дээрх замуудыг улсын төсвөөс гадна концесс, олон улсын хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Улсын төсвөөс бага хэмжээний мөнгө өгсөн, ихэнх замын ажил он дамжихаар байгаа.

-Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн авто зам барих ажил дөрөвдүгээр сард эхлэх байсан. Гэвч одоо болтол яагаад чимээгүй байна вэ?

-Дөрөвдүгээр сард манай яамнаас мэдээлэл өгсөн. Авто замын тухай хуулиар бол хийх ажлын төлөвлөгөөг иргэдэд сарын өмнө мэдээлэх учиртай. Энэ дагуу ажилласан. Түүнээс хойш зам чөлөөлөх, түр зам тавих, тендер зарлах, шалгаруулах, гэрээ хийх зэрэг ажил хийлээ.

-Монгол орон дулааны улирал богинотой. Замын ажлууд хугацаандаа багтах уу гэсэн эргэлзээ иргэдийн дунд байна. Энэ жил Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн авто замыг ашиглалтад бүрэн оруулах уу?

-Тендер зарласнаас хойш 21 хоногийн дараа гэрээ байгуулах ёстой. Тэр журмаараа гүйцэтгэгч байгууллагаа шалгаруулаад гэрээ хийж байна. Азийн хөгжлийн банк нэг компаниар гүйцэтгүүлэх хүсэлтэй байсан. Гэхдээ бид таван компаниар хийлгэхээр санал оруулж, зөвшилцсөн. Өнөөдрийн байдлаар эхний байгууллагатай гэрээ хийлээ, тэд бэлтгэл ажилдаа орсон. Үлдсэн дөрвөн компанитай гэрээ хийхээр бэлтгэж байна. 

Энэ жил тус замын хоёр эгнээг нээхээр төлөвлөсөн. “Засвар ашиглалтын техникийн туслалцаа” гэсэн гэрээний хүрээнд хийж буй ажил учир санхүүжүүлэгч байгууллагаас оруулж буй хөрөнгийг зам шинэчлэхэд зарцуулахыг шаардсан. Дархан-Уул-Улаанбаатарын чиглэлийн авто замаар ердийн өдөр 3500, оргил ачааллын үед 13 000 авто машин зорчдог учраас заавал шинэчлэх шаардлагатай.

Тиймээс бид санхүүжилтийг буцаахгүйн тулд түр зам тавьж, үндсэн замыг шинэчлэхэд хүрсэн. Гүйцэтгэгч байгууллагууд замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ гэсэн. Гүйцэтгэгчид тендерт техникийн нөхцөлөө дурддаг. Үүнийг харгалзаж хугацааг тохирч байна. Бид гүйцэтгэгч компаниудын ажлыг хөнгөвчлөх, зам тавьж эхлэхэд саадгүй байлгах үүднээс засвар, арчлалтын компаниар түр зам тавиулж байна. Тэнд таван компани 24 цагаар ажиллаж байгаа учир осол гаргахгүйн үүднээс анхаарч байгаа.

Түр замыг бүрэн тавьж дууссаны дараа төв зам барих ажлыг эхлүүлнэ. Тиймээс замын ажил огт эхлээгүй мэт ойлгож болохгүй. Газар чөлөөлөх, түр зам барих, тендерийн шалгаруулалт, гэрээ хийх зэрэг нь зам барих явцын нэг хэсэг. Замаа тавьж эхлэх нь ч нийт ажлын нэг хэсэг шүү дээ. Үлдсэн хоёр эгнээ буюу шинэ замыг ирэх онд Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар барина.

-Замын чанарт хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Яам тендерээс ангид байж, бодлого боловсруулах ёстой. Бид эргээд хариуцлага тооцохын тулд тендерийг мэргэжлийн байгууллагаар дамжуулж орон нутгийнханд өгсөн. Орон нутгийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуульд өөрчлөлт орсон. Тиймээс энэ жилийн тухайд 115 тендер зарласнаас орон нутагт 70-ыг нь шилжүүлсэн, 22-ыг нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан. 

Гүйцэтгэгчийн буруугаас зам эвдэрвэл тухайн байгууллага хуульд зааснаар гурван жилийн дотор өөрийн хөрөнгөөр засварлах, шаардлагатай бол шинээр тавих, дахин тендерт оруулахгүй байх хүртэл арга хэмжээ авахаар журамласан. Өөрөөр хэлбэл, Авто замын тухай хууль батлагдсан нь зураг төслөөс эхлээд гүйцэтгэх болон хяналт тавих, хүлээж авах хууль эрх зүйн харилцааг зохицуулсан тул шат шатанд хариуцлага тооцоход саадгүй болсон.

Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн авто замын хяналтыг олон улсад зөвлөх үйлчилгээ, хяналт хийдэг компаниудын дундаас сонгож ITC компани шалгарсан. Тэгэхээр замын чанарт эргэлзэх хэрэггүй. Харин зам тавьж, хөдөлгөөн нээсэн өдрөөс засвар, арчлалтын компанийнхан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Одоогоор урсгал засварыг нь улсын төсвөөр хийдэг 14 918 км зам бий. Тэдгээрийн өдөр тутмын засвар, арчилгааг 28 компани гүйцэтгэдэг.

Д.Мөнгөншагай


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)