Х.НАМШИР: Бөхийн спортод өөрийн дутуугаа шавь нарынхаа амжилтаар нөхсөн

Хань Д.Тэрбишийн хамт 

Монголын чөлөөт бөхийн хөгжил, тамирчдын авьяас, ур чадвар дэлхийн хэмжээнд хүрсэн. Үе үеийн бөхчүүдийг бэлтгэж, амжилтаас атгуулсан шилдэг дасгалжуулагчдын нэг бол Ардын багш Хангайн Намшир. Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн алдартай аваргууд түүний шавь. Бөхийн ертөнцтэй хувь заяагаа холбосон цагаасаа өөрийгөө мартаж, тамирчдынхаа төлөө хөдөлмөрлөсний үр дүн хичээл зүтгэлээс нь харагддаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний энгэрийг Ардын багш цолоор мялаахдаа “Спорт сонирхогч, хүүхэд багачуудад зориулан олон шинэ санаачилга гаргасан Х.Намшир дасгалжуулагч миний анхны багш” хэмээн онцолсон билээ.Тэрбээр чөлөөт бөхийн спортоос төрсөн тав дахь Ардын багш.Түүнээс өмнө 2006 онд Д.Сэрээтэр, 2008 онд Ч.Дамдиншарав, 2009 онд С.Магсар, 2014 онд А.Басхүү нар энэ эрхэм цолыг хүртэж байв.

-Ардын багш цол хүртсэн танд баяр хүргэе. Танайх ойрд зочны хөлд дарагдаж, баяр хүргэсэн олны мэндчилгээ тасрахгүй байгаа бололтой.

-Баярлалаа. Манайх ойрд хөл хөдөлгөөн ихтэй, би ч сэтгэл хөөрөөд тун баяртай сууна. Завхан аймгийн Түдэвтэй сум миний төрсөн нутаг. Хүүхэд насны минь дурсамж үлдсэн энэ нутгаас Ардын цол хүртсэн хоёр хүн байдаг юм. Нэг нь анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Пэлжээгийн Онхуудай. Бид төрсөн ах дүүсийн хүүхэд. Оюутан байхдаа манайд сууж, сургуулиа онц төгсөөд, Герман руу суралцахаар явсан. Тэндээс ирмэгцээ эрүүл мэндийн салбарт цөмийн технологийг анх нэвтрүүлж байв. Түүний санаачилгыг дэмжиж, 1975 онд Эрүүлээс хамгаалах яамны сайдын тушаалаар УКТЭ-т Цөмийн онош зүйн лаборатори байгуулсан түүхтэй. Манай ах дүүст биднээс гадна Гавьяат цолтон дөрөв төржээ. Тухайлбал, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан, МУИС-ийн физик, математикийн багш, профессор А.Хашбаатар гээд.

-Та Гавьяат дасгалжуулагч болсноосоо хойш 30 жилийн дараа Ардын багш гэдэг хүндтэй цол хүртлээ.

-Би инженер мэргэжилтэй. Мэргэжлийн дасгалжуулагч биш. Гэхдээ бөх барилдах, инженерийн ажлынхаа аль алийг нь орхиогүй. Бөхийн таван төрөлд шавь бэлтгэлээ. Тэднээс чөлөөт бөхөөс З.Ойдов, Ш.Чанрав, Г.Жамсран нар дэлхийн аварга болж, үндэсний бөхөөс Д.Цэрэнтогтох улсын аварга, Ж.Хайдав, Д.Ганхуяг нар улсын арслан, Г.Элбэг улсын харцага цол хүртсэн. Шавь нараа хараад “Овоо доо, бөхийн төрлүүдэд тамирчид бэлтгэж, дасгалжуулсны үр дүн гарлаа” хэмээн бахархдаг юм. Чөлөөт бөхөд хөл тавихаасаа өмнө би үндэсний бөхөөр барилдах гэж үзсэн. Өсвөрийн УАШТ-ийг угтсан хүүхдийн барилдаанд бага насны ангилалд оролцон, III байрт шалгарч, идэрчүүдийнхэд нь түрүүлсэн юм. Амжилт гаргасан нь хонины бэлчээрт хүүхдүүдтэй ноцолдож өссөнийх. Барилдаж байгаа хүүхдүүдийг харж суусан Б.Түвдэндорж аварга надад “Үндэсний бөхөөр барилдахад чиний бие жижиг байна, амжилт төдийлөн гаргахгүй. Чөлөөт бөхөөр хичээллээд үз” гэж зөвлөлөө. Бөх болохгүй гэж гологдсон би маргааш нь утга зохиолын дугуйланд бүртгүүлж, юм бичиж, шүлэг тэрлэнэ гэж хэдэн сар явлаа. Надтай хамт сурч байсан нөхдөөс зарим нь мундаг зохиолч болж, Соёлын гавьяат цол хүртсэн. Тэднийг одоо телевизээр голдуу хардаг. Залуудаа шавь нараа ДАШТ-д оролцохыг хараад өөрөө барилдах гэж буй мэт сэтгэл хөөрдөг байлаа. Багш хүн шавь нараа амжилт гаргахыг харах л хамгийн сайхан. Тэднээс 10 гаруй нь медаль хүртсэний дараа л сэтгэл тогтож үздэг болсон. З.Ойдовыг 1974, 1975 онд ДАШТ-д түрүүлж алт, 1976 онд Монреалын олимпын наадмаас мөнгөн медаль хүртэхэд нь баярлаад өөрийн эрхгүй нулимс унагаж билээ. Би бөхийн спортод гаргаагүй өөрийн дутуугаа шавь нарынхаа амжилтаар нөхсөн хүн.

-Зохиолч болохоор дугуйланд орсон хүүгийн сэтгэлийг чөлөөт бөх сүрхий татжээ.

-Тэгсэн. Үндэсний бөхөд мэхгүй, жижиг биетэй гэж гологдсон нөхөр шүлэг бичих гэж үзээд авьяасгүй болохоор барсангүй. Бөхөд дуртай хүний сэтгэлийг спортын ертөнц өөрийн эрхгүй татдаг юм билээ. Би 23 нас хүртлээ чөлөөт бөхийн шигшээ багт барилдсан. Тухайн үед инженерийн бүтэн, шигшээгийн тамирчин гэж тал цалин авна. Шигшээ баг 30 тамирчинтай. Спортын ертөнц хэцүү. Атаархал, өрсөлдөөн, тэмцэл ихтэй. “Х.Намшир инженерийн өндөр цалинтай байж шигшээгийн тамирчин гэж эндээс мөнгө нэмж авдаг” гэсэн яриа дасгалжуулагчдын дунд байсан. Өндөр цалингаас гадна шигшээ багийн олонх тамирчин намайг дагадаг байсан нь багш нарт минь таалагдаагүй юм болов уу. Ардын багш С.Магсар шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг байхдаа нэг өдөр “Би энд байсан цагтаа чамайг ДАШТ, олимпод оролцуулахгүй” гэлээ. Би гайхаад багшаас учрыг нь асуутал “Чи нэг ч мэх хийдэггүй, өөрийн санаагаар шинэ мэх зохиож барилдахгүй байна” гэв. Би тэр үед өөрийн оломлох, жирэмлэх, шон гэсэн гурван мэхийг өрсөлдөгчийнхөө барилдаанд хариу болгож хийдэг байлаа. Үүнийг надаас өөр тамирчин хийхгүй. Надаас өөр мэх гарахгүй байсан тул багшийн дургүй хүрдэг байж. Дасгалжуулагчийн хувьд багш хатуу үгтэй, ширүүн. Багш намайг хүүхэд байхад дэмжиж, шигшээ багт орох тамирчинд хүч, бяр хэрэгтэй гэж туухай өргүүлж, тэмцээнд өрсөлдүүлдэг байв. Шигшээ багт тамирчид сонгож авах жил би УАШТ-д түрүүлж, багтсан юм.

-Та чөлөөт бөхийг өөрийн хүслээр орхиогүй. Үүнд бас аавын тань захиас ч нөлөөлсөн бололтой.

-Нэг өдөр аав “Хүү минь орон гэр, хань, үр хүүхэд тань хэцүүдэх нь. Чи бүтэн жил болоход гэртээ 13 хонолоо. Надаас хойш дахиж битгий барилдаарай. Чамайг бэртвэл ганц охин дүү чинь харж, хандах болно шүү дээ” гэлээ. С.Магсар багш бид хоёр хөлбөмбөгийн нэг тэмцээний үеэр маргалаа. Би тоглож байхдаа хүний урдуур орж, бөмбөгийг нь булаасан бололтой юм. Тэгсэн намайг учиргүй загналаа. Надад “Багшийн хэлснээр бол би тэмцээнд оролцохгүй, барилдах ч эрхгүй юм байна. Инженерийн ажлаа хийгээд явахад хангалттай” гэх бодол төрж, шарандаа хамаг хувцсаа цүнхэлж аваад автобусанд уйлаад л суулаа. Ид амжилт гаргах насандаа дуртай спортоо орхиж, сайн бөх болох сон гэдэг хүсэл мөрөөдөлдөө хүрэхгүй үлдэх л хамгийн гунигтай санагдаж билээ. Тамирчин болсон ч олимп, ДАШТ-д нэгэнт барилдахгүй хойно, ийм шийдвэр гаргасан минь нэг бодлын зөв болсон. Шавь нараас минь З.Ойдов, Ш.Чанрав, Г.Жамсран нар дэлхийн аварга болоход би сэтгэл ханалгүй яах юм. Нэг нийгэмлэгийн хоёр тамирчин нэг жинд өрсөлдөхгүй тул би З.Ойдовыг Өвөрхангайгаас тэмцээнд оролцуулдаг байсан. “Хөдөлмөр” нийгэмлэгт түүний жинд М.Цэрэнбат гэдэг сайн барилддаг бөх байв. З.Ойдовын дүү З.Дүвчин үндэсний бөх, чөлөөтөөр барилдана. Хожим ХААИС төгсөөд, гутлын үйлдвэрт ажилладаг байхдаа “Хөдөлмөр” нийгэмлэгээс тэмцээнд оролцдог болсон.

-Таны хүүхэд нас жаахан гунигтай өнгөрсөн байдаг юм билээ.

-Тийм ээ, багадаа ээжийгээ залуугаар нь алдаж, өнчин дүү нартайгаа үлдсэн. Аав минь эмчтэй газар бараадахаар шийдэж, биднийг дагуулаад Улаанбаатарыг зорьж байлаа. Би тэр үед зургадугаар ангийн сурагч. Охин дүү бид хоёр өдгөө олон хүүхэдтэй, ач, зээгээрээ хүрээлүүлээд өнөр өтгөн амьдарч яваа.

“Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч болж шавь нараа тэмцээнд оролцуулж байгаа нь

БИ ИНЖЕНЕР, ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖЛАА ЧАМЛАХААРГҮЙ ХИЙСЭН

-Шигшээ багаас гараад инженер хийсэн ч та төд удалгүй спортдоо эргээд ирсэн гэдэг.

-Спортоос түр завсарлаж, хэдэн сар ажиллатал бие чилээд даагддаггүй. Би 70-аас жин хасаж 62 кг-д барилддаг байв. Жингээ барихын тулд байнга хөдөлдөг хүн хөдөлгөөнгүй шахам болсон чинь үгүйлээд эхэлсэн. “Хөдөлмөр” нийгэмлэгтээ нэг өдөр очтол бэлтгэл хийх жижиг өрөө гаргаж өгөв. Тэнд секц, дугуйлан үндсэндээ тарчихсан байлаа. Хэдэн хүүхэд дасгалжуулж байтал шигшээ багийн 17 тамирчин нэгнийгээ дагаад ирсэн. Би мэргэжлийн дасгалжуулагч биш тул өөрийгөө магтаж ярих дургүй. Өөрийн сурсан зүйлээ хүүхдүүдэд зааснаар тамирчид төрсөн. Миний амжилт бол дасгалжуулагчаар ажиллахад байжээ гэж хожим бодож билээ. Ажлаа сэтгэл амар хийж, шавь нараа амжилтад хүргэхэд хөгшин минь гэрийн ажлаас намайг олон жил чөлөөлж, арын бүх асуудлыг миний оролцоогүйгээр зохицуулж ирлээ. Гэртээ ч орох завгүй явахад ахуй амьдрал, үр хүүхдүүдийнхээ хичээл, сургууль, хүмүүжлийг гардан хариуцсан. Эхнэр минь оюутан байхдаа гурван хүүхдээ төрүүлсэн. Тэр үед би бэлтгэл, тэмцээн гээд явчихна. Төрөх үеэр нь эргэж, эмнэлгээс гарахад нь гэртээ хүргэж өгөөд л ажил руугаа яараад гарна. Өнөөгийн хүүхнүүд нөхөр нь ингэвэл тэвчиж суухгүй дээ.

Энэ үеэр гэргий Д.Тэрбиш нь хоол хийн, цай аягалах зуураа “Миний аав, ээж ханьд минь сайн ханддаг байлаа. Нөхрийгөө бэлтгэлээс ирэхээр би ойр зуурын ажилд зарах гэнэ. Тэгэхээр ээж “Чи нөхрөө битгий зарах гээд бай. Ингэж ядарсан хүнээр юу хийлгэх юм. Үүнийг чинь би хийе. Хань, үр хүүхдээ гээд бэртэхгүй ирсэнд нь баярла. Гэрийнхээ ажлыг өөрөө зохицуул, энэ чинь эмэгтэй хүний хийх ажил” гээд халгаахгүй. Бид хүүхэд байхаасаа нэг байранд амьдардаг байсан болохоор нэгнийгээ мэднэ. Аравдугаар анги төгсөөд гурван мэргэжлээс алийг нь сонгох вэ гээд эргэлзэж байхад хань минь “Ах, дүүсээ өвдөж ядрахад харж үзсэн ч эмч мэргэжил зүгээр, эмэгтэй хүнд зохино” гээд мэргэжлийг минь сонгон өгч билээ. Ингэж би дотрын эмч болж, 71 нас хүртлээ улсад ажилласан. Өвгөнийг залуу байхад хүүхдүүд гэртээ тухлахыг нь ховор харсан. Нэг өдөр бэлтгэл тараад ирэхэд нь нэг бөхийн эхнэрээс сонссон сүрхий мундаг үгтэй боллоо гээд “Чи гэрийн бараа харах биш, би ч эцэггүй таван хүүхэд өсгөж байна” гэлээ. Тэгсэн манай хүн “Ийм муухай үг дахиж битгий хэлээрэй. Бөхчүүд өөрийн дураар ингэж яваа юм биш. Улсын өмнөөс гэртээ ч орох завгүй ажиллаж байна. Эцгийг нь байхад хүүхдүүдээ эцэггүй гэж хэлэх эвгүй юм, алдас болно” гэлээ. Түүнээс хойш би буруу үг хэлснээ ухаарч, дахин хэлээгүй. Манай хүн их тайван, сандарч тэвдэхгүй. Уурласан үедээ “Хөөе нөхөр минь” гэж л хэлнэ. Хань минь бөхийн спортыг хөгжүүлэхийн төлөө залуу нас, хөдөлмөрөө харамгүй зориулсан” хэмээв.

-Таныг байгууллагын дарга тань ойлгож, тэмцээнтэй үед ажлаас чинь чөлөөлдөг байв уу?

-Байгууллагууд тэр үед залуусыг спортоор хичээллэхийг дэмжиж, уриалдаг байлаа. Аж үйлдвэрийн яам, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайд асан П.Дамдин, Аж үйлдвэрийн комбинатын дарга Т.Дангаа нар залуусыг ажил хийлгэж сургасан, урлаг, спортоор ч хөгжүүлсэн. Бүх ард түмний урлагийн наадам, спортын спартакиадад шижигнэсэн залуус өрсөлддөг байлаа. П.Дамдин сайд дарга нарт “Х.Намширыг дуртай зүйлд нь явуулж бай. Спорт хөгжүүлэх ёстой хүний нэг. Монголд бөхийн спортыг хөгжүүлэхэд түүний оролцоо чухал, тиймээс та нар инженерийн ажлыг нь хуваагаад хийж бай” гэсэн гэдэг. Тэмцээнтэй өдрүүдэд ярих ч тэнхэлгүй, хувцастай цүнхээ даахгүй шахам хүн гэрийн бараа харна. Тэгээд л эхнэрийн хийсэн цай, хоолыг идчихээд бушуухан амрахын түүс болдог байлаа. Би ганцаараа ийм байгаагүй, бөхчүүд ийм л завгүй амьдрал, спортын амаргүй замналыг туулсан.

-Танайх дархчуудын удамтай гэсэн байх аа. Инженер мэргэжлийг үүнээс үүдэж сонгосон гэв үү?

-Дархан болохын тулд инженер болох ёстой гэж бодлоо. Нэг өдөр сонин харж байтал ХААИС-ийн инженерийн ангид оюутан элсүүлэх тухай бичсэн байв. Би ч баярлаад захиралтай нь уулзтал “Эрхүүд дараа жилээс авто инженерийн ангид хоёр жил суралцах оюутан элсүүлнэ” гэв. Сүхбаатарын талбайн хажууханд алхаж явтал Д.Ишням багштай таарлаа. Тэрбээр механик инженерийн мэргэжилтэй хэрнээ чөлөөт бөхөөр барилддаг тамирчин байсан. Би тэр үед МУИС-д инженерийн анги байдгийг ч мэддэггүй байв. Түүнийг дагаж сургууль дээр нь очиж, шалгалт өгөөд тэнцлээ. Инженерийн ангийн оюутан байхдаа бөхийн спортоос хөндийрсөнгүй. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах санаатай гурван газраар орж уулзлаа. Тэгтэл Аж үйлдвэрийн комбинатын арьс, ширний үйлдвэрт механик инженерээр хуваарилсан. Би ажлаа чамлахааргүй хийсэн. Миний гарт дархан удмын бага сага зүйл үлдсэн шиг байгаа юм. Зарим зүйлийг инженерийн аргаар угсрахад цаг алдах гээд байдаг тул монгол ухаанаар засчихна. Үйлдвэрийн дарга харчихаад “За Намшир минь ингэж болохгүй шүү, шоронд орох юм хийчих вий” гэдэг сэн. 

Дарга намайг Аж үйлдвэрийн комбинатад хөдөлмөр хамгааллын инженер болголоо. Хоёр жил ажиллахдаа олон үйлдвэрийн хаалга татаж, машиныг нь засаж янзлан, ажилчдад нь зөвлөгөө өгсөн. Миний хийдэг ажил амаргүй. Тэр үед Оросоос мэргэжилтэн ирж, инженерүүдэд сургалт хийдэг байв. Машинуудын бүх эрэг, шургийг зургийнх нь дагуу задалж, эргүүлэн угсарна. Би хэд хараад цээжилчихнэ. Дүрэм журмаар нь угсардаг болохоор техникийн эрсдэл гардаггүй байлаа. Биеийн тамирын хэрэглэл материалын үйлдвэрийг анх санаачилж байгуулсан хүний нэг нь би. Савхин материалуудын хаягдлыг ашиглаад хүмүүсийн ажлынх нь онцлогт тохируулан хувцас, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь эрэлттэй бараа болсон. Савхин хувцас зүйдэлтэй ч гэсэн чанар сайтай. Үүнээс гадна бөхийн дэвжээ, боксын тамирчдын мишок хүртэл хийсэн. Ажлаа төлөвлөсөн хугацаандаа дуусгахын тулд тамирчдаа үйлдвэрийн ажилчнаар ажиллуулна. Тэд өдөр нь ажлаа, орой нь бэлтгэл хийнэ. Тухайн үед найман сая төгрөгийн хэмнэлт гаргасан байсан. Цех үйлдвэр болон өргөжиж, тасагтай болоход Орост суралцаад ирсэн инженерүүдийг ажиллуулах болсноор ажлаасаа чөлөөлөгдөж, “Хөдөлмөр” нийгэмлэгт дасгалжуулагчаар очсон.

АХ, ДҮҮСИЙНХЭЭ ХҮҮХДҮҮДЭЭС НЭГИЙГ НЬ Ч БӨХИЙН СПОРТОД ЗҮГЛҮҮЛЭЭГҮЙ

-Та ах, дүүсийнхээ хүүхдүүдийг бөхийн спортод дөхүүлээгүй гэдэг. Спортын хэцүүг биеэрээ туулсан болохоор тэднийг хайрласан хэрэг үү?

-Нутгийн ах, дүүс хүүхдээ бөх болгохоор дагуулж ирнэ. Хүүхдийг нь шинжээд нүүрэн дээр нь “Чи бөх болох хүн биш. Тамирчны амьдралаар замнаж ч чадахгүй. Өөрийнхөө дуртай мэргэжлийг сонгож, ажилла” гээд явуулчихдаг байсан. Тэднийг чөлөөт бөх сонирхсон ч бэртэж, гэмтэнэ гээд барилдуулаагүй. Тамирчдыг барилдаж байхдаа бэртэхийг нь нэг бус удаа харсан тул спорт руу нэгийг нь ч зүглүүлсэнгүй. Залуудаа тамирчны амаргүй амьдрал туулж, багагүй мэдэрсэн болохоор тэр шүү дээ. Манай нэг дүү залуудаа надаас өндөр, хүч бяраар илүү байсан. Тэрбээр “Та намайг үндэсний бөхөөр хичээллүүлсэн бол би өдийд улсын заан цол хүртчихсэн байгаа” гэж гомдоллодог юм. Бөх болъё гэж сонирхохгүй байхаар нь би албадаагүй юм. 

Миний том хүү инженерийн ангид сурдаг оюутан байхдаа чөлөөт бөх сонирхож, хичээллэмээр байгаагаа хэллээ. Тэгэхээр нь “Чи сонирхож байгаа бол бэлтгэл дээр оч” гэв. Тэгээд ирэхээр нь нөгөө дасгалжуулагчдаа “Чи манай хүүхэдтэй ажиллаад үз. Энэ нөхөр барилдахыг сонирхоод байна. Хэрэггүй гэж зөвлөсөн ч үгэнд орохгүй юм. Би бөх болгохгүй. Тэгэхээр чи хаширтал нь хэд сайн шидээд орхи” гэсэн. Тэгсэн хүү гэртээ ирээд ээждээ “Аав намайг чи бөх болохгүй, тэр төмөртэйгөө зууралд гэж хэлээд хөөгөөд явуулчихлаа” гэж уйлсан гэдэг. Манай хүүхдүүдээс гурав нь инженер мэргэжил эзэмшсэн. Бага хүү инженер болох гэж МУИС-д сурч байгаад “Энэ мэргэжил дэмий санагдаад байна, өөр ажил хийе” гээд хувиараа бизнес эрхлэх болсон. Бид хоёр хүү, гурван охинтой. Том охин инженер, дундах нь оёдолчин, үйлэнд уран, бага нь Биеийн тамир, спортын хороонд мэргэжилтнээр ажилладаг. Хүүхдүүд минь түрүүчээсээ өвөө, эмээ болж байна.

Д.Тэрбиш эгч бидний яриаг сонирхолтой болгож “Манай хүүхдүүд аавынхаа инженер мэргэжилд дуртай. Би том охиноо эмч болгох гээд дийлээгүй, механик инженерийн анги сонгоход нь дурамжхан байлаа. Түүнд үглэж, зөвлөж, ятгаж үзлээ нэмэргүй. Тэгээд бухимдсандаа гараа далайтал дүү нь миний гарыг барьж аваад “Ээж ээ, хүн өөрийн сонирхсон мэргэжлээ сонгох эрхтэй шүү дээ. Таны эмч мэргэжлийг заавал сонгох албагүй биз дээ” гэлээ. Үүнээс хойш дахиж эмч болгох тухай яриагүй. Ханийн минь ах, дүүсийн хүүхдүүдээс инженерийн мэргэжил сонгосон байдаг юм. Тэгэхээр дархчуудын удам яваад л байгаа юм” гэсэн юм.

-Гэрийн тань хойморт олон медаль залаастай харагдана. Ихэнх нь эртнийх юм, залуудаа хүртсэн шагнал бололтой.

-Туузанд зүүсэн медаль 200 гаруй бий. Үүнээс хоёр алт, дөрвөн мөнгөн медаль надад өөдрөг бодол төрүүлдэг. Шагналын ихэнхийг шавь нарын минь тэмцээнд багаараа оролцож түрүүлсэн медаль эзэлдэг юм. Багаараа түрүүлэхэд багшид нь ч бас медаль өгдөг. Би 2000 оны эхээр эмэгтэйчүүдийг чөлөөт бөхөөр дасгалжуулж эхэлсэн. Бэлтгэл хийлгэхдээ “Хүний охиныг барилдуулж байгаад гэмтээчих вий дээ, хожим нөхөрт гарахад нь яана. Аав, ээжид нь юу гэж хэлэх юм” гэж боддог байлаа. Миний шавь болсон эмэгтэй тамирчин олон бий. Би дэвжээнийхээ жаахан зайд тэднийг бэлтгэл хийлгэдэг байлаа. Охидыг чөлөөтөөр анх хичээллэхэд спорт сонирхогчид таатай хүлээж аваагүй. Бөхийн спортоор эрчүүд барилддаг гэсэн ойлголт давамгайлж байсан үе. Миний удирдлагад бэлтгэл хийсэн эмэгтэйчүүд багаараа 2006 онд оюутан залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртэж, аварга болж байлаа. Тэднээс Д.Нармандах, Ю.Гандолгор нар дэлхийн аварга болсон. Би шавь нараа тоолдоггүй. Тэднээс 20 гаруй нь төрийн цол хүртсэн. Би 21 тамирчинд бөхийн спорт зааж, МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд сургасан. Тэд одоо аймагтаа дасгалжуулагчаар ажиллаж байна.

-Бөхчүүд хатуу тоглоомтой. Залуу тамирчид ахмадуудаасаа суралцахаас гадна тоглоомыг нь даах амаргүй байсан тухай өмнө нь сонсож байлаа.

-Үнэн л дээ. Тухайлбал, “Хүүхнүүд хайртай гээд л байдаг юм билээ, үнэнийг нь шалгая” гээд нэгнийхээ эхнэрт худал хэлж сорино. Наадмын өмнөхөн Тэрэлжид бэлтгэл хийж байтал бөхчүүд манай хөгшинд “П.Дагвасүрэн, Х.Намшир нар бэртчихлээ” гээд хэлчихэж. Хөгшин сандраад улсын арслан П.Дагвасүрэнгийн эхнэрт хэл дуулгажээ. Тэд тулгар биетэй төрөх дөхсөн. Замын унаанд дайгдаж, алхах үедээ алхаж явсаар бэлтгэл хийж байгаа газар ирэхэд нь П.Дагвасүрэн бид хоёр хөлбөмбөг тоглоод хээвнэг гүйж явахгүй юу. Эхнэр ч уурлах, гайхах, гомдох зэрэгцээд хачин. Маргааш нь ажилдаа очоод эмнэлгийнхээ даргад явсан учраа хэлэхэд “Би чиний ярьсан зүйлд итгэж байна. Энэ бүхэн үнэн гэдгийг харцнаас тань мэдэрлээ. Чамайг ажлаас халахгүй, харин цалингаас чинь гурван хоногийн мөнгө хасна шүү” гэсэн байгаа юм. Түүнээс хойш дахиж хатуу тоглоогүй.

-Та одоо “Аварга” биеийн тамирын дээд сургуульд зөвлөх багшаар ажиллаж байгаа юу?

-Б.Бат-Эрдэнэ аваргын сургуульд зөвлөх багшаар найман жил ажиллалаа. Тэр сургуулиас төрсөн чөлөөт бөхийн тамирчид миний отгон шавь. Надтай үеийн үеийн шавь нар минь байнга холбоотой байдаг. Биеийг минь асууж, эргэж тойрно. Би сайн ханийн асаргаа сувилгаа, олон шавийн анхаарал халамж, сайн эмч нараар эмчлүүлсний хүчинд өдий зэрэгтэй яваа. Бөхийн спортын тухай таагүй үг унагавал одоо ч гэсэн дурамжхан хүлээж авдаг. Надад хэчнээн загнуулсан ч хаяад явсан тамирчин ховор. Би шавь нартаа зааж байсан сургалтын аргаа ном болгож хэвлүүлэх бодол бий. Бөхийн зохион байгуулалт, мэхний төгсгөлийн талаар ном бичиж байгаа. Х.Баянмөнх аваргын бичсэнээр 700 гаруй, харин минийхээр бол 13 мэх бий гэж боддог. Нэг мэх хийхэд дараагийнх нь өмнөхөө давтсан байдаг юм. Шавь Ю.Гандолгортойгоо номоо хамтран бичиж байтал хүүхэд төрүүлээд завгүй болсон. Юутай ч зорьсноо хэрэгжүүлнэ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулж, үг хэлэхдээ таныг “Миний анхны багш” гэж онцолсон шүү дээ.

-Цэнгэлдэх хүрээлэнд үндэсний бөхийн барилдаан болсны дараа Ж.Халтмаа гуай дуудлаа. Яваад очтол “52 дугаар сургуульд хүүхдүүд барилдаж байгаа. Хоёулаа замаараа харчихаад явъя” гэв. Очтол Х.Баттулга нэг хүүхдийг солгой талд нь өмсөөд, алдчихав. Надад “Энэ хүүхэд барьцтай барилдаанд бол алдахааргүй юм байна” гэсэн бодол төрсөн. Төд удалгүй Х.Баттулга дүү Баттуулынхаа хамт надад шавь оров. Дүү нь чөлөөт бөхөөр барилдвал сайн бөх болохоор харагдаад байлаа. Тэгтэл “Хөдөлмөр” нийгэмлэгийн дарга нэг өдөр “Чи нэг секцээ Д.Цэрэнтогтоход өг” гэв. Би хүүхдүүдээ жагсаагаад нэг, хоёроор тоолуулаад хуваатал ах, дүү хоёр чөлөөт бөхийн секцэнд үлдээд болдоггүй. Тэгэхээр нь нэг хүүхдийн байрыг нь сольж байгаад дахин тоолуултал Х.Баттулга Д.Цэрэнтогтохын секцэд орох болсон. Х.Баттулга надад гомдож, бас баярлаж уйлсан байдаг юм. Нэг нь гэртээ хариад аавдаа “Багш намайг өөр секцэнд оруулчихлаа” гэж, нөгөө нь самбо бөхийн дэлхийн аварга болсныхоо дараахан “Багш, намайг яаж мэдэв ээ” гээд уйлсан гэдэг. Үнэнийг өгүүлэхэд аав нь бөхийн засуул учраас хөвгүүдээ бөхөөр хэрхэн барилдахыг надаас дутуугүй мэднэ. Гэхдээ л надаар шинжүүлсэн хэрэг. Аав нь намайг дагуулж яваад хүүхдийн барилдааныг үзүүлснээр л би тэгж тааруулж хуваарилсан юм. Дүү нь сайн бөх болсон шүү дээ. Дэлхийн цомын тэмцээнд багаа оролцуулахад Х.Баттуул түрүүлж байлаа. Тэгэхээр би буруу хараагүй байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)