Х.Мандахбаяр: Сэтгүүлчийн эрхэнд халдсан цагдаад хариуцлага тооцохгүй бол бид гудамжинд гарч тэмцэнэ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр ажил үүргээ гүйцэтгэж буй сэтгүүлчдийн мэргэжлийн эрх зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдах байдал үеийн үед гарсаар ирсэн. Гэвч сүүлийн үед хэтэрхий зэрлэг, балмад шинжтэй болж байна. 

Урьд нь сэтгүүлчдийг загнадаг байсан бол одоо зоддог боллоо. Энэ бол хувь хүмүүсийн хоорондын асуудал биш. Харин Монголын ардчилалд маш том аюул учирч байгаагийн тод жишээ.

Ганц хүн энэ бусармаг нийгмийн эсрэг зогсоход мэдээж ганцаардах зүйл бий. Зариг.мн сайтын Өнөрцэцэг, Доргио.мн сайтын Баярмаа нарт тохиолдсон явдлууд нь хууль хүчний байгууллагын томоохон албан тушаалтнуудтай холбоотой. 

Энэ асуудлаар МСНЭ-ийн хуулийн баг, удирдах зөвлөл хуралдсан. МСНЭ мэргэжлийн байгууллагын хувьд сэтгүүлчдийг дарамтлах, монголчуудын мэдэх эрхэнд халдаж байгаа энэ асуудал дээр тууштай ажиллаж, хариуцлага нэхэж ажиллана. 

Хэрэв сэтгүүлчийн эрхэнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцохгүй бол бид хөл хориог үл хайхран гудамжинд гарч тэмцэхээс өөр сонголт байхгүй.

Иймээс МСНЭ-ээс ЦЕГ, АТГ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо руу шаардлага хүргүүлж байна. Мөн энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын дарга нар болон сэтгүүлчдэд хандан сэтгүүлчдийн эрх зөрчигдөж буй энэ асуудлаар дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа тэмцэхийг уриалж байна" хэмээлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)