Х.ДАВААДОНДОГ: Малын хулгайчид оноож байгаа ял хөнгөдөж байгаа

2018 оны тооллогоор Монгол Улс 66 сая гаруй толгой малтай болсон. Хүн амынхаа тоотой харьцуулахад хэдэн арав дахин их малтай атлаа энэ оны аравдугаар сарын байдлаар махны дундаж үнэ 10 334 төгрөг байв. Голлох хүнс нь мах болдог монголчуудад энэ нь өндөр ханш. Махны үнэ өндөр, хэрэглээ их байх тусам иргэд буруу замаар, хялбар аргаар мөнгө олохын тулд мал хулгайлж зарах нь ихэсдэг хэмээн хууль сахиулах байгууллагынхан өгүүлэв. Мал хулгайлах хэргийн талаар ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, ахмад Х.Даваадондогтой ярилцлаа.

-Он гарсаар малын хулгайн хэчнээн хэрэг бүртгэгдсэн бэ?

-2019 оны эхний есөн сарын байдлаар 1269 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 85.3 хувиар өссөн үзүүлэлт. Хүлээн авсан мэдээллийн 87 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 1188 хэрэг байсны 412-ыг нь илрүүлсэн. Гэмт хэргийн илрүүлэлт 34 хувьтай байгаа.

-Малын хулгайн хэрэг аль бүс нутаг, аймаг, сумд их гардаг бол?

-Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ихэвчлэн бүртгэгддэг. Энэ аймгууд мал ихтэй, бэлчээрийн даац сайтай, төв замтай учир бартаа саад багатай. Түүнчлэн эдгээр аймагт махны томоохон зах, үйлдвэрүүд ажилладаг. Энэ байдлаас үүдэн малын хулгайн хэрэг харьцангуй их.

-Малын хулгайчид ногдуулдаг ялын хэмжээ хөнгөн гэж иргэд ч улстөрчид ч шүүмжилдэг. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинээр баталсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд Мал хулгайлах гэмт хэргийн талаар заасан. Иргэдийн дунд малын хулгайч найман бод, 24 богоос доош мал хулгайлбал эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн ташаа ойлголт байдаг. Үнэндээ дээрх хуульд зааснаар нэг бод, нэг бог байсан ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ял шийтгэл оноодог. Мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулж буй ялын бодлогод өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Гишүүд намрын чуулганаар хуульд өөрчлөлт оруулах саналыг өргөн барьсан байгаа. Ер нь бол малын хулгайч нарт оноож байгаа ял хөнгөдөж байгаа нь үнэн.

-Гэмт этгээдүүд аймаг дамжин хулгайлдаг уу?

-Мал хулгайлах гэмт хэргийн онцлог нь хөдөө, хээр, бэлчээрт ямар нэгэн гэрчгүй үйлдэгддэг. Ул мөр, нотлох баримт бага үлддэг. Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийн олонх нь өмнө нь малын хулгайлсан хэрэгт шийтгүүлсэн иргэд байдаг. Тэднийг хөршийнхөө малыг аймаг, сум дамжуулан тууж, хулгайлдаг гэсэн баримт байхгүй. Нөхцөл байдлаас л шалтгаалдаг.

-Хулгай хийхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураагаад байх юм бол энэ төрлийн гэмт хэрэг буурах бус уу?

-Ихэнх тохиолдолд улсын орлого болгодог.

-Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байгаа вэ?

-Мал эмнэлгийн ерөнхий газар, МХЕГ, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, ХХААХҮЯ болон МҮОНТ, “Малчин”, ТВ5 зэрэг хэвлэлийнхэнтэй хамтран ажиллаж байна. Тухайн байгууллагад бүртгэгдсэн алдсан, олсон малын зарыг харьяалах орон нутгийн цагдаагийн байгууллагад хүргүүлж байгаа. ТВ5 телевизтэй хамтран “Шинэ хөдөө” төсөл хэрэгжүүлж дуусгалаа. Аймгуудын Цагдаагийн газар, хэлтсийнхэн малчны бүлэгтэйгээ байнгын хамтын ажиллагаатай байгаа.

-Малаа алдсан иргэд цаг тухайд нь цагдаагийн байгууллагад ханддаг уу?

-Малаа хулгайд алдчихаад, алдсанаа мэдэхгүй малчид өөрсдөө хайж, цаг алдан олон хоногийн дараа цагдаад ханддаг. Хэрэв ямар нэгэн байдлаар хулгайд алдагдсан нь тогтоогдохгүй бол алдуул малд бүртгүүлж, харьяа сумынхаа хэсгийн төлөөлөгч нарт мэдэгддэг. Алдуул мал болгоны цаана хулгайн гэмт хэрэг байхыг үгүйсгэхгүй. Учир нь нутагтаа олон жил идээшсэн, тэр газраас хаашаа ч явдаггүй мал гэнэт нэг өглөө байхгүй болно гэдэг чинь сэжигтэй шүү дээ.

-Хулгайчид их харгис аргаар мал нядалсан байдаг. Үүнд хуулийн ямар нэгэн зохицуулалт байдаг уу?

-Ийм тохиолдолд хуулийн ямар нэг хариуцлага нэмж тооцдоггүй. Мал хулгайлаад нядалсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 17.12-т зааснаар ял шийтгэж байгаа. Зөвшөөрснөөс өөр, бусад газар мал төхөөрөх гэж Зөрчлийн тухай хуульд заасан. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг.

-Өмнө нь малын хулгай хийж байсан этгээд давтан үйлдэх нь элбэг. Энэ нь шийтгэл сул байгаатай холбоотой биз дээ?

-Тийм. Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэн шалгаж байх явцад шүүх, прокуророос гэмт этгээдийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ төдийлөн авдаггүй. Ногдуулсан торгох арга хэмжээг барагдуулахын тулд хэрэгтнүүд мал дахин хулгайлах нь түгээмэл. Малын хулгайн гэмт хэрэгтнүүдийн 70-80 хувь нь давтан хэрэг үйлддэг. Эрүүгийн хуулийн 17.12.12-т зааснаар хорих, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг ял оноож байгаа.

-Олон, цөөн тооны мал хулгайлсан тоогоороо ялын заалт нь өөр байдаг уу?

-Энэ хуульд хүндрүүлэх нөхцөл гэсэн заалт бий. Бусдын олон тооны мал хулгайлсан бол 2-8 жил, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон , зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жилийн ялтай эдгээр үйлдлүүд нь хүндрүүлэх нөхцөлд орно. Олон тооны мал гэдэг нь нэг удаагийн үйлдлээр найман бод 24 богоос дээш тооны мал хулгайлбал. Хэрэв долоон адуу хулгайлах юм бол хүндрүүлэх нөхцөлд орохгүй.

-Малын хулгай ихэвчлэн бүлгээр үйлдэгддэг гэмт хэрэг. Цагдаагийн алба хаагч нарын хүн, хүч хэр хүрэлцээтэй байдаг бол?

-Малын хулгайтай тэмцэж байгаа хүмүүс нь сумдын хэсгийн төлөөлөгч, орон нутагт ажиллаж байгаа алба хаагч нар. Улаанбаатар хотод бол ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ажилладаг. Мөн сумдын хэсгийн төлөөлөгч нарт заавар, зөвлөгөө бид өгдөг. Хуучин 21 аймгийн 13-т нь Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ажиллаж байлаа. Тодорхой шалтгааны улмаас есөн хэлтсийг татан буулгасан. Одоо Хэнтий, Төв, Увс, Баян- Өлгий аймагт хэлтэс ажиллаж байна. Хүн хүчний хүрэлцээ ерөнхийдөө дутмаг.

-Малын хулгай яагаад буурахгүй байна вэ?

-Олон шалтгаан бий. Мал, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн тоо өмнөх жилийнхтэй харьцуулахад өссөн. Махны үнэ өндөр, олдоц ховор байгаа. Хүн амын амьжиргааны түвшин доогуур, ажилгүйдэл, ядуурал ихэссэн. Мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүний худалдаа хяналтгүй, мал, мах бэлдэх тогтолцоо бүрдээгүй, ченжүүдийн үйл ажиллагаанд суурилсан байдалтай. Малчдын маллагаа, хараа хяналт тааруу, тэдний бүлэг, бөөгнөрөл сул зэрэгтэй холбоотой. Онцолж хэлэхэд, малын хулгай энэ жил л өссөн юм биш. Цагдаагийн байгууллага шинэ хуулийнхаа хүрээнд бүх хэргийг шалгаж, бүртгэж эхэлснээс хойш тоон үзүүлэлт өндөр гараад байгаа. Малын хулгай өмнө нь ч өндөр байсан.

Бэлтгэсэн: Б.Мөнхбаатар


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)