Х.БАЯРМАГНАЙ: Зурагнуудаас минь сэтгэл “үнэртэнэ”

Монголын театрын музейн хананд өлгөөтэй уран зургуудыг “Яг л гэрэл зураг шиг бодитой, гайхалтай юм” гэж үзэгчид шагшиж, зарим нь бүр нүүрээ наах шахам сонирхон харна. “Биширмээр, гайхалтай” гэж магтана. “Монголдоо уран зургийн шинэ төрөл, чиглэлийг тууштай хөгжүүлж буй уран бүтээлч” хэмээн бахархах нь ч олон. Ийнхүү олны сэтгэл, оюун, мэлмийг мялаасан гайхалтай бүтээлүүдийг “амилуулсан” зураачийг Халтарын Баярмагнай гэдэг. Хүмүүс Баяр гэдгээр нь илүүтэй мэднэ. Бие даасан гурав дахь том үзэсгэлэнгээ өнгөрсөн ням гарагт дэлгэхээс нь өмнө түүнтэй урланд нь уулзаж, ярилцсан юм. Зургуудаас нь гадна уран бүтээлчийнх нь, басхүү хувь хүнийх нь үзэл бодол, мөн чанарыг “ухахыг” оролдлоо. Жижиг гэлтгүй бүх зүйлд нягт, нямбай, нухацтай, олон талаар ханддаг нь ярилцлагын эхнээс л мэдрэгдэв.

“Үзэсгэлэнгээ “Хос чавхдас” гэж нэрлэсэн минь учиртай. Би харандаагаар бас зурдаг учраас энэ утгаар нь нэр бодсон. Хос гэсний өөр нэг санаа нь сэтгэлтэй минь холбоотой” хэмээсэн хос “морьтой” зураач Баяраа сүүлийн 20 гаруй жил гиперреализм (hyperrealism)-аар уран бүтээлээ туурвиж байна.

Ямар нэгэн төхөөрөмж, аппаратын тусламжтай буулгаагүй, зураачийн гараар бүтсэн, бодитоос ч “хэтийдсэн” дүрслэл нь фотореализм ч хэмээдэг эл урсгалын онцлог бөгөөд гайхамшиг нь юм. Түүнчлэн суперреализм гэж нэрлэдэг энэхүү урлагийг 1960-аад онд америк уран бүтээлчид бий болгосон түүхтэй. Тэгэхээр дэлхийн хэмжээнд ч шинэ тутамд хөгжиж буй гэж болно. 1970-аад оноос Европт эрчээ авсан эл чиглэлээр туурвидаг мэргэжлийн зураач Монголд олон биш. Магадгүй цөөн гэж тодотгож болно. Тэдний нэг нь судлаач, зураач Х.Баяр бөгөөд мэргэжилтнүүд түүнийг “Хайперреализмын хайпер уран бүтээлч” хэмээн тодотгосон юм. Эхэн үедээ янз бүрийн төрөл, чиглэлээр зурж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг хуулбарлангаа ур чадвараа дээшлүүлж, туршлага хуримтлуулахын зэрэгцээ өөрийн арга барилыг эрж хайсаар хайперреализмыг сонгосон талаараа Дүрслэх урлагийн сургуулийг 1994 онд дизайны зураач мэргэжлээр төгссөн тэрбээр ярилаа.

-Таны сонгосон эл урсгалыг фото, гипер, суперреализм гэхчлэн олон янзаар нэрлэдэг юм билээ. Чухам юугаараа ялгаатай юм бол?

-Бүгд нэг л урсгал, чиглэл. Гэхдээ гэрэл зургаас тэр чигт нь буулгасан нь фотореализм. Гэрэл зураг шиг хэрнээ түүнээс илүү бодитой харагдах бүтээлийг гипер буюу хайпер гэж байгаа юм. Энэ төрөл нь нягт нямбай ажилбар шаарддаг. Будгийг хамаагүй, замбараагүй нялж, бичих зэрэг асуудал байж болохгүй. Маш нарийн, уйгагүй ажилбар. Тиймээс л “бодитоос хэтийдсэн” гэж тодотгоод байгаа юм.

-Гиперреализмыг мажик буюу үлгэр, домгийн хэмээдэг хийсвэрлэлийн төрөлтэй “сүлэхээр” уран яруу илэрхийллийг ханатал гаргах боломжтой санагддаг. Тухайн уран бүтээлчийг ч илүү нээж, задалж, “өддөг” урсгал болов уу. Тиймээс олон улсын зураачид, сонирхогчдыг сүүлийн үед илүү татаад байх шиг. Монголд энэ чиглэлийг баримталдаг зураач тун цөөхөн юм билээ. Танаас суралцах хүсэлтэй хүүхэд, залуучууд хэр ханддаг бол. Та шавь бэлтгэх талаар боддог уу?

-Маш олон хүүхэд, залуучууд ханддаг. Гэхдээ би “Багш болоод амьдралаа өнгөрүүлэх үү, уран бүтээлээ хийх үү” гэж боддог. Нэгэнт л багшилчихвал ухарч болохгүй. Тэгэхээр хувийн уран бүтээлээ хийх цаг завгүй болно. Хүний мөнгө авчихаад “Намайг хараад сураарай” гээд хаяж болохгүй. Тэгэх ч эрх байхгүй. Сэтгэл минь ч зөвшөөрөхгүй. Аливаад маш их сэтгэл “дэвсдэг” зантай хүн, би. Зурагнуудаас минь ч сэтгэл “үнэртэнэ”. Тиймээс би надад хандсан хүүхдүүдийн итгэлийг хөсөрдүлэхгүйн тулд “Сургалт явуулж чадахгүй” гэж шууд хэлдэг. Үүнээс гадна надад багшлах авьяас, зан чанар бий юү гэдгийг бодох ёстой. Мөнгө л хөөгөөд багшлах буруу.

-Таны зурсан түүхэн хүмүүсийн хөрөг амьдралаа “яриад”, маш их зүйл өгүүлээд байх шиг. Кино үзэж, ном уншиж байгаа сонирхолтой өгүүлэмжтэй юм байна. Туурвилын энэ аргыг чухам юу гэж нэрлэдэг юм бэ?

-Фантаз буюу мажик артыг хайпертай хослуулсан бүтээлүүд л дээ. Үүнд ур чадвар, мэдрэмж, гүйцэтгэл маш чухал. Хэдийгээр гоё сэтгэсэн ч гэсэн гүйцэтгэл тааруу зургууд харагддаг л юм.

Түүний урланд жанжин Д.Сүхбаатар, Ж.Лхагвасүрэн, маршал Х.Чойбалсан, Л.Дандар баатар нарын Монголын төр, нийгмийн олон зүтгэлтэн “цуглажээ”. Бүгд гойд сонирхолтой бүтээл аж. Д.Сүхбаатарын ард В.И.Ленин, Богд хааныг дүрсэлсэн учрыг нь лавлахад “Хөрөг гэхээр тухайн хүнийг л дүрслэх нь надад хангалтгүй санагддаг. Түүний тухай илүү ихийг таниулж, хүч нэмэх зүйлийг зохиомжлохыг хичээдэг. Үүний тулд илүү өргөн сэтгэж, судалж, унших нь чухал. Д.Сүхбаатарыг Ленинтэй уулзсан, шинэ нийгэм рүү хөтөлсөн гэхчлэн үйл хэрэг талаас нь сурталчлан, ухуулдаг, цэргийн жажин гэдгийг нь товойлгодог байлаа. Тэгвэл хувь хүн талаасаа тэрбээр “асуудалтай” байсан зэргээр ярьж, бичих болсон. Үнэн, худлыг дэнслэхдээ гол нь биш, судлаад мэдсэндээ түшиглэн өөрийн сэтгэснээр хөргийг нь бүтээхийг хүссэн юм. Тэрбээр Богд хааныг хүндэлж, шүтдэг байсан талаар баримт бий. Энэ бүтээлийн минь эх болсон гэрэл зураг дээр жанжин тамхи татаагүй байсан. Тамхи бол миний бас нэг зохиомж” гэв.

Түүхэн хүмүүсийг гэрэл зургаас нь сэргээж, “амилуулахдаа” туулсан замнал, алдаа оноо, хувийн зан байдал зэргийг нь ч тусгахыг зорьдог талаараа зураач өгүүллээ. Тиймдээ ч Ж.Лхагвасүрэн жанжныг театрын хөшигний өмнө дүрсэлжээ. “Ж.Лхагвасүрэн чөлөөлөх дайнд оролцсон, цэргийн жанжин ч гэлээ Батлан хамгаалах яаманд байхдаа олон барилга, бүтээн байгуулалтын ажил удирдсан юм билээ. Тэгэхээр шинэ нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулжээ гэсэн өнцгөөс хөшиг зурсан. Театрын хөшиг нээгдэхэд шинэ үзэгдэл эхэлдэгтэй адил санаатай юм” хэмээн тайлбарлав. Энэ мэтээр тэрбээр зураг бүртээ том санаа “шигтгэж”, далайцтай зурдаг нь бүтээлч сэтгэлгээнийх нь илэрхийлэл болов уу.

Нөгөөтээгүүр, Х.Баяр дотоод мөн чанараа бүтээлдээ шингээдэг гэсэн. Жишээ нь, Х.Чойбалсангийн хөргийн ард бараан үүлс “дэвсжээ”. Түүнийхээр бол энэ хүний гавьяа их ч бүрэн цагаатгахад бэрх учраас ийнхүү “бараан”-аар дүрсэлж, зөөлөн, хүнлэг нигүүлсэнгүй (гуманист) мөн чанараа илэрхийлжээ.

-Уран бүтээлчдийн ажилд судалгаа чухал. Ялангуяа түүхэн сэдвээр “оролддог” зураачдыг түүхч, судлаач гэж болмоор санагддаг. Таны бүтээлүүдээс харахад социализмаар замнасан Монголын түүхийг, хэлмэгдүүлэлтийн үеийг түлхүү судалдаг бололтой. Яагаад энэ үеийг онцлох болов?

-Миний төрж, өссөн, төлөвшсөн нийгэм шүү дээ. Тэр утгаараа илүү наалдацтай, ойрхон сэдэв. Би 1920-иод оноос хойших түүхэн үйл явдал, бүтээн байгуулалт, төр, нийгэм, урлаг, соёлын зүтгэлтнүүдийн талаар өөрийн чадахаар бас нэгэн түүх үлдээхийг хүсэж байна. Үүний тулд маш их уншиж, судалж, тал бүрийн материал цуглуулах шаардлагатай. Тэгж байж үнэнд илүү ойртсон бүтээл хийнэ. Нөгөөтээгүүр, би түүхийг олон талаас нь харахыг хичээдэг. Хүчирхэг байх, оршин тогтнохын тулд гэсэн шалтгаанаар хүн хороох, дайн байлдаан хийхийг буруу гэж үздэг гуманист хүн. 1921 оноос хойших түүхэнд хамгийн харамсмаар үйл явдал нь их хэлмэгдүүлэлтийн үе гэж боддог. Хамгийн сайн, сайхан, сор болсон хүмүүсээ буудаад алчихсан нь туйлын эмгэнэлтэй.

-Зураачидтай уулзахдаа хийсвэр нэг асуулт тавьдаг уламжлалтай. Түүхийн аль нэг цаг үеийг нүдээр үзэх боломж олговол та чухам хэдэн оныг сонгож, хаана очиж, юу харах вэ?

-Олон зуун алгасаж явахгүй. Бид ХХ зууны үеийн, “саяхны” гэмээр түүхээ хэр мэдэж байгаа вэ. Бидний дүгнэлт бодитод нийцэх үү, харж байгаа өнцөг зөв үү гэхчлэн бодох зүйл их бий. Зарим түүхийн хувьд 100 хувь эргэж байна. Магадгүй дахин эргэхийг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр би 1950-1960 онд очихыг хүснэ. Нийслэл маань орчин үеийн төрхөндөө орж эхэлсэн, гэгээлэг бахархалтай сайхан тэр үеийг бид кино, гэрэл зургаас харж байгаа ч бодит байдалд яг ямар байсныг биеэр мэдэрч, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан тэр үеийн баатруудыг харж, уулзахыг хүснэ. Би социалист чиг баримжаатай байсан 70 жилийн түүхээр бахархдаг. Хэдийгээр хувь хүний эрх чөлөө хумигдмал байсан ч шинэчлэл, өөрчлөлт, соён гэгээрэл, боловсрол талаасаа үр дүнтэй хөгжсөн, хотын төрхийг зөв цогцлоосон гайхалтай үе. Өнөөдөр Улаанбаатарын төрх гэвэл бачим, замбараагүй барьсан барилгууд л байна.

-“Аз жаргалтай” хотын дүр төрх таалагддаггүй хэрэг үү?

-Үнэнийг хэлэхэд, таалагдахаа больсон. Аз жаргалтай хот мөн үү. 1980-аад онд бол хүлээн зөвшөөрнө өө. Зохион байгуулалт, эмх цэгц, бүтэц гээд бүгдийг төлөвлөж, цогцоор нь зөв дүр төрхтэй хотыг тэр үед бүтээн байгуулсан юм. Гэтэл өнөөдөр алгын чинээ газрыг нь зарж, мөнгө л болгож байвал юу, хаана барих нь падгүй болсон. Хэтэрхий шүүмжилж байна гэж бодохоосоо өмнө тунгааж бодоосой.

-Тэгвэл өнөөгийн Улаанбаатарыг будгаар илэрхийл гэвэл та ямар өнгө сонгох вэ?

-Тийм ийм гэж шууд хариулахгүй. Би их удаан боддог. Сэтгэлийн хөдлөлөөр үг “унагах” дэмий. Шог зураач С.Цогтбаяр ахын нэг зураг бий. Хөдөө нутагт гоё солонго татсан байна. Хотод харин солонго нь зүрхний бичлэг шиг болсон байдаг. Улаанбаатарыг ингэж л харж байна. Үнэхээр стресстэй. Эмх замбараагүй байдлаа шийдвэрлэхгүй байгаад нь хамгийн их бухимдмаар.

-Таны түүхэн хөргүүдэд тайлбар үгүйлэгддэг. Тайлбарлаж байж зохиомж, санааг тань хүмүүст илүү ойлгуулах болов уу. Нөгөө талаасаа танин мэдэхүйн ач холбогдолтойгоос гадна уран зургийн шүүмжийн төрөл хөгжихөд тустай байх. Манайд уран зургийн шүүмж бичдэг хүн байна уу?

-Их зөв асуудал хөндлөө. Хөгжмийн болон жүжиг, утга зохиолын шүүмж гэж сонссоноос биш, уран зургийн талаар мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт өгсөн шүүмж бичлэг хараагүй. Шүүмж бичдэг хүн байгаа, эсэхийг ч сайн мэдэхгүй юм. Тиймээс зураачид бүтээлийнхээ талаар өөрөө бичээд байлтай биш, хэцүү л дээ.

-Энэ талын мэргэжилтэн үгүйлэгдэж байгааг уран зураачид нэгдээд харьяа яам, тамгын газартаа уламжилж, хүсэлт гаргаж болохгүй юм уу. Зөвхөн зураачдад бус, үзэгчдийн боловсролд, Монголын уран зургийн урлагт ч чухал асуудал санагдах юм. Магадгүй да Винчийн “Мона Лиза”-г сурталчилж, шүүмжлээгүй бол дэлхийд танигдахгүй байсан ч юм бил үү. Шүүмж бичихийн хамгийн чухал ач холбогдол нь таниулан сурталчлах шүү дээ.

-Тийм шүү, үзэгчид “Гоё зураг” гэх нь мэргэжлийн үнэлэлт дүгнэлт биш учраас хангалтгүй. Нийгмийн шаардлагад нийцэж байгаа, эсэх, олон улсын тавцан дахь бүтээлүүдтэй харьцуулахад ямар байгаа юм, чиглэл, төрөл нь юу вэ гэхчлэн нарийн мэргэжлийн үүднээс тайлбарлаж, дүгнэх нь чухал. Цаашлаад үзэгч, уран бүтээлчдийг холбох, аль ч талдаа өгөөжтэй шүүмж үнэхээр үгүйлэгдэж байгаа. Яваандаа болох биз дээ. Уран зургийн урлаг өндөр хөгжсөн орнуудад үзэгчид нь бараг мэргэжлийн түвшнийх болчихсон байдаг. Тэгэхээр манайх хөгжлийн үе шатаа дамжаад явж байна гэж боддог. Бид 1950-иад онд тосон будгийн зурагтай “золгож” байж орчин үеийн дүрслэх урлагийн талаар ярих болсон. Нэг зүйл онцлоход, монгол зургийн урлагийг үүнтэй хольж болохгүй. Энэ бол тусдаа, маш том урлаг, шинжлэх ухаан.

Миний бодлоор, шинээр байгуулсан Соёлын яам аливаа урлагийн үзэгчдийг бэлтгэх, тэдний боловсролыг анхаарч ажиллаасай. Тэгж байж урлагийн үнэ цэнийг ялгаж, мэдэрдэг болно. Цаашлаад жинхэнэ уран бүтээл үү, арилжааных уу гэдгийг ч ялгаж, салгадаг болно. Нөгөөтээгүүр, урлагийн бүтээл тайлбарладаг, тухайлбал, галерей, музейн ажилтнуудаа төрөлжүүлэн, чадавхжуулах, тусгайлан бэлтгэх шаардлагатай.

-Бие даасан уран бүтээлчдэд тулгамддаг асуудлыг хөндмөөр байна. Урлан түрээслэхээс эхлээд “явдал суудал” их бий.

-Бэрхшээл их бий. Улсын “дээвэр” бат бэх биш, итгэл даахгүй байгаад бухимдаж байгаа ч би өөдрөгөөр бодож, харахыг хүсэж байна. Бидэнд эрх чөлөө гэдэг том давуу тал бий. Эрх чөлөөтэй хүн хүссэнээ хийх боломжтой. Бид мэдээллийн эрин зуунд байгаа нь бас том давуу тал. Тиймээс сэтгээд, бодоод, хийгээд л байх ёстой. Түүнээс биш намайг дэмжихгүй, харж үзэхгүй байна гэж гомдоллоод яах юм бэ. Тэгээд л байвал хүн хөгжихгүй шүү дээ. Байнга юм нэхээд байна гэдэг чинь халамжийн сэтгэлгээ. Ер нь зорилготой л байх хэрэгтэй.

-Та бүтээлүүдээ олон улсад танилцуулах эрэл хайгуул хийж байна уу. Тантай адил чиглэлээр зурдаг гадаадын зураачидтай холбоотой юу?

-Цахим орчин гэж үнэ төлбөргүй том талбар байна. Гадаадын зураачидтай холбоо, хэлхээ байхгүй. Энэ талаар бодоод л байгаа. Гэхдээ гадаадынхны сэтгэлгээ өөр шүү дээ. Тэдэнд таалагдах бүтээл хийсэн, эсэхээ би мэдэхгүй. Ямартай ч олон улсын хэмжээнд анзаарагдах сэдвээр зурах хэрэгтэй болов уу. Өөрийн хүрээнээс халих л ёстой. Тийм зорилго байгаа. Бодож л байна.

-Таны зурсан Дамчаа гуайн хөрөг Театрын музейн сан хөмрөгт бий. Өөр ямар байгууллагад бүтээл тань байгаа бол. Жишээ нь, Ю.Цэдэнбалын хөрөг тань гайхалтай. Нийгмийн нэгэн үеийн бүтээн байгуулалт, амьдралыг асар өргөн хүрээнд өрнөлтэй харуулсан, “Монголын нэг өдөр” бүтээлийн орчин цагийн хувилбар ч байхыг үгүйсгэхгүй гэж боддог.

-Би 1920-1990-ээд оны Монголын алдартай хүмүүсийн хөрөг бүтээх “төсөл” хувиараа хэрэгжүүлж байна гэхэд болно. Зөвхөн энэ хүрээнд 30 гаруй хөрөг бүтээжээ. Харандаагаар зурсан нь ч бий. Ю.Цэдэнбал даргын хөргийг хүмүүс сайшаадаг л юм. Би бас Г.К.Жуковын хөргийг Түүхийн хүрээлэнгийн захиалгаар зурсан шүү дээ. Түүхэн цувралын минь сүүлийн бүтээл. Халхын голын байлдааны 80 жилийн ойд зориулсан, бараг нэг жил зарцуулсан зураг. Бас их судалгаа шаардсан бүтээл болсон. Бал даргын хөрөг шиг их өрнөлтэй.

Монголын театрын музейд миний зурсан балетчин Э.Оюуны хөрөг бас бий. Энэ утгаараа тэр газартай би холбогддог учраас гурав дахь үзэсгэлэнгээ тэнд дэлгэхээр шийдсэн. Яагаад ч юм бэ, надад сайхан эрч хүч, энерги өгөх байх гэж догдлоод байгаа шүү дээ.

-Танд ямар сэдэвтэй зургийн захиалга түлхүү ирдэг бол?

-Монголчууд бэлгэдлийн зурагт дуртай. Бас байгаль зуруулахыг хүсдэг.

-Та өөрөөрөө бахархдаг уу?

-Намайг төрүүлж, өсгөсөн ээж, ааваараа л бахархдаг. Аав минь миний жинхэнэ бахархал, баатар байсан. Зурагт дурласан минь ч аавтай холбоотой. Хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг, гарын уртай, гоё зурдаг хүн байлаа. Өөрөөрөө гэхээсээ илүүтэй зураач болсноороо бахархдаг.

“Би өнөөдрийнхөө амьдралд сэтгэл хангалуун. Их мөнгө байхгүй ч надад эрх чөлөө, сэтгэл, сэтгэх ухаан байна. Амьдрал баялаг шүү дээ” хэмээсэн Монголын нэгэн сайхан зураачтай өрнүүлсэн ярилцлагаа энд хүрээд өндөрлөлөө. Түүний “Хос чавхдас” үзэсгэлэн Театрын музейд үргэлжилж байна. Та бүхэн их зохиолч Д.Нацагдорж, Дорнын найрагч Б.Явуухулан, суут эрдэмтэн Б.Ринчентэй “уулзаж, сэтгэлийг нь тольдож, Монголыноо түүхийн нэгэн үеэр “зурвас” аялахыг хүсвэл зураач Х.Баярмагнайгийн үзэсгэлэнд саатан морилоорой. Тэнд бас зураачийн сэтгэл, оюуныг гурван жил гаруй дуншиж, хөвчилсөн “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” хэмээх гайхалтай уран бүтээл нь ч бий. Мөн бийрийн “аргамжаанаас” хэдхэн өдрийн өмнө суларсан хүчит жигүүртний хурц хараанаас Х.Баяр зураачийн сэтгэлийг, уйгагүй их хөдөлмөрийг ч олж мэдэх болно. Миний барагцаалан тооцоолсноор, зөвхөн эл бүтээлийг төрүүлэхийн тулд бийрийг хэдэн арван сая удаа татжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)