Х.Баттулга: СЕХ-ны удирдлага өргөдлөө өгч огцрохыг шаардаж байна

УИХ-ын 2020 оны сонгуулиар байгуулагдсан найм дахь парламентын анхдугаар чуулган эхэллээ. Төрийн тэргүүн Х.Баттулга анхдугаар чуулганыг нээн үг хэллээ.

Тэрбээр "Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар иргэдийн итгэлийг авч, сонгогдсонд баяр хүргэе. Улс орны маань өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл бий. Иймд та бүхэн шуурхай ажиллан, зөвхөн зөв шийдвэр гаргах хариуцлагатай үед та бүхэн УИХ-ын гишүүн боллоо. Та бүхэн олны итгэлийг дааж, иргэдийн боломжийг хулгайлалгүй, урдуур нь орж, өөртөө ашиглах бус тэдэнд илүү их боломж олгож ажиллаарай. Улсын сангийн мөнгийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон зөрчлийг өмнөх УИХ-ын гишүүд удаа дараа гаргасан.

Тэд дээд байгууллагын нэр хүндийг унагаасан. Үйлдэл дээрээ баригдсан үед л УИХ-ын гишүүнийг баривчлах тухай хуулийн заалт бий. Үүнийг өөрчлөх цаг болсон. Үйлдэл дээр нь гэмтнийг баривчлах угаасаа боломжгүй юм.  Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотнынхондоо давуу тал үүсгэсэн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тендер авсан нь тогтоогдсон УИХ-ын маш олон гишүүн бий. Дунджаар нэг гишүүнд 5.3 тусгай зөвшөөрөл ногдож байгаа нь аж ахуйн нэгжүүдэд ногдож байгаагаас хамаагүй илүү байна. Та бүхэн ард түмэнд л үйлчлэх ёстой шүү. Тэдний итгэлээр далимдуулан өөрсдийн хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх учиргүй. УИХ-ын олон гишүүнийг хуулийн байгууллагууд шалгаж байна.  

2009 оноос хойш сонгуулийн ерөнхий хороо өөрчлөгдөөгүй байгаа нь асар их ялзарсан, надад хэн хэлхэв гэсэн биеэ тоосон байдал үүсгэсэн байна. Иймд СЕХ-ны удирдлага өргөдлөө өгч огцрохыг шаардаж байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)