Х.БАТТУЛГА: Манай дипломатчид цаг хугацааг зөв мэдэрч, ашиглаж чадсан юм билээ

ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 11-13-нд “Алс Дорнод: Боломжуудын хил хязгаарыг тэлэх нь” сэдвийн дор Дорнын эдийн засгийн чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгууллаа. Энэ гурван өдрийн турш бүс нутгийн болон олон улсын шинж чанартай зайлшгүй асуудлуудыг хөндсөн салбар хуралдаан, дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэг зэрэг 100 гаруй арга хэмжээнээс бүгдийн анхаарлыг нэгэн дор татсан нь ОХУ, БНХАУ, Монгол Улсын Төрийн тэргүүн, БНСУ, Япон улсын Ерөнхий сайд нарын оролцсон өргөтгөсөн хуралдаан байсан юм. Энэ үеэр хөндөгдсөн асуудал бүр Монгол Улстай шууд холбоотой бус байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга байр сууриа илэрхийлж байлаа.

Тухайлбал, тэдгээрийн нэг нь газар нутгийн маргаан. Өргөтгөсөн хуралдааныг хөтлөн явуулсан сэтгүүлч, “Россия” сувгийн “Вести и субботу” нэвтрүүлгийн захирал С.В.Брилёвын “Газар нутгийн маргаан энэ бүс нутагт танай улс, орнууд эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх зайлшгүй шалтгаан болж байна уу. Монгол Улсын хувьд газар нутгийн маргаан үгүй учраас азтай юм” гэх асуултад Ерөнхийлөгч Х.Баттулга “Бид азтай гэхээс илүү зохион байгуулалттай байж чадсан.

Бидэнд газар нутгийн маргаан байсан уу гэвэл байсан. Тухайн үед шаардлагатай яриа, хэлэлцээг хийж, баримт, бичгүүдийг үзэглэж чадсан учраас өнөөдөр Монгол Улс хоёр хөрштэйгөө газар нутгийн маргаангүй оршин тогтнож байна. Манай дипломатчид цаг хугацааг зөв мэдэрч, ашиглаж асуудлыг шийдсэн байдаг юм билээ. Биднээс туршлага судалж болно шүү” хэмээн нөхөрсөг хариулт өгнө лээ.

Харин Курилийн арлуудаас болж Японтой газар нутгийн маргаантай ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Хөрштэйгөө газар нутгийн маргаантай байсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ. Бид газар нутгийн маргаанаа шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Манай улс Хятадтай газар нутгийн маргаантай байсан. 40 жилийн турш хэлэлцээ хийсний үр дүнд бид аль аль талдаа хүлээн зөвшөөрөхүйц шийдвэр гаргаж, эл асуудлыг хаасан.

Одоо манай болон Хятадын бизнес эрхлэгчид Хабаровскийн ойролцоох арлуудыг хамтарч дэд бүтэц, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлж, ашиглах талаар ярилцаж байгаа. Японтой газар нутгийн маргаанаа шийдвэрлэхийн тулд бид энхийн гэрээ байгуулах талаар бодитой ярьж байгаа. Шинзо Абэ Ерөнхий сайдтай маргаантай арлууд дээр хамтарсан аж ахуйн нэгж байгуулах тухай ч ярилцаж байна. Та бүхэн газрын зураг харвал Курилийн арал маш жижиг, эдийн засагт нөлөөлөхүйц биш. Харин энэ бол улс төрийн маш эмзэг асуудал. Тиймээс үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт маш нарийн хандах ёстой.

Аль аль талдаа аятайхан шийдэх чиглэлээр ажиллаж байна” гэсэн бол Японы Ерөнхий сайд Ш.Абэ “В.Путин Ерөнхийлөгчтэй энэ талаар ярилцаж байгаа. Бид илүү ойр ойрхон уулзаж, байр сууриа тодорхойлох нь зүйтэй. Ийм асуудал байгаа нь биднийг ойр ойр уулзаж, бэрхшээлийн талаар хэлэлцэх боломж гаргаж буй хэрэг. Манай хоёр улс харилцаа, холбоогоо хөгжүүлэх хэлбэрээр аливаа дайсагнал, сөрөг хандлагыг арилгах боломжтой. 2016 онд Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн тохиролцоо одоог хүртэл тууштай хэрэгжиж байгаа. Бидний хамтын ажиллагаа өмнө байгаагүйгээр хурдтай хөгжиж, тодорхой төслүүд хэрэгжиж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын дарга Си Зиньпин “Газар нутгийн маргаан нь шийдвэрлэж болохгүй асуудал биш. Шийдвэрлэж болохгүй байлаа ч тухайн асуудалд хяналт тавьж болно. Ер нь газар нутгийн маргаан ч биш, аливаа асуудалд ингэж хандаж болно. Гагцхүү дайны аргаар асуудлыг шийдвэрлэх нь сайн санаа биш. Өөрөөр хэлбэл, асуудлыг хяналтад авч, хамтын ажиллагааны хэлбэрээ сонгох нь л чухал. Манай улс нэгдсэн байхыг эрмэлдзэг ч өөр хоорондын ялгаатай байдлыг хүндэтгэдэг. Газар нутгийн маргаантай улсууд энэ мэт нөхцөл байдал, түүхээс сургамж авч асуудлаа ойрын үед шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” хэмээж байлаа.

Мөн энэ үеэр үндэсний мөнгөн тэмдэгтээ хэрхэн хамгаалж, ам.долларт “дарлуулахгүй” байх талаар талууд байр сууриа илэрхийлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс Хятадын Төвбанкнаас төгрөгөөр юань худалдан авах (своп) хэлэлцээр хийсэн. ОХУ-ын Төвбанктай ч рублийн своп хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Бүх гүйлгээг ам.доллароор хийх нь худалдааны эдийн засагт эрсдэлтэй. Тиймээс ч бид хөрш орнуудтайгаа своп хэлэлцээ байгуулан ажиллахыг зорьж байна. Мөн бид Япон улсаас иенийн зээл авч бүтээн байгуулалтдаа хөрөнгө оруулдаг. Уг зээлийг бид иенээр төлнө. Мөн зарим төслийн санхүүжилтийг газрын баялгаараа төлөх хувилбар ч бий.

Өөрөөр хэлбэл, ганц ам.доллар ашиглах нь аливаа улсад хүндрэлтэй” гэсэн бол Ерөнхийлөгч В.Путин “Нефть бүтээгдэхүүн, газрын хийн худалдааг бид ам.доллароор хийхээс аргагүй. Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд рублийг идэвхтэй хэрэглэж байна. Экспортын орлогын 79 хувийг бид рублиэр авдаг. Эрчим хүч тээгч бүтээгдэхүүний худалдаанд үндэсний валютаа ашиглах нь зүйтэй. Манай Төвбанк бусад улсын Төвбанктай үндэсний валютаараа тооцоо хийх талаар ярилцаж байна. Энэ бол санхүү, эдийн засгийн бөгөөд улс төрийн асуудал” хэмээв. Харин Японы Ерөнхий сайд Ш.Абэ “Ханшийн зөрүүнээс болж ихээхэн хохирол хүлээх нь бий.

Мэдээж үндэсний валютаараа худалдаа хийвэл эл эрсдэл үгүй болно. Манай улс иен, зарим тохиолдолд ам.доллароор худалдаа хийдэг. Дагалдах эрсдэлээс сэргийлэхийн тулд улс төрийн бус, эдийн засгийн ашиг сонирхлоо илүүд үзэх нь зүйтэй. Тиймээс ч худалдааг олон төрлөөр хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зөвхөн ам.долларыг түшиглэх шаардлагагүй. Дэлхийн болон манай улсын санхүүгийн тогтвортой байдал үүнээс хамаарна” гэж байлаа.

Өргөтгөсөн хуралдааныг удирдсан сэтгүүлч С.В.Брилёв улс, орнуудын удирдагчдыг “Та бүхэн зөвхөн өмнө нь юу болсон талаар л яриад байна” хэмээн нэг бус удаа шүүмжилсэн ч оролцогчид чуулганы цар хүрээ, үр дүн жил ирэх бүр нэмэгдэж буй гэдэгт санал нэгдэж байсан юм. Үүнийг батлах зарим тоог энд дурдъя. Энэ удаагийн чуулганд 60 улсын 6000 гаруй төлөөлөгч оролцсон нь хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд тэдний 1400 орчим нь хэвлэл мэдээллийнхэн байв.

Манай өмнөд хөршөөс 1100 орчим төлөөлөгч тэнд очсон нь хамгийн том бүрэлдэхүүн бол БНАСАУ-аас 12 хүн оролцсон байна. Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд “Fortune global 500” жагсаалтын гурав, дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг, Хятадын газрын тосны хамгийн том компаниуд болох SINOPEC, “China national petroleum corpora­tion”-ий удирдлагууд анх удаа багтжээ. Энэ үеэр танилцуулсан хөрөнгө оруулалтын 28 төслийн нийт үнэ цэнэ 1.1 тэрбум рубль болж буй талаар тус чуулганы албан ёсны цахим хуудсанд онцолсон байна. Харин зөвхөн чуулганы үеэр урьдчилсан байдлаар гарын үсэг зурж баталгаажуулсан 220 гэрээ, хэлэлцээний нийт санхүүжилт 3.1 тэрбум рубль. Өмнөх жил 2.4 тэрбум рублийн өртөг бүхий 217 гэрээнд чуулганы үеэр гарын үсэг зурж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)