Х.Баттулга дөрвөн жилээр сонгогдсон сүүлчийн Ерөнхийлөгч болох уу

Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны ээлжит сонгуульд дахин нэр дэвших боломжтой юу. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гээд өмнөх бүх Ерөнхийлөгч шиг Монгол төрийг тэргүүлэгчийн төлөөх өрсөлдөөнд хоёронтоо хүч үзэх эрх түүнд бий юү. Магадгүй Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 10 жил ажиллах боломж түүнд үлдсэн үү.

Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор хуульчилсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ирэх тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас мөрдөхөөр байгаа нь ийм асуулт, эргэлзээ дагуулав. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ заалт батлагдвал Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвшихгүй гэдгийг хатуу тусгаж өгөөрэй. Хүн нэг суудалдаа удах тусмаа анархи, дарангуйлагч болж, биеэ тоодог. Хуулийг буцаан хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл, нэг удаа гэдэг нь Ерөнхийлөгч байсан хүнд хамаатай юу гэдгийг хуралдааны протоколд заавал тусгаарай” хэмээн байр сууриа илэрхийлснийг эс тооцвол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн бүхий л шатанд эл асуудлыг хөндсөн өөр гишүүн алга. Харин тэр нь өнөөдөр эргэлзээ дагуулж, мэтгэлцэх нэг сэдэв болчихоод байгаа нь энэ.

Уг нь өнөөгийн Ерөнхийлөгчийн эрх ашиг, дахин нэр дэвших, эсэх нь үүгээр хөндөгдөх учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн анхны хувилбарт эл заалтыг 2025 оноос мөрдөхөөр тусгасан байсан юм. Өөрөөр хэлбэл, бүр 2025 оны сонгуулиас буюу Х.Баттулга гэх хүний Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг хязгаарласан, эсэхтэй холбоотой ямар нэг маргаан, хэл амнаас ангид дээрх зохицуулалтыг хэрэгжүүлнэ хэмээн тооцож байсан хэрэг. Үүнийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар зөвшилцөх ажлын хэсгийн (Ерөнхийлөгч Х.Баттулгын ахалсан) нарийн бичгийн дарга С.Бямбацогтын үг ч батална. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт байнгын хорооныхоо ажлыг тайлагнаж, мэдээлэл хийхдээ “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно. Уг төслийг Д.Лүнджээжанцан нарын гишүүн өргөн барихад эл заалтыг 2025 оноос мөрдөхөөр байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн явцад 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлье гэдэг тодорхой саналууд гарсан. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай ярилцсан. Аливаа шинэ хуулиар холбогдох хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үндсэн зарчим бий. Энэ зарчмын хүрээнд дээрх заалтыг 2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдөхөд одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрх нь нээлттэй” хэмээн тайлбарласан.

Түүх сөхвөл, анхны Ерөнхийлөгч гэгддэг П.Очирбат 1990 оны есдүгээр сараас 1992 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байв. Өөрөөр хэлбэл, “анхны” гэх эл тодотгол гагцхүү ардчилсан Үндсэн хуулиа баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд нь хамаатай ойлголт. Учир нь тэрбээр БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр жил гаруй ажилласан байдаг. Гэвч П.Очирбат шууд ардчилсан Монголын Ерөнхийлөгч болчихоогүй. “Ардчилсан” гэх тодотголтой, өнөөгийн Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталж, улмаар байнгын ажиллагаатай анхны парламент, УИХ-ын 76 гишүүнээ мөн оны зургадугаар сард сонгож, байгуулсан түүхтэй. Ийнхүү шинээр бүрдсэн парламент 1993 онд Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох анхны сонгуулийг товлон зарлаж, зургадугаар сард явуулсан санал хураалтын дүнгээр П.Очирбат Л.Түдэвтэй өрсөлдөн Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сонирхолтой нь, уг сонгууль болтол Үндсэн хуулийн хавсралт хуулийн дагуу П.Очирбат мөн нь Ерөнхийлөгчийн албан тушаалтай байв. Эндээс харвал, П.Очирбат нь БНМАУ болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 1990-1997 онд “томилогдож”, бас сонгогдон, тасралтгүй ажилласан байгаа юм. 1997 онд тэрбээр Ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн ээлжит сонгуульд ч дахин өрсөлдсөн. Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар, нэг удаа улираан сонгож болно гэх одоогийн зохицуулалт түүнд өмнө нь БНМАУ-ын төрийг тэргүүлж асан, басхүү Үндсэн хуулийн хавсралтын дагуу Ерөнхийлөгч болсныг нь эс харгалзан үйлчилсэн хэрэг. Чухам энэ тохиолдлыг Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 онд нэр дэвшүүлэх үндэслэл болгон тайлбарлах бололтой юм билээ.

Юутай ч Ерөнхийлөгч Х.Баттулгын эрх ашиг хөндөгдөх, эсэх талаар Тамгын газрын даргатай нь ярилцсан аж. Тиймээс ч Улсын баатар “З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой” хэмээх нийтлэл хүртэл бичсэн байж таарна. Тус нийтлэлээрээ “Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд, Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлт нь шинээр сонгогдох Ерөнхийлөгчид хамаарна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Магадгүй Х.Баттулга дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй хэмээн Тамгын дарга З.Энхболддоо хэлсэн байх!? Тэгвэл ямар ч асуудал байхгүй л дээ. Харин Х.Баттулга улиран сонгогдох хүсэлтэй байгаа бол түүнийг З.Энхболд найгүй муухай “араар нь тавьж”, хулхидсан гэсэн хэрэг болно!!! Гэтэл Х.Баттулга нэр дэвших сонирхолтой бол Монголын цаашдын улс төрийн байдал маш ээдрээтэй, эрсдэлтэй болно. Ямар ч атугай З.Энхболд Ерөнхийлөгчөө 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа олонх болох эрх баригчдын өмнөх “тавган” дээр тавиад өгчихсөн нь л гарцаагүй. Шинэ эрх баригчдын амбийц Х.Баттулгын нэр дэвших эрхтэй, эсэхийг шийднэ дээ. З.Энхболд 2021 онд өөрөө дэвшинэ гэсэн алсын хараатай ч юм билүү?!” гэж “яс хаясан”.

Ер нь ч Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрын даргатайгаа ярилцаж, зөвшилцсөн байж таарна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон эрхийг өргөтгөх, хязгаарлах, эрх хэмжээг нэмэгдүүлэх, ээлжит сонгуулийн болон үлдсэн бүрэн эрхийн хугацааг сунгах, бусад байдлаар өөрчлөх, Төрийн тэргүүнд тавих шаардлагыг сулруулах, өөрчлөх талаар Х.Баттулга ам нээх эрхгүй тул Тамгын газрын даргаараа дамжуулан ойлголцсон нь тодорхой. Тиймээс ч тэр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хориг тавилгүй, ёсчилсон биз. Айсуй сонгуульд ч хэдийн бэлдээд эхэлчихсэн. Үнэмлэхүй олонх бүхий эрх баригчдын баталсан Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуульд хориг тавиагүй нь ч учиртай. Тэтгэврээ барьцаалан авсан зээлээс нь зургаан сая хүртэлх дүнгээр төр төлж, зээл аваагүйд нь нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон энэ шийдвэрийг шинэ он гарахын өмнөхөн Ерөнхийлөгч сюрприз барин дэлгэж, Ардын намынхан хууль болгон баталчихаад буй. Бараг нэг их наяд төгрөг “тараах” эл хуулийн “өгөөжийг” өнөөгийн эрх баригчид Ерөнхийлөгчтэй хувааж хүртэхээр тооцсон нь ч маргаангүй. Зургаан сая хүртэлх дүнгээр зээл тэглэх арга хэмжээг Ардын намынхан энэ жилийн сонгуулийн өмнө ашиглах бол зээлгүй ахмадуудад тараах сая төгрөгийн үнэт цаас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг “хөзөр” байх нь дамжиггүй. Үнэт цаасыг ирэх оны

тавдугаар сарын 21-нээс өмнө мөнгөжүүлэхээр буй.

Ирэх жил болох Ерөнхийлөгчийн, найм дахь удаагийн сонгуульд ялсан хүн бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байх анхны Төрийн тэргүүн болно. Магадгүй өнөөгийн Ерөнхийлөгч өрсөлдөөд ялбал ардчилсан Монголын Төрийн тэргүүнээр хамгийн удаан ажиллах боломжтой анхны бөгөөд цорын ганц эрхэм байх нь (Үндсэн хуулиа дахин өөрчилж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгаж, улиран сонгогддог болгочихгүй бол шүү дээ). Гэвч Х.Баттулга Ерөнхийлөгчийг бодолцон анх тусгасан 2025 он явцын дунд “зарчим”-д дарагдаад 2020 он болчихсон. Харин аливаа шинэ хуулиар хэний ч эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үндсэн зарчмаа ирэх сонгуулиар баримталж чадах болов уу. Э.Бат-Үүл Баатрын хэлсэнчлэн “Шинэ парламент ямар ч шийдвэр гаргаж мэдэх билээ” гэх үү. Цаашлаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Ерөнхийлөгчийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа хэрхэн шинэчлэх, дараа нь эдгээр хууль Цэцэд дуудагдах уу гэх зэрэг олон асуулт урган гарч байна. Хуулийг нь хэн эрх барьж байгаа нь өөртөө ашигтайгаар, юу ч гэж тайлбарлаж мэдэх нөхцөл Монголд байхгүй гэж хэлж чадахгүй учраас “Х.Баттулга дөрвөн жилээр сонгогдсон сүүлчийн Ерөнхийлөгч болох уу” гэдэг асуултад ээлжит сонгууль хүртэл ээрүүлж мэдэх нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)