Х.Баттулга: Далайд гарцгүй Монгол Улсын хөгжлийн түлхүүр нь төмөр зам

Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан, Увс аймгийн иргэдтэй уулзлаа. Завхан аймгийнханд хандан хэлсэн үгэндээ тэрбээр “Алслагдмал бүсийн дэд бүтцийг аялал жуулчлалтай уялдаатайгаар хөгжүүлэх” талаар байр сууриа илэрхийлэв. Тус аймгийн Улиастай сумын иргэн Т.Болдбаяр “Манайх дулааны цахилгаан станцгүй аймгуудын нэг. Нэн тэргүүнд дулааны цахилгаан станц хэрэгтэй байна. Түүнд тулгуурлан үйлдвэр барих боломжтой хүн олон бий. Ногоочдод усалгааны системийн асуудал тулгардаг. Усалгааны суваг нь 1970 оных, цөөхөн га газрыг л усалдаг шуудуутай” гэсэн юм. Залуу малчдыг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, мах экспортлох зэрэг олон асуудлаар энэ үеэр иргэд саналаа хэллээ. Уулзалтын дараа Завхан аймгийн 227 ээжид Алдарт эхийн одон гардуулав.

Ерөнхийлөгч Х.Баттулга Увс аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ эдийн засаг-Увс” хамтын ажиллагааны санаачилгын хүрээнд зохион байгуулсан чуулга уулзалтад оролцож үг хэлсэн. Тэрбээр “Бизнесийн салбарын зовлон бэрхшээлийг мэдэх, ойр явсан хүний хувьд өнөөдөр Монгол Улсад ийм санаачилга аймаг, дүүрэг, Монгол даяар дэлгэрч, баялаг бүтээгчид нэгдэж, хоршиж ажиллаасай гэж боддог. Монгол Улсын эдийн засгийн түүхэн замнал, Засгийн газар, төрөөс бизнест хандах хандлага, бизнес эрхлэгчдийн арга барил, сэтгэлгээ зөв, эсэхийг эргэцүүлэн, шинэ хандлага, арга барилтай болох шаардлагатай гэж би үздэг. Ингэж байж л өсөлт, дэвшил авчирна. Увс, Ховд, Баян- Өлгий аймгийн хилийн цаана халал аргаар боловсруулсан мах хэрэглэдэг 38 сая хүний зах зээл байгаа. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөгжил бол төмөр зам. Ингэж дэд бүтэц, ложистикоо хөгжүүлсний дараа бизнес эрхлэгчид хүссэн хүсээгүй нэгдэж, нэг зорилготой ажиллана. Алслагдсан гурван аймаг нийлээд Ховдын нисэх онгоцны буудлыг ачаа, тээврийнх болгож, Алматыгийн ложистикийг ашиглавал Төв Азийн том зах зээлд орох боломжтой” гэсэн юм.

Увс аймагт ажиллах үеэрээ Ерөнхийлөгч тус аймаг дахь Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төвөөр зочилжээ. Тус төв нь нэг ээлжид 1216 хүүхэд хүлээн авах багтаамжтай, одоогоор 23 төрлийн дугуйлан хичээллүүлж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)