Х.Баделхан: Түрээсийн байрыг өмчлөх боломжтой боллоо

Түрээсийн орон сууцны асуудлаар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БХБ-ын сайд Х.Баделхан танилцууллаа. Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай журмыг баталлаа. Түрээсийн орон байр ашиглаж байгаа иргэд тухайн түрээслэж буй байгууллагад хүсэлт гаргаад, хоёр нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд өмчилж авч болохоор журамд орууллаа. Нэгдүгээрт, байрны төлбөрийн 30 хувийг төлөөд, үлдсэнийг нь ипотекийн зээлд хамруулах журмаар байрыг өмчилж болно.

Хоёрдугаарт, хэрэв түрээслэгч иргэн төлбөрийн чадвартай байвал тухайн байгууллагатайгаа тохиролцоо хийгээд, сар бүр тодорхой хэмжээний төлбөрөө төлөөд орон сууцыг өмчилж авч болно гэсэн журам Засгийн газрын хуралдаанаар батлагдсан.

Энэхүү журам батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. ТОСК-ийн зээлд хамрагдсан иргэд ч мөн энэхүү хувьчлалд хамрагдах боломжтой. Харин 30 хувийн төлбөрөө тухайн байгууллагатайгаа зөвшилцсөний үндсэн дээр 3-5 жилийн дотор төлж барагдуулах юм. 

ТОСК дээр 1512 айлын түрээсийн орон сууц байна. Тус айлууд орон сууцаа түрээслэж авч болох журам батлагдсан юм. Гэхдээ төлбөрт өдийг хүртэл түрээслэж ирсэн төлбөр багтахгүй.

“Буянт-Ухаа 2” хорооллыг түрээсийн орон сууц болгох журмыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулах бодолтой байгаа. Үүнийг шийдэх эрх Засгийн газарт л бий.

Одоо баригдаж буй 972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 1 м.кв нь 1 сая 400 мянган төгрөгөөр тооцогдож байгаа.

Өнгөрсөн онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар хоёр шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс олгож буй зээлийн эх үүсвэрийг 4 хувийг 1 хувь хүртэл бууруулах Засгийн газрын тогтоол гарсан. Ингэснээр зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгдэх боломжтой. Өнөөдрийн байдлаар улсын төсвөөс олгож буй зээлийн эх үүсвэрийг 1 хувь болгон бууруулж байгаа ч Монголбанк бууруулахгүй байгаа. Энэ асуудлыг сая Засгийн газрын хуралдаанд танилцуулахад гурван сайдын хамтарсан ажлын хэсэг гаргаад, дараагийн хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн.

Түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа ч өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх боломж алга. Улсын эдийн засаг энэхүү ачааллыг дийлэхгүй. Харин гадны зээл, тусламжаар нэмэгдүүлэх боломж бий. Тухайлбал, Дэнжийн 1000-д БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц баригдаж байна. Ирэх жилийн сонгуулиас өмнө тус байрыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Одоогоор гурван хороолол босох төлөвтэй байгаа.

Түрээсийн байраа өмчлөх хүсэлтэй иргэд хүсэлтээ ТОСК-т хүргүүлж, гэрээ байгуулна гэсэн үг.

Өнгөрсөн тавдугаар сард гаргасан судалгаагаар 44,000 иргэн урьдчилгаа 30 хувийг төлөөд ипотекийн зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)