Х.АРИУНСАЙХАН: “Гэгээн хайр” хийлд зориулсан О.Чинбатын анхны зохиол

Хөгжмийн зохиолч О.Чинбат хийл хөгжимд зориулсан “Гэгээн хайр” хэмээх бүтээл туурвисныг хийлч Х.Ариунсайхан тоглож, өмнөд хөршид ажилладаг продюсер Алтанхуяг дүрсжүүлэн клип болгожээ. Хамтын бүтээлээ олонд түгээгээд удаагүй байгаа залуусын төлөөлөл хийлчээс зарим зүйлийг тодрууллаа.

-Бүлээн дулаан, зөөлөн гэхээр өнгө аястай зохиол юм. Танд тоглоход урамтай байв уу?

-Мэргэжлийн хөгжимчид тоглож байх бүтээл болжээ гэж бодсон. Цаашид хийл хөгжмийн сургалтад ашиглаж ч болохоор. Мэдээж хөгжмийн зохиолч өөрөө зөвшөөрвөл шүү дээ. Гарт эвтэйхэн, дунд хэсэгтээ техник нэлээд шаардсан бүтээл. О.Чинбат ХБК-д манай доод ангид сурдаг байсан юм. Нас ойролцоо ч юм, ер нь найзууд л даа. Чинбаа хийлийг сайн судалсан юм шиг санагдсан. Ямар ноотыг яаж, гарын ямар барилаар дуугаргавал үр дүнтэй байх тухайд нэлээд бодож ажилласан байна лээ. Манай хөгжмийн зохиолчид сонгодог хөгжимд зориулж гоцлол бүтээл туурвих нь ховор. Тийм болохоор залуу хөгжмийн зохиолч урын сангаа баяжуулаад сайн байна гэж магтмаар.

-Хийл хөгжимд зориулсан зохиол гэхээр Ардын жүжигчин Ж.Чулууны алдартай хэд хэдэн бүтээл хамгийн түрүүнд санаанд орж байна. Өөр хэнийх байдаг билээ?

-Харин тийм ээ. Нэрлэх гэхээр явдаггүй юм. Ер нь улсын хэмжээнд хийлд зориулсан бүтээл 70 гаруй байдаг. Маш цөөн. Тэгэхээр Чинбат, Алтанхуяг хоёр хамтарч гараас гаргасан бүтээлийг олны сэтгэлд хүртэл тоглох сон гэж хичээсэн.

-Таныг БХИС-д багшилдаг гэлээ. Хөгжимчин, офицер, багш бүсгүй байх нь ээ.

-Би ХБК-д байхаасаа буюу 2003 оноос ЦДБЭЧ-ын оркестрт хөгжимчнөөр ажилласан юм. ХБК-ио 2005, СУИС-ийг 2008, Москвагийн СУИС-ийг магистраар 2018 онд төгссөн. Уг нь чуулгынхаа найрал хөгжмийн концертмейстерээр олон жил ажилласан ч, өнгөрсөн намраас намайг Цэргийн хөгжмийн коллежид багшил гэхээр нь очсон. Намар таван оюутан элсүүлж аваад хичээллэж байтал нөхцөл байдал ийм болчихлоо. Сургалтаа санаснаараа явуулах боломжгүй болоод тиймхэн байна. Гэхдээ яах вэ, хөтөлбөрөө гүйцээхийн төлөө ажиллана.

-Хөгжмийн зохиолч уг бүтээлээ танд бэлэглэсэн гэсэн. Ийм гоё бэлэг авах хүндтэй хүн нь юм байна гэж ойлгож болох уу?

-“Гэгээн хайр” нь түүний хийлд зориулсан анхны бүтээл. Нэлээд хэдэн жилийн өмнө туурвиад дарчихсан байсан юм билээ. Бичээд орхичихсон гэдэг утгаар хэллээ. Найзын хувьд надад “Чамайг тоглоно гэвэл дахиж найруулъя, тэгээд бэлэглэе” гэсэн юм. Өмнөд хөршөөс Алтанхуяг ирсэн байж таараад, хамтын ажил маань амжилттай өрнөсөн. Алтанхуяг бол “Хү” хамтлагийн клипүүдийг хийсэн залуу. Туршлагатай.

Бэлтгэсэн: Р.Жаргал 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)