Хөөт-Бичигт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг хамтарч боловсруулахаар болов

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын эхний үе шатанд баригдахаар төлөвлөсөн Чойбалсан-Хөөт, Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын Техник эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Ар И Си” компани өөрийн зардлаар боловсруулахаар болж, “Монголын төмөр зам” ТӨХК-тай өнөөдөр санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Энэ сарын 21-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьж байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат БНХАУ-ын “Си Ар И Си” компанийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцсоны үр дүнд тус компани ТЭЗҮ-ийг олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн боловсруулж, “Монголын төмөр зам” ТӨХК-д үнэ төлбөргүй хүлээлгэн өгөхөөр болжээ.  

Хөөт чиглэлийн төмөр замын нийт урт нь 192 км, Зүүн хойд Азийн эдийн засгийн бага хурлаас 2000 онд тээврийн коридоруудыг тодорхойлсон. Эдгээр коридорын нэг нь Монгол Улсын төмөр замын хэтийн төлөвтэй уялдуулан “Боорж-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Чанчунь чиглэлийг улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал ач холбогдолтой” гэж тэмдэглэл гарсан байдаг.

Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолоор Чойбалсан-Хөөт чиглэлийн 192 км төмөр замыг 1520 мм-ийн царигтайгаар барьж байгуулахаар тусгасан. Энэ нь цаашлаад БНХАУ-ын төмөр замаар дамжин өнгөрч, далайн боомтоор гуравдагч оронд бүтээгдэхүүн тээвэрлэх боломж үүсэх юм.

Чойбалсан-Хөөт чиглэлийн төмөр замын хээрийн судалгааны ажил, трассын дагуух төмөр замын зурвас газарт археологи, палентеологийн судалгааны ажил 2013 онд 100% хийгдэж дууссан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж, техникийн зураг төслийг боловсруулж дууссан байна. Төслийн хүрээнд Техник, эдийн засгийн үндэслэлийг 2017 оны эхний хагас жилд багтаан гүйцэтгэж, 281 орчим км төмөр замын барилгын ажлыг 2018-2020 онуудад барьж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

Эдгээр төмөр замууд баригдсанаар уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад чухал ач холбогдолтой аж. 2018-2025 онд жилд тээвэрлэх ачааны хэмжээг 10-21 сая тонн, 2026-2046 онд 21 сая тонн гэж үзвэл дээрх чиглэлийн төмөр замаар тээвэрлэх ачааны доод хэмжээ дунджаар 15 сая тоннд хүрэх төлөвтэй байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)