Хөөрөгдөөгүй ҮНЭНТЭЙ ТАНИЛЦ

“Бид бол Чингисийн монголчууд, дээд тэнгэрээс заяатай” хэмээн цээжээ дэлддэг XXI зууны монголчуудын бахархал, үнэт зүйл яг юу юм бэ. Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд хөл тавиад 28 жил болж буй бид чухам юу хүсэж мөрөөддөг, мөрөөдлийнхөө төлөө хэрхэн тэмцэж чаддаг ард түмэн юм бол. Монголчуудад нэгдмэл зорилго, алсын хараа байна уу. National identity буюу (үндэстний ижилсэл, үндэстний ондоошил, үндэсний өөрийншил гэх мэтчилэн янз бүрээр нэрлэдэг) монгол хүний бусдаас ялгарах онцлог юу вэ.

Эдгээр асуултад тодорхой хариулт олдохгүй байна уу. Учир нь өнгөрсөн 28 жилийн турш бид яг хэн юм бэ гэдгээ мэдэхгүй, ойд төөрсөн сармагчин шиг ийш тийш харайсаар өөрийгөө гээчихэж. Бид байгаль экологи, хүрээлэн буй орчны доройтлын тухай ам уралдан ярьдаг атлаа хүмүүсийнхээ сэтгэл зүрх, оюун тархин доторх сүйрэл, үгүйрэл хоосролыг огт анзаарахаа больжээ. Эцэстээ ёс суртахууны доройтол хаа сайгүй газар авч, Монгол Улсын хөгжилд хамгийн том тээг садаа болж буйг эрдэмтэн мэргэд онцлох болов. Тиймээс “Өнөөдөр” сонин цаг хугацаа өнгөрөх тусам биднээс улам бүр алсарч буй үндэсний ижилсэл, онцлог хэмээх үнэт зүйлийн эрэлд гарч “Бид хэн бэ” цуврал эхлүүлсэн.

13 дахь цувралаараа бид 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутагтаа амьдарч буй монголчуудыгаа “өөр нүдээр” сонжив. Монголд олон жил ажиллаж, амьдарсан, энэ улсын хөгжил дэвшил, ард түмнийх нь ирээдүй гэрэл гэгээтэй байх, эсэх нь тэдэнд ч бас хамаатай болтлоо өөриймшсөн гадаадын иргэд биднийг юу гэж дүгнэж байгаа бол? Бас хүний нутагт цөөнгүй жил болохдоо эх орон, элэг нэгтнүүддээ тустай зүйл хийхийг ямагт эрхэмлэж ирсэн бүсгүйн чин сэтгэлийн хариулт та бүхэнд нэгийг бодогдуулах вий.

  1. -Таныхаар монгол хүний бусдаас ялгарах онцлог юу вэ. Өнөөгийн монголчууд үндэстний ижилслээ бий болгохын тулд юун дээр анхаарах ёстой вэ?
  2. -Хувь хүмүүс, хамт олон, нийгэм, улс болгон үнэт зүйлтэй, зорих нэгдмэл тэмүүлэлтэй байх нь чухал гэдэг. Манайханд тийм үнэт зүйл байна уу?
  3. -Таныг монголчууд хэзээ ч мартахааргүй баярлуулсан тус байвал хэлж өгнө үү?
  4. -Монгол хүнд голдоо ортол гомдсон тохиолдол бий юү?

Гаррэт Вилсон: Монголын нийгэмд эергээр нөлөөлөх сөн гэдэг хүсэл минь хамгийн үнэ цэнэтэй

(“Вагнер Ази автомотив” ХХК-ийн гүйцэтгэх захирал)

Хэл шинжээч, судлаач биш хэрнээ монгол хэлний ирээдүйд санаа зовнидог гадаад хүнтэй таараад ичих ч шиг, баярлах ч шиг. “Вагнер Ази автомотив” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гаррэт Вилсон “Монгол хэл маш баялаг, тансаг сайхан. Гэвч монголчууд яриандаа маш олон орос, англи үг хэрэглэдэг. Монголоор илэрхийлж болох зүйлийг хүртэл гадаад үгээр орлуулсаар байвал хүмүүсийнх нь үгийн баялаг улам л ядмаг болно” гэв. Тэрбээр өдөр бүр гурван монгол үг цээжилдэг аж. Тухайлбал, уржигдар бидний уулзсан өдөр “давшлах, чангаах, бэрсүү” гэдэг үгсийг цээжилж байв.

1. -Монголд ирээд хөдөөгүүр явж байхад айлууд нь газраа өмчилж, хашаа татаж, “минийх, манайх” гэдэггүйг хараад гайхаж билээ. Гэтэл энэ хүмүүс хотод орж ирэхээрээ маш хурдан өөрчлөгдөж, өөрийн эрх ашгийг бусдынхаас дээгүүр тавьдаг, өмчтэй болохын тулд юу ч хийхэд бэлэн байдаг бохир нийгмийг хүлээн зөвшөөрч дасан зохицжээ. Нүүдэлчин монголчуудад байдаг хүнлэг энэрэнгүй, уужуу тайван зан чанарыг яаж авч үлдэх вэ гэдгийг хаана хаанаа бодох учиртай.

Суурин иргэншил гэдэг өөрөө хүн болгоны дотор байдаг аминч үзлийг дэвэргэдэг л дээ. Америкт ч ялгаагүй. Гэхдээ америкчууд тэрхүү аминч үзлээ яаж дийлж, нийгмээрээ хөгжилд хүрсэн бэ гэхээр эрх чөлөө, шударга ёс гэдэг хоёр зарчмыг хамтад нь авч явж ирсэн. Шийдэл нь ердөө л энэ. Би зөвхөн асуудал ярьж, шүүмжлэх бус, гарц шийдлийг нь эрэлхийлэхийг хүсдэг.

Мэдээж хэн ч гэсэн өөрийгөө, гэр бүлээ хамгийн түрүүнд тавих нь зүйн хэрэг. Харин бусдыг хохироож өөрсдийнхөө хэрэгцээг хангадаг байж таарахгүй. Нийгэмд шударга ёс тогтоохын тулд хууль хатуу чанд байх хэрэгтэй. Монголын хуулиудыг муу гэхгүй. Гэхдээ хэрэгжилт нь маш хангалтгүй байдгийг туршлагаараа би сайн мэднэ. Уг нь энэ бол шийдэж болох асуудал. Хууль, эрх зүйн орчин, шүүхийн тогтолцоог улс төрийн намуудаас хараат бус байлгах нь чухал. Намуудын нэр, нөлөөн доор ямар муухай зүйлүүд хийгдэж буйг мэдсээр байж хэн ч дуугардаггүй, тэмцдэггүй. Тэд хүчтэй учраас “хар жагсаалт”-д нь орж, ажил, амьдралаа сүйтгэхийг хүсдэггүй байх.

Гэвч одоо Монголд жинхэнэ эрх чөлөө, шударга ёсыг тогтоох цаг нь болсон. Адаглаад таксигаар явж байхдаа жолооч нь дүрэм зөрчвөл түүнд шаардлага тавьдаг байх ёстой. Монголчууд нэгэндээ энэ зэргийн шаардлага ч тавьдаггүй учраас өнөөх жолооч өөрийгөө зам сайн товчилдог их “сэргэлэн” хүн гэж ойлгодог. Хэдийгээр би Монгол Улсын иргэн биш боловч энэ улсад хайртай, хурдан хөгжөөсэй гэж хүсдэг учраас үзэл бодлоо ний нуугүй хэлчихдэг.

2. -Зөвхөн төр, засаг шударга ёс тогтооно гээд хүлээгээд суугаад байж болохгүй. “Төр, засаг миний төлөө юу хийж байна вэ”, “Хүүхдийн мөнгийг яагаад бүгдэд нь өгөхгүй байгаа юм бэ” гэхчилэн дээрээс юм хүлээгээд, нэхээд байлгүй, “Бид нийгмийнхээ төлөө юу хийж болох вэ” гэдгийг өөрсдөөсөө асуудаг байгаасай. Ядаж хувийн хэвшлийнхэн үүнд тэргүүлэх үүрэг оролцоотой байх ёстой гэж би боддог. Тийм ч учраас Монголд ажиллах дуртай.

Хэрэв Америкт ажиллавал мэдээж эндхээс илүү том зах зээлд хүчээ үзэж, илүү өндөр цалин авна. Гэхдээ миний хувьд мөнгөнөөс илүү Монголын нийгэмд эергээр нөлөөлөх сөн гэдэг хүсэл минь хамгийн үнэ цэнэтэй. Энд би шударгаар ажиллаж, бусдад үлгэрлэмээр байна. Мэдээж би залуу хүн учраас хөрөнгө чинээтэй болохыг хүсдэг. Гэвч шударгаар хөдөлмөрлөж чадахгүй, бусдыг хуурч, хохироосон бол тэр нь жинхэнэ ялалт, бахархал биш.

Би компаниа шударга, зөв зарчмаар удирдаж, амжилтад хүрэхийг хичээдэг. Манайх урьдынх шигээ Монголын зах зээлд нэг дүгээрт жагсахаа больсон. Тэглээ гээд ар, өврийн хаалгаар улсын тендерт ялах гэж гүйдэггүй. Ёс зүйтэй, ил тод, шударгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Ойрын хугацааны ашгаас илүүтэй, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах нь бидэнд чухал.

3. -Анх 1998 онд Монголд ирээд, англи хэлний сайн дурын багш хийгээд айлуудаар ордог байлаа. Тэр үед ямар ч цалингүй, өөрсдийн зардлаар ирсэн учраас мөнгө төгрөг хүрэлцээтэй биш байв. Тэгэхэд хэчнээн ядарсан айлд орсон ч тавгийн идээ дөхүүлж, амны цангаа тайлаад гаргахыг хичээж байгаа монгол хүний зочломтгой, хүнлэг чанар намайг огшоосон. Өөрсдөө өнөө маргаашийн хоол, цайгаа яая гэж байж огт танихгүй намайг хүндэтгээд, буцалсан усанд ч хамаагүй жаахан саахар хийгээд өгч байгаа тэр хүмүүсийн сэтгэл ямар агуу вэ. Бусдыг хүндэтгэдэг ийм хандлага, хүний төлөө гэсэн энэ сайхан сэтгэлээ монгол хүмүүс зөвхөн гэртээ бус, ажил, албан байгууллага, нийгэмдээ түгээгээсэй гэж хүсдэг.

4. -Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар, дараалалд зогсож сураагүй хүмүүс гээд бухимдмаар зүйлстэй өдөр тутам тулгардаг. Үүнийг хүн болгон л мэдэрдэг байх (инээв). 1999 онд байх аа, Ховдод ганц хоёр өдрийн ажилтай болоод онгоцоор нислээ. Тухайн үед Ховд руу долоо хоногт нэг удаа л нислэгтэй байсан юм. Буцах өдрөө эрт очоод хамгийн түрүүнд тасалбараа бичүүлчихээд хүлээж байтал хүмүүс бөөн бөөнөөрөө онгоц руу зүтгээд л байв.

Гэтэл араас нь хүлээгээд зогсож байсан тав зургаан хүнийг оруулахгүй “Суудал дүүрчихсэн” гээд онгоцны үйлчлэгч шатаа хураагаад авчихаж билээ. Сүүлд учрыг мэдэх нь ээ, нэгэн хамтлагийн гишүүдэд бидний суудлыг өгсөн юм шиг байсан. Ингээд дараагийн онгоцыг хүлээн, танилынхаа ханхай байшинд долоо хонохдоо лааны гэрэлд, хийн плиткан дээр хоол, цай хийж идэж байв.


М.Ундрах: Монголчуудын гол үнэт зүйл нь гэр бүлийн хүмүүжил

(“Хан арим” компанийн захирал)

БНСУ-д 20 орчим жил ажиллаж, амьдарч буй М.Ундрах хэмээх энэ бүсгүй Монгол, Солонгосын хооронд боловсрол, соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ энэ чиглэлийн контент боловсруулдаг компани байгуулжээ. Сөүл хотын захиргааны Ногоон хөгжлийн хорооны тэргүүлэгч гишүүн гэсэн давхар сонгуульт ажилтай тэрбээр монголчуудынхаа оюун санаанд чадах чинээгээрээ хөрөнгө оруулах туйлын зорилготой нэгэн юм.

1. -Манай монголчуудын гол давуу тал нь хийсвэр сэтгэхүй сайтай. Байгаль цаг агаар, нийгэм, эдийн засгийн ямар ч нөхцөлд дасан зохицохдоо маш амархан. Гэвч үүний сөрөг тал нь юманд баригдах, захирагдах дургүй. Хууль, дүрэм журамд захирагдах дургүй ийм хүмүүст ардчилсан нийгмийг зөвхөн эрх чөлөө гэж ойлгуулахаар юу болох вэ. Үнэндээ бидэнд ардчилсан нийгмийн үнэт зүйлийн тухай ямар ч ойлголт өгөөгүй, шууд л цүл хийтэл “шидчихсэн” шүү дээ. Ингээд живж үхэхгүйн тулд хүмүүс ямар ч хамаагүй аргаар амьдралаа залгуулах хэрэгтэй болсон. Үүний уршгаар “Чадаж байгаа юманд арга алга” гэдэг муухай үг моод болон дэлгэрсэн. Хүн чанар, ёс суртахууны тухай ярьсан хүнийг хийрхлээ гэдэг.

Нэг жишээ татахад, жирийн нэг солонгос оюутан охины тэмцэл улсынхаа Ерөнхийлөгчийг огцруулах, хууль бус хамаг үйлдлийг нь илчлэх шалтгаан болоход юу нөлөөлснийг бодоод үзээрэй. “Өнөөдөр энэ оюутанд ийм явдал тохиолдож байгаа бол маргааш, ирээдүйд миний үр хүүхдэд ч тохиолдохгүй гэх газаргүй” гээд солонгосчууд бөөнөөрөө гудамжинд жагсаж, тэмцсэн шүү дээ. Нуулгүй хэлэхэд, манайхан бол энэ тохиолдолд “Миний ямар танил энэ сургуульд байгаа билээ. Хүүхдээ захиж аргалуулъя даа” гэж амин хувийн эрх ашгаа хамгийн түрүүнд тавих байсан болов уу гэж надад бодогддог. Шударга бус үйлдлийн эсрэг нэгдэж, тэмцэж чаддаг ард түмэн өөр байдаг юм билээ.

2. -Монголчуудад байсан хамгийн гол үнэт зүйл нь гэр бүлийн хүмүүжил гэж би боддог. Хүнийг хүн болгодог энэхүү суурь хүмүүжил үгүй болчихоор нийгмийн ёс суртахуун уруудах нь зүйн хэрэг. Социализм гэхээр өнөөгийн залуус адалдаг ч үнэндээ тэр үед хүүхдүүдэд ёс суртахуун, гоо зүйн хүмүүжил төлөвшлийг маш сайн олгодог байсан. Дэм дэмэндээ, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэдэг үгс зүгээр л хоосон уриа лоозон төдий байгаагүй.

“Ёс суртахууны доголдолтой хүнд эрдэм боловсрол заавал араатанд алтан шүд хийж өгсөнтэй адил” хэмээх үгийг утгыг мэддэг учраас хаана хаанаа энэ тал дээр анхаардаг байсан. Харин өнөөдөр манай боловсролын байгууллагууд ч хүүхэд багачуудад ёс суртахуун, гоо зүйн хүмүүжил олгодоггүй. Залуу аав, ээжүүд хүүхдэдээ үлгэрлэе гэхээр өөрсдөө тийм зүйлд суралцаагүй учраас чадахгүй.

3. -Манайхан хаана ч улсынхаа нэр нүүрийг тахалж чадах маш их авьяас чадвартай. Үүнийгээ зөв ашиглаж чадвал цөөхөн монголчууд минь их зүйлийг бүтээх боломжтой гэдэгт би огт эргэлздэггүй. Хүний олноор бус, хөгжлийн зөв бодлого, хөдөлмөрч, зарчимч чанарын тусламжтайгаар бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхана. Бас монгол хүний найрсаг зочломтгой зангаар манай оронд очсон хүн болгон бахдаж ярьдаг. Энэ нь надад үнэхээр сайхан санагддаг. Монгол, Солонгосын хооронд зочин, гийчин авч явахдаа аль болох л тав тухтай байлгаад, ажлыг нь амжилттай бүтээгээд явуулах сан гэж чадлаараа гүйдэг.

4. -Монголдоо очоод миний хамгийн их эмзэглэдэг зүйл бол гудамжны хог. Хогоо зориулалтын саванд хийхгүй хаячихдаг хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй бухимддаг. Тэр хүмүүс өөрийнхөө нүүр лүү хогоо хаяж байгаагаа мэддэг болов уу гэж асуумаар санагддаг. Танай гэр хэчнээн цэвэрхэн байж болно. Гэхдээ та хогоо орцондоо, гудманд ил задгай хаясан бол ямар ч нэмэргүй. Улс орны нүүр царайг гадаадынхан гудамж, зам талбайгаар л төсөөлнө шүү дээ.


Алэн Дэжак: Ринчений институт байгуулж, дэлхийд хэл, соёлоо сурталчилж болно

Францаас 1983 онд оюутан солилцооны шугамаар Монголд анх ирж, гурван жил болсноос хойш өнөөг хүртэл монголчуудтай ойр ажиллаж, амьдарч байгаа энэ эрхмийг Алэн Дэжак гэдэг. Ардын хөгжим судлаач мэргэжилтэй тэрбээр Монгол, Францын соёлын төвийн захирал, Монгол дахь Францын Элчин сайдын яаманд соёлын асуудал хариуцсан атташе, зөвлөх зэрэг хүндтэй алба хашиж байгаад удахгүй нутаг буцах гэж буй.

1. -Социализмаас ардчилсан нийгэмд шилжихдээ монголчууд үндэсний уламжлалт өв соёл, түүх рүүгээ эргэж хараад, Чингис хааныг гол бэлгэдлээ болгон мандуулж эхэлсэн. Бүхэл бүтэн долоон зууны тэртээх хүнийг “авчирч” шүтэхэд нь би эхэндээ гайхаж л байсан. Гэхдээ энэ буруу биш. Дэлхий нийтээрээ Чингис хааны нэрийг мэдэх учраас эхлэл нь зөв байсан. Харин энэ нэрийг одоо хүртэл бамбай болгон ашигласаар байгаа нь өрөөсгөл.

Өдгөө дэлхий ертөнц бөөрөнхий биш, хавтгай болсон. Дэлхийн өнцөг булан бүрт залуус адилхан “Adidas” пүүз өмсөөд, сагсан бөмбөг тоглож, KFC идэж байна. Монгол хүүхдүүд цэцэрлэг, бага ангиасаа л англи, япон, хятад хэл үзээд эхэлчихэж. Ийм нөхцөлд улс орнууд илүү бодитой зүйл бодож, сэтгэж, мөрөөдөж, зорих хэрэгтэй. Гуравхан сая хүн амтай хэрнээ сэтгэн бодох чадвар, оюун ухаан, урлаг, спортын амжилтаараа монголчууд яаж онцгойрч байна вэ.

Өөрсдийнхөө бусдаас ялгарах онцлогийг тодорхойлж, түүнд тохирсон бодлого баримтлах учиртай. Энэ цаг үед Чингис хаан биш, дипломат харилцаа чухал. Хүн ам, газар нутаг, өв соёл, зан заншил, эдийн засгийн боломж бололцоо, байгалийн баялаг гээд энэ бүхнийгээ зөв тооцоолж, түүндээ тохирсон хөгжлийн шинэ төлөвлөгөө гаргаад, зорилгодоо хүрэхийн төлөө тууштай байх хэрэгтэй. Монголчууд хэдийгээр ази хүмүүс боловч хятад, солонгос, казах, япончуудаас огт өөр. Тэдэн шиг өөр улс орны колони болоогүй, соёлынх нь нөлөөнд автаагүй учраас их онцлогтой. Манжийн эрхшээлд хэсэг байсан ч хэл, соёлоо авч үлдсэн нь хамгийн гайхамшигтай.

2. -Үндэстний бусдаас ялгарах ижилслийг бий болгодог гол зүйл бол хэл, соёл. Монхор хамартай, шар үстэй, цэнхэр нүдтэй байна уу гэдэг нь хамаагүй. Хамгийн гол нь эх хэлээ хайрлаж, хамгаалах учиртай. Хэл байгаа цагт бүх зүйл оршин тогтноно. Тухайн ард түмний сэтгэлгээний онцлог, өв соёлыг бүрдүүлдэг юм нь эх хэл. Монгол хэл, соёл маш гайхамшигтай. Оросын бага сага нөлөөг эс тооцвол социализмын үед монголчуудын хэл, соёл хөргөгчинд байгаа юм шиг найдвартай хадгалагдаж ирсэн.

1990 оноос хойш бүх дэлхийтэй харилцаад эхэлсэн чинь хэл, соёл дархлаагүй болж эхэлсэн. Одоо жинхэнэ монгол ардын уламжлалт дуу, бүжиг, хөгжим олоход бэрх. Гадаадын янз бүрийн соёл ямар ч шүүлтүүргүйгээр орж ирж байгаа учраас хоорондоо холилдоод нийлмэл болсон. Миний л хувьд энэ их аюултай. Тиймээс даяаршлын нийгэмд монгол хэл, соёлыг яаж унаган төрөлх хэвээр нь хадгалж хамгаалах вэ гэдэг дээр төрийн бодлого яаралтай гарах хэрэгтэй гэж боддог.

Үүн дээр нэг санал хэлье. Германчууд “Гёте”, хятадууд Күнзийн институт, англичууд “British council”, францчууд “Аl­liance Francaise” гэх мэт соёлын томоохон сүлжээг дэлхий дахинд байгуулсан байдаг. Үүн шиг монголчууд яагаад Ринчений институт байгуулж болохгүй гэж. Энэ институтээр дамжуулан монгол кино, ардын язгуур урлаг, эрийн гурван наадам гэх мэт соёлын арга хэмжээг нэгдсэн байдлаар зохион байгуулж болно. Гадаад улс орнуудад суугаа Элчин сайдын яамд, Консулын газар, соёлын атташе нарыгаа үүнд дайчлах хэрэгтэй. Ажиллаж, амьдарч байгаа улс оронд нь монгол хэлний сургалт явуулдаг институт байвал монголчууд тэнд хүүхдээ сургах нь дамжиггүй.

3. -Хэрэв намайг буцаагаад 1983-1986 онд Монголд аваачвал би уйлна аа. Яагаад гэвэл энэ үед монгол хүний мөс чанар, хүнлэг нинжин сэтгэл жинхэнэ шижир алт шиг байсан. Ямар ч хүнтэй элэгсэг дотно, найз нөхрийн ёсоор ханддаг байв. Одоо бол хүн хүнтэйгээ хувийн ашиг сонирхлын үүднээс хандах нь их болжээ. Энэ муухай зан чанар өнөөгийн европ, америк, монгол залууст ялгаагүй анзаарагддаг. Азаар би 1980-аад онд Монголд ирсэн тулдаа энэ улсаас, энэ ард түмнээс маш олон сайхан зүйл сурч авсан. Байгаль орчин, цаг агаар, хүний сайхан сэтгэл, нүүдэлчдийн гайхамшигт өв соёл энэ бүхэн унаган төрхөөрөө байсан. Тиймээс энэ бол миний амьдралын туршид маш сайхан дурсамж хэвээр байх болно.

4. -Орчин цагийн монголчууд өнөөгийн дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй тэр зүйлсийг адилхан л туулж явна. Уг нь зөвхөн монгол хүнд л байдаг тийм нэг сайхан чанар та нарын цусанд бий. Гэвч үүнийг харийн элдэв соёлын нөлөө улам бүр үгүй хийж байна. Мэргэжилтэйгээ ойрхон зүйлээр жишээлээд ярья л даа. Адаглаад энэ сайхан өв уламжлалтай Монгол оронд үндэсний язгуур урлагийн консерватори байхгүй өдий хүрсэнд би харамсдаг. Монголын эртний уламжлалт сийлбэрийн урлаг, цуур, хөөмий, бий биелгээ, уртын дууны дэг сургуулийг эзэмшсэн хүмүүсээс авьяас чадварыг нь өвлөөд уламжлуулдаг “амьд хөшөө”-нүүд байх ёстой.

Хэрэв би хорин хэдэн настайдаа яг одоогийн Монголд ирсэн бол эндээс сурах юм юу ч байхгүй гэдгийг л сайн мэдэж байна (инээв). Агаар, хөрсний бохирдол ихтэй, уламжлалт хоолны соёл нь алдагдсан, үндэсний урлаг соёлын онцлогийг нь харъя гэхнээ танигдахын аргагүй, холимог болчихсон. Уучлаарай, байдаг л нэг орон. Түүний оронд Индонез, Мянмар зэрэг өөрийн гэсэн онцлогтой улс үндэстнүүдэд очиж судалгаа хийвэл илүү сонирхолтой, үр өгөөжтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)