Хөөн хэлэлцэх хугацаа буюу угтаж бус, хөөж шийдэх “ухаан”

хөөн хэлэлцэх хугацаа

Авлига авсныг нь баримтаар нотолсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэргийг нь хааж, хахуульд авснаас нь хэд дахин бага мөнгөөр торгоод л өнгөрсөн. Авлига авсан этгээд буюу МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нарыг өнөөдөр Монголд хууль нь биш, олон нийт л цахим орчинд яллаж байх шиг. Үүнд оймсноосоо боодол “ногоон” гаргасан нөгөөх нөхөр эгдүүцэн “Ял, шийтгэлээ эдэлчихсэн байхад давхар яллах гэлээ” хэмээж, иргэдийн хэл амны бай болов. Төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэснийхээ төлөө халаасалсан мөнгө нь хачин их ч гэлээ түүнээсээ хэчнээн дахин бага дүнгээр торгуулж, шийтгүүлсэн үү гэвэл тийм. Магадгүй тийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу зохих арга хэмжээ авхуулсан байхад нийгмээрээ түүнийг жигшин зэвүүцэх нь тэр хүнд хамгийн хүнд ял мэт санагдаж, тэсгэл алдсан биз.

Гэхдээ бидний энэ их жигшил, зэвүүцлийн тойргийн гадна хэдэн хүн үлдээд байна. Тэд бол эрх зүйт төртэй Монгол Улсад хууль батлах онцгой эрхийг дангаараа эдэлж буй УИХ, энэ нь болохгүй учраас тэгэх хэрэгтэй, ийм хууль батлаад өгөөч хэмээн парламентад хандах дархан эрхтэй Засгийн газар. Тиймээс ч холбогдох хуульд нь авлигачдыг айлгаж, ичээхээс илүүтэй аргалж, хаацайлах орон зай, нүх сүв илүү олон байна. Тэдгээрийн ердөө нэг нь гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа, түүнтэй холбоотой зохицуулалт. Мөн аливаа асуудлыг угтаж бус, араас нь хөөж шийдвэрлэдэг манай бодлого гаргагчдын арга, “ухааны” тод жишээ.

Оймсноосоо боодолтой ам.доллар гаргаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд “од” болсон өдрөөс хоёр хоногийн дараа буюу өнгөрсөн долдугаар сарын 30-нд Засгийн газар албан мэдээ гаргаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан, хэрэг хөөн хэлэлцэхтэй холбоотой зохицуулалтыг эргэж харахаа онцолсон. Үүнийг бараг сарын өмнө (долдугаар сарын 3) ээлжит хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д өргөн барихаар тогтсоноо ч дурдаад авав. Уг нь Хууль зүй, дотоод хэргийн яамны өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланд дурдсанаар, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Эрүүгийн багц хуулийн төслийг 2019 он гарахаас өмнө бэлэн болгож, сайддаа танилцуулсан юм билээ. Харин үүнээс хойш хэдийн хагас жил өнгөрсөн хойно Засгийн газрын хэлж буй тайлбар энэ. Засгийн газрын бүрэлдэхүүнд ерөнхий чиг үүргийн гэдгээрээ голлох байр суурь эзэлдэг Хууль зүй, дотоод хэргийн яам Үндсэн хуулийн дараа орохуйц Эрүүгийн багц хуулийг боловсронгуй болгох ажлыг гардан хариуцсан ажлын явц нэг иймэрхүү.

Үүнээс гадна жил гаруйн өмнө хуульчид Эрүүгийн хуулийн талаар хэлэлцэж, 10 гаруй зүйл бүхий зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсний дотор хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох санал байсныг тэмдэглэе. Тэгж яривал Ерөнхийлөгч Х.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэг бус удаа албан бичиг илгээж, авлига, албан тушаалын болон бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлыг хөндөхдөө хөөн хэлэлцэхтэй холбоотой зохицуулалтыг мөн л онцолж байв. Хүн хэлэхээс нааш ухаарахгүй гэдэг ч мэргэжлийн хүмүүс хэлээд, анхааруулаад байхад өнөөг хүртэл хөдлөөгүйг нь юу гэх вэ. Ямар сайндаа л одоогоос гурван сарын өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал хөндөгдөж, гишүүн Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар ам мурийсны дараа залуу гишүүн “Өөртэй нь хамаарал бүхий хүмүүстэй холбоотойгоор хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байна гэсэн хардлага бий. Тиймээс энэ асуудлыг зориуд дарагдуулах сонирхол нуугдаж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Энэ мэт хардлага сая дуулианаар дахин сэдэрч, хуульч, улстөрчид сэжиг, таамаг дэвшүүлсэн. Жишээ нь, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр “Сонирхлын зөрчилтэй холбогдогчийнх нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх есдүгээр сард дуусна. Үүний дараа УИХ-д өргөн барих гээд яамандаа нэг жил, Засгийн газраар хэлэлцүүлээд гурван сар өөртөө дарж байна, хуулийн хулгайч” гэж жиргэсэн. Хэдийгээр хэн нэгнийг нэр цохоогүй ч түүний харшилддаг хүн тодорхой тул ямар хүнд хаягласан нь ойлгомжтой биз.

Хууль батлах эрхтэй субъект нь энэ чиглэлд хийсэн ажилгүй атал дээрх дуулиантай холбоотойгоор хошуу нэмэрлэхээ мартсангүй. Засгийн газрын албан мэдээ гарсны маргааш УИХ-ын дарга Г.Занданшатар улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, АТГ-ын дарга нарт албан бичиг илгээн, авлигын болон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломж олгож болохгүй, хэт хөнгөн ял ногдуулж, хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл байгаа бол шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл бий, эсэхийг шуурхай нягтлахыг хүссэн. Ингээд зогсохгүй захирамж гарган, төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль, тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах ажлыг хэсэг байгуулав. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гишүүн Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нар бий. Тэднээс өө хайж, алдаа, дутагдлыг нь ухаж, төнхөхийг тэргүүнд тавиагүй ч ЖДҮХС-гаас ойр дотнынхон нь тэрбум тэрбумаар нь зээл авсан дуулианд холбогдсон зарим гишүүн эл ажлын хэсэгт багтсан нь тоогүй. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр хэн болчихоод юуг судалж, дүгнэлт гаргах гээд байгаа юм бэ гэх эгдүүцлээ нуух юун.

Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг УИХ шинэчлэн батлахад тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санаачилгаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг өөрчилсөн, эсэх дуулиан өнгөрсөн хавар дэгдсэн. Тэгэхэд бүгд л биеэ хамгаалж, би тэгээгүй, чи ингэсэн гэж булзаж байснаас бус, болохгүй байгааг нь нэгэнт хүлээн зөвшөөрсөн эл зохицуулалтыг засаж, сайжруулах санаачилга гаргасан нь үгүй. Үнэндээ цагаан захтнуудад ял завших боломжийг улайм цайм олгож буй эл заалтыг өөрчлөх хуулийн төслийг дурын гишүүн санаачлаад, батлуулж болох л байсан шүү дээ.

Гэмт хэргийг хөөн хэлэлцэхтэй холбоотой зохицуулалтад асуудал байгаа нь нэгэнт ил болсон хэрэг тул хууль зүйн шинжлэх ухааны энэ нэр томьёо, ойлголтын талаар олон зүйл нуршиж, тэр нь зөв, энэ нь буруу хэмээн онцлохыг урьтал болгосонгүй. Гагцхүү гэмт этгээдүүд, тэр дундаа цагаан захтнуудад ял завших боломжийг хязгаарлах хууль хаана байна. Тэрийг санаачлан боловсруулах Засгийн газар, хууль болгон батлах УИХ яагаад ажлаа хийхгүй байна вэ. Тийм атлаа бичлэг задарч, дуулиан дэгдэнгүүт тэг, ингэ хэмээн дуу дуугаа авалцан сүржигнэх нь ямар учиртай юм бол. Арай ийм зүйлээр хүртэл шоудахгүй байлгүй дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)