Хөшигийн хөндий рүү Монголын анхны хурдны зам тавигдаж, шинэ нисэх буудлын менежментийн концессын гэрээг үзэглэлээ

Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгуулж буй. Энэхүү нисэх буудал нь орчин үеийн нислэгийн удирдлагын шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд олон улсын зохих стандартыг бүрэн хангажээ.

Монгол Улсын Засгийн газар энэ оны зургадугаар сарын 28-ны хуралдаанаараа “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” гэсэн нөхцөлөөр Монгол-Японы хамтарсан компаниудтай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн юм.

Үүний дагуу Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессоор Монголын талаас “Хөшигийн хөндий нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы талаас “Жапан эйрпорт менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д тус тус шилжүүллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Үндэсний их баяр наадмынхаа өмнө монголчууд шинэ нисэх буудлаа ашиглалтад хүлээж авч буй түүхэн үйл явдал тохиож байна. Шинэ нисэх буудлын ажил нэлээдгүй сунжирсны эцэст өнөөдөр албан ёсоор ашиглалтад орж байгаад гүнээ талархаж байна. Энэ менежментийг эхлүүлснээр шинэ нисэх буудал нь Ази тивдээ нисэх буудлын үйлчилгээгээр тэргүүлэгч Япон улсын менежмент, ноу-хау, үйлчилгээний соёлыг өндөр түвшинд нэвтрүүлэх юм. Ингэснээр нислэгийн урсгал, зорчигчид нэмэгдэн далайд гарцгүй манай улсын хувьд олон улстай холбогдох, цаашлаад аялал жуулчлал хөгжих чухал ач холбогдолтой юм" хэмээн хэллээ.

Концессийн гэрээнд нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, нөгөө талаас Япон, Монголын хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл үзэглэв.

Концессын гэрээний хэрэгжих хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх аж.

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээгээр шилжүүлснээр Азидаа нисэх буудлын үйлчилгээгээр тэргүүлэгч Япон улсын менежмент /НОУ-ХАУ/, үйлчилгээний соёлыг өндөр түвшинд нэвтрүүлэх, нислэгийн урсгал, зорчигчдыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор цаг агаараас шалтгаалсан нислэг саатал эрс багасах юм.

Концесс эзэмшигчдэд Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдсан шинэ нисэх буудлын барилга, байгууламжаас агаарын навигацийн үйлчилгээний барилга байгууламж, агаарын хөлгийн засвар үйлчилгээний байгууламж, шатахууны байгууламжаас бусад барилга байгууламж, түүний инженерийн шугам сүлжээ, холбогдох тоног төхөөрөмжийг ашиглуулхаар гэрээнд тусгасан.

Концессын гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Японы консорциумтай сүүлийн нэг жилийн хугацаанд нийт 11 удаагийн багц хэлэлцээр, уулзалтыг хийж бэлтгэж ажилласан байна.

ХУРДНЫ ЗАМЫГ 140,3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТГӨӨР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАРЬЖЭЭ

Уг арга хэмжээтэй холбогдуулан Улаанбаатар-Хөшигийн хөндийг холбосон авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж өнөөдөр ашиглалтад орууллаа. Энэ зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа- Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32,226 км урт, асьфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31м, хоёр урсгал зургаан эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн хурдны авто зам юм.

Хурдны замыг ашиглалтад хүлээн авах  ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт  элчин сайд  Шин Хаймин нээж үг хэлэв.  Тэрбээр энэхүү зам нь Монголын улсын анхны хурдны зам бөгөөд  хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт болж байна. Энэхүү зам нь Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, өнгө төрхийг өөрчлөхөд их нэмэр тустай байх болно гэдгийг онцоллоо. Үүний дараа тууз хайчилж замын хөдөлгөөнийг албан ёсоор эхэллээ.

Энэхүү  хурдны авто зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31 метр, 2 урсгал 6 эгнээтэй аж.

Нийт 6 ширхэг гүүр, 20 ширхэг нүхэн гарц  (явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай), 28 ширхэг дугуй хоолой баригджээ. Замын нийт өртөг 140 сая ам доллар ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)