Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын ерөнхий төлөвлөгөөг гаргажээ

Төв аймгийн нутаг, Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн шинэ хот байгуулах шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газраас гаргасан. Олон улсын зорчигч, ачаа тээвэр, банк санхүү, мэдээллийн технологи, аялал жуулчлал, чөлөөт бүс бүхий агаар, төмөр, авто замын зангилаа төв болгох зорилготой уг хотын ерөнхий төлөвлөгөөг гаргажээ. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өчигдөр хотын ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, холбогдох албаныхантай санал солилцов. Олон улсын шинэ нисэх буудлыг дагасан уг хотыг ухаалаг болгох гэнэ. Нийт 12 000 га талбайд байгуулахаар төлөвлөсөн шинэ хотыг орон сууцны, олон нийтийн ажил хэргийн, үйлдвэрийн, ногоон байгууламжийн, холимог ашиглалтын, инженерийн шугам сүлжээний гэсэн үндсэн зургаан бүсчлэлээр хөгжүүлэх аж. 

Тэдгээрээс ногоон байгууламжийн бүс нь хамгийн том буюу 5000 орчим га талбайг хамрах юм байна. Түүнчлэн хил залгаа орших хот, тосгон, аймаг, сумуудад барихаар төлөвлөсөн үйлдвэрийг тус хотод давхар байгуулахгүй гэдгээрээ онцлог аж. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төв аймгийн удирдлага хотын бодлого, төлөвлөлтийг гаргаж, суурьшлын шинэ бүс байгуулах ажлыг эхлүүлсэн нь сайшаалтай. Гэхдээ БХБЯ, БОАЖЯ, БСШУСЯ болон нийслэлийн ЗДТГ-ынхан энэ чиглэлээр ямар бодлого баримтлах талаар тодорхой саналууд гаргаж байна. Тархай байгаа саналуудыг нэгтгэх ёстой” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)