ХӨТӨЛБӨР БЭЛЭН, хэрэгжүүлэх л үлдлээ

сурах бичиг

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчилж, шинэчлэх нь мэдээж. Харин манайхан өнгөрсөн хугацаанд бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэрээр асуудалд хандаж ирэв. Хувьсгалын он жилүүдэд орчин үеийн шинжлэх ухааны сургууль байгуулснаас хойш сургалтын хөтөлбөрийг 20, дараа нь 10 жил болоод өөрчилдөг байж. Тэгвэл 1998-2014 он хүртэл хөтөлбөр дунджаар дөрвөн жил тутам “хувирчээ”. Үүнийг байж болохгүй үзэгдэл гэдгийг судлаачид хэлсэн. Тодруулбал, эл үеэс Монголын боловсролын салбарт хэн эрх мэдэлтэй нь гар дүрж, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бай болгосон гэж хэлж болно.

Япон Улс сургалтын хөтөлбөрөө 10 жил тогтвортой мөрддөг. Шинийг хэрэгжүүлсэн өдрөөс дараагийн 10 жилд нэвтрүүлэх баримт бичгээ судалж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, сургалтын хөтөлбөр боловсруулахад 10 жил зарцуулдаг гэсэн үг. Харин манайд Засгийн газар солигдох бүрт, эсвэл улс төрийн сонгуулийн дараа хөтөлбөр шинээр “төрдөг”. Тун амархан. Сайд, дарга нар хэдэн хүн цуглуулаад, “хормын” зуурт баримт бичиг боловсруулчихдаг нь нэгэнт ил болсон. Багш нар хөтөлбөрийн үзэл баримтлалыг дөнгөж ойлгож, сая нэг арга зүйгээ олох гэтэл “дүү” нь мэндлэх жишээтэй.

Өмнөх нийгэмд боловсролыг хэн ч шүүмжилдэггүй, өгсөн “хоолыг” дуугүй иддэг байсан цаг. Харин өдгөө бид техник, технологийн асар хурдтай эринд амьдарч буй. Болсон, болоогүй “хоол” хэн ч идэхгүй. Тэр тусмаа хүүхдүүддээ өгөхгүй. 2014 оноос мөрдөж буй сургалтын цөм хөтөлбөрийг тогтвортой мөрдөх хугацааг 10 жил гэж “хуульчилсан”. Гэсэн ч уг баримт бичиг олон талаараа учир дутагдалтайг судалгааны баримтууд гэрчилж буй. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийт хугацааны тал нь үр дүнгүй шахам өнгөрсний дараа холбогдох хүмүүс сая нэг “ухаан оров”. Учир нь сургалтын цөм хөтөлбөрийг засаж, сайжруулан, 2019-2020 оны хичээлийн жилд мөрдөхөд бэлэн болголоо. Манай улс ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртөө анх удаа дорвитой шинэчлэл хийсэн нь энэ.

1990 оноос хойш ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулахад гар бие оролцож, сайн, мууг нь мэддэг олон эрдэмтэн бий. Тэдний нэг нь Боловсролын хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн секторын зөвлөх, МУИС-ийн зөвлөх профессор Н.Оюунцэцэг. Цөм хөтөлбөрийг хэрхэн засаж, сайжруулсныг, ирэх хичээлийн жилд багш, сурагчийн ачаалал буурах, эсэхийг түүнээс тодруулсан юм. Тэрбээр “Одоо мөрдөж буй бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг 2014 онд, дунд ангийнхыг 2015, ахлах ангийнхыг 2016 онд батлан, хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг нэг жилд бүх ангид нэвтрүүлэх боломжгүй. Өнгөрсөн хугацаанд олон нийт сургалтын цөм хөтөлбөрийг сайн, муугаар шүүмжилж ирсэн. 

Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй авч хэлэлцэх шаардлага тулгарсан тул 2015 оноос Боловсролын үнэлгээний төв хөтөлбөрийн хэрэгжилтэд чанарын үнэлгээ хийдэг болсон. Мөн 2017 онд Азийн хөгжлийн банкны “Чадавхыг хөгжүүлэх техникийн туслалцаа” төслийн хүрээнд олон улсын байгууллагатай хамтран чанарын судалгаа хийсэн байдаг. Хамгийн сүүлд Боловсролын хүрээлэнгийнхэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүний чанарыг өргөн хүрээнд үнэлсэн нь судалгааны чухал баримт болсон. Түүгээр сургалтын хөтөлбөрт гарч буй асуудал, бэрхшээлийг илрүүллээ. Үүний хүрээнд багш нарын дунд анх удаа үндэсний хэлэлцүүлэг өрнүүлсэн. 

Уг хэлэлцүүлэг судалгаанаас ялгаатай нь, практикт сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарт, сургуулиудын удирдлагад ямар бэрхшээл тулгарч буйг үнэлж, дүгнэснээрээ ач холбогдолтой. Энэ бүхний дараа монгол хэл, математик зэрэг судлагдахуун бүрээр мэргэжлийн багууд томилогдон, өнгөрсөн зуны турш ажиллаж, суралцахуйн удирдамжийг сайжруулан, сурах бичгүүдэд тохиргоо хийлээ” гэв.

Хөтөлбөрийг сайжруулахад БСШУСЯ бодлогоор дэмжиж, Боловсролын хүрээлэнгийнхэн гол ажлуудыг “нугалжээ”. Өөрөөр хэлбэл, цөм хөтөлбөрийг өөрчлөх үндэслэлийг хүрээлэнгийн эрдэмтэд гаргаж, асуудлыг тодорхой болгон, сайжруулсан байна. Дээрх судалгаануудаас гарсан нийтлэг зөрчил нь анги хооронд, хичээл бүрийн зарим агуулга хүнд, давхардал ихтэй, цагтаа багтдаггүй, шинэ сэдвийг давтуулах, мэдлэг олгох хугацаа бага, хүүхдийг бие даан хөгжүүлэх, туршилт, судалгаа хийхэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнээр хангадаггүй байсныг илрүүлжээ. 

Цөм хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд сурагчдын дунд явуулсан сорилын гүйцэтгэл эдгээр шалтгаанаас болж 30-40 хувьтай буюу маш хангалтгүй дүн үзүүлжээ. Тухайлбал, байгалийн ухааны хичээлүүдийн хөтөлбөрийн үр дүн, гүйцэтгэл, амжилт 30 хувиас хэтрэхгүй байгаа аж. Сурагчдын амжилт, сурлагын чанарыг хэрхэн ахиулах “нууцыг” хөтөлбөрийн сайжруулсан хувилбарт тусгасан талаар албаны хүмүүс хэллээ. Ингэхдээ хөтөлбөрийн агуулгын багтаамжийг бууруулах замаар багш, сурагчийн ачааллыг багасгана гэж үзэж байна.

Н.Оюунцэцэг профессор “Тухайн хичээлээр судалж буй бүлэг, сэдвүүдийг сургалтын хөтөлбөрийн агуулга гэнэ. Эдгээрийг хасаж, цөөлөн, нэгтгэж, нягтруулан, давхцалыг нь арилгах замаар агуулгыг багасгалаа. Ингэхээр багш, сурагчийн ачаалал тодорхой хэмжээнд буурна. Хэдэн хувиар гэдгийг хэлж мэдэхгүй. Жишээлбэл, дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг тус бүр 8-10, бага ангийнхыг 35 орчим хувь танасан. Гэхдээ энэ бол тоон үзүүлэлт. Хөтөлбөрт өөрчлөлт оруулсан гол шалтгаан нь сургалтын чанарыг сайжруулахад оршино. Ингэхийн тулд XXI зууны боловсрол хэрхэн өөрчлөгдөж байгааг, сургалтын хөтөлбөрт ямар шаардлага, шалгуур тавьж буйг харгалзан үзсэн. 

Агуулга хэдий- чинээ бага, тодорхой байна, хүүхэд тэр хэрээр мэдлэг, чадвар эзэмших боломж бүрддэг. Тиймээс хэт ерөнхий агуулгуудыг нэгбүрчлэн тодорхой болгосон. Тухайлбал, “Байгалийн юмс үзэгдлийг судлах” гэвэл хэт ерөнхий сонсогдож байгаа биз. Харин үүний оронд “Сээр, нуруутан амьтныг судлах” гэж тодруулбал, илүү ойлгомжтой болно. Агуулгын хүрээг ингэж хумьсанаар хөтөлбөрийн багтаамж багассан гэж үзэж байгаа. Түүнээс биш тоо, ширхгээр хасдаг зүйл биш” хэмээсэн юм.

Дэлхий нийтэд сургалтын хөтөлбөрийг олон төрөл, аргаар боловсруулж хөгжүүлдэг. Манай ерөнхий боловсролын сургалтын хуучин хөтөлбөрүүд судлагдахуунд суурилсан байв. Жишээ нь, химийн хичээлээр ямар агуулга үзэх ёстой, түүнд нь тохирсон бүлэг, сэдэв, мэдлэгийг жагсаадаг. Гэтэл XXI зууны ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр хүүхэд төвтэй байхыг шаардах болсон. Тухайлбал, химийн шинжлэх ухааны судлагдахууны агуулгыг жагсаах бус, хөтөлбөрийг дүүргэсний дараа хүүхэд ямар мэдлэг, чадвар, хандлага эзэмших ёстойг тодорхойлдог. 

Тэнгэр, газар шиг ялгаатай гэсэн үг. Уг нь одоо мөрдөж буй сургалтын хөтөлбөрт тухайн хичээлийн шинжлэх ухааны агуулгыг бус, эцсийн үр дүн болох хүүхдийн чадварыг томьёолж өгсөн байдаг ч хэрэгжүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, 2014 оноос манай сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээ өөрчлөгдсөн. Хими, физикийн хичээлээр ийм мэдлэг олж авах ёстой гэхээсээ илүүтэй ямар чадвар эзэмших, түүнийгээ амьдралд хэрхэн ашиглах дадал суулгах зорилготой. Тиймээс л хэрэгжүүлэхэд ойлгохгүй, боловсруулахад хүндрэл учирч байв.

Эдгээрээс гадна сургалтын хөтөлбөрийг сайжруулахдаа бага, дунд ангийн үнэлгээний арга зүйг шинэчилжээ. Зорилт, шалгуур зэргийг нь улам тодорхой болгосноороо онцлог болсон гэж судлаачид хэлж байлаа. Суралцахуйн зорилт буюу тухайн судлагдахууныг хүүхэд хэрхэн мэддэг болсныг ямар даалгавраар үнэлэх вэ гэдэг гол асуудал. Урьд нь сурагчийн мэдлэгийг л үнэлдэг байсан аж. Ингэхдээ тухайн сэдвийг яриулж, бичгээр, эсвэл тестээр шалгадаг байв. Харин өдгөө зүгээр ч нэг баримтын юм уу, цээжилсэн мэдлэг бус, тухайн хичээлийг хэр ойлгосныг нь, толгойн доторх “зүйл”-ээр үнэлнэ гэсэн үг.

XXI зууны иргэн ерөнхий боловсролын сургуулиа асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах чадвартай болж төгсөх учиртай. Үүнийг нь сургалтын хөтөлбөрөөр олговол зохино гэж олон улсад үздэг. Сургалтын сайжруулсан хувилбарт үүнийг нарийвчлан тусгажээ. Энэ нь тухайн хүүхдийг янз бүрийн мэдээллийг үгээр, бичгээр, зургаар, графикаар зэрэг олон аргаар хувиргаж, илэрхийлж чаддаг болгоно гэсэн үг. Нөгөө нэг нь асуудал шийдвэрлэх сургалтын технологи юм. Бодлого боддог л бол чадварыг нь үнэлчихдэг хуучин цаг өнгөрчээ. 

Сурагчид тухайн хичээлээр үзсэн мэдлэгийг тодорхой асуудал шийдвэрлэхэд ашиглаж байгаа, эсэхийг, практикт хэрхэн хэрэглэхийг нь үнэлснээр “Ерөнхий боловсролын мэдлэг амьдралд хэрэг болдоггүй” гэсэн олонхын хандлагыг өөрчилнө гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс сургалтын хөтөлбөрт мэдээлэл боловсруулж, асуудлыг шийдвэрлэх шалгуурыг томьёолж, үүний дагуу гүйцэтгэх даалгавруудыг нь тодорхой болгожээ. Үүнээс гадна тухайн хичээлээрх сорилт туршилт, хандлага, төлөвшлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг мөн тодорхойлсон байна.

Одоо бидний анхаарах хамгийн чухал зүйл бол хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Цаашид цөм гэхгүй бөгөөд Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр гэнэ. Өмнө нь уг баримт бичгийг хэрэгжүүлэхэд төр, засаг хангалттай хэмжээнд анхаарч байсангүй. Цаасан дээр шинэчилснийгээ багш нарт даатгаад орхидог байв. Тэднийг хөтөлбөрийн дагуу сургаагүй тул хуучин арга зүйгээрээ хэрэгжүүлэх гэж зүтгэсээр цаг алдсан. Харин одоо эрчимтэй дэмжих цаг ирлээ. Сургалтын хөтөлбөрийг сайжруулсантай холбоотойгоор үндэсний 550 сургагч багш бэлтгэх тав хоногийн сургалтыг өнгөрсөн өдрүүдэд нийслэлд зохион байгууллаа. Багш нарыг сургахгүйгээр сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс эдгээр 550 хүн салбарын 44 000 багшид сурсан, мэдсэнээ хүргэх даалгавартай. Гэхдээ энэ нь төдийлөн үр дүнтэй биш, үе шаттайгаар сургах шаардлагатайг судлаачид онцолсон.

Тэдний хэлснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Хамгийн нэгдүгээрт, багшийн мэдлэг, чадвар. Үүний дараа төрийн бодлого, дэмжлэг чухал аж. Тухайлбал, байгалийн ухааны хичээлд нэг ангид суух хүүхдийн тоо 30-аас хэтрэхэд л хөтөлбөр хэрэгжихгүйд хүрдэг. “Асуудлыг шийдвэрлэх туршилт явуул” гэж хөтөлбөр “шаардаад” байдаг. Гэтэл үүнийг хийхийн тулд жүрж, сүү, талх, даавуу гэхчлэн бидний өдөр тутамд хэрэглэдэг зүйлсийг ашиглах ёстой. Сургалтын хэрэглэгдэхүүн байхгүйгээс энэ нь бас л хэрэгждэггүй байв. Тиймээс анги бүрийг тухайн хичээлд хэрэглэх зүйлсээр нь хангах шаардлагатай болох нь. Түүнээс гадна сургуулийн удирдлага, менежерүүдийг чадавхжуулах нь сургалтыг зөв зохион байгуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй аж.

Сургалтын хөтөлбөр хүүхдүүдэд мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой баримт бичиг. Мянга сайжруулаад хэрэгжүүлэхгүй л бол “хог”.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)