ХӨСӨР ХАЯГДСАН Хөдөлмөрийн хууль

Оны өмнө УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн намуудын төлөөлөл Тусгаар тогтнолын талбайд нэгдсэн жагсаал хийж, санал тоолох хар машиныг шатааж баахан сүржигнэсэн дээ.

Он гарахаас урьтаж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол өнөө жилийн сонгуулийг 2011 онд баталсан хуулиар зохион байгуулах байсан тул улс төрийн намууд тэвдэн сандралдаж, эсэргүүцлээ илэрхийлсэн тэр хар өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл тэргүүтэй хэдэн хуулиар толгой дараалан завсарлага авсан.

Үүний үр дүнд Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгддэг, нэн ач холбогдолтой Хөдөлмөрийн тухай хуулийн шинэ төсөл буцаж, хөдөлмөрийн салбарт гарах байсан эрх зүйн олон чухал өөрчлөлт цаг алдахад хүрэв.

Тэр өдөр Сонгуулийн тухай хуулиар МАН завсарлага авсныг хэлэхдээ гишүүн Н.Номтойбаяр “Манай намын С.Чинзоригийн өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулиас бол завсарлага авахгүй” гэх ухааны юм ярьж эрхэм спикерийн уурыг хүргээгүй бол адаглаад хүүхдээ гурван нас хүртэл нь харж байгаа ээжүүдийн нийгмийн даатгалыг ажил олгогч төлөх тухай заалт өнөөдөр хэрэгжээд явах байлаа.

Манай улстөрчид хуулийг аль намын хэн өргөн барьсан бэ гэдэг үзэмжээр ханддаггүй, УИХ-ын дарга тэр дор нь хариуг нь барьж алх цохиогүй бол орон гэрээсээ олон хоногоор хол ажилладаг хүмүүсийн ажил, амралтын цагийн хуваарийг хуулиар зохицуулж, компанийн удирдлагуудын үзэмжээр шийдэн хүмүүсийг хохироодог байдал өдийд үгүй болчих байв.

Учир нь хууль төрөхийн өмнө давах ёстой бүх даваа, туулах ёстой шат дамжлагаа гүйцээчихсэн, гишүүдийн саналыг хураагаад, алх цохих л үлдээд байсан юм. Харин одоо Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл бүр эхнээсээ дахиад явна.

Үзэл баримтлалаа батлуулахын тулд холбогдох газруудаас санал авахаас эхлээд, Засгийн газраар оруулж, УИХ-д өргөн барьснаар Байнгын хорооны хэлэлцүүлэг, чуулганы нэгдсэн хуралдаан хоёрын дунд нааш, цааш шидэгдэнэ.

Энэ хооронд цаг хугацаа урсан өнгөрсөөр л байна. Хөдөлмөрийн хуулийн төслийг боловсруулахад энэ асуудлаар мэргэшсэн эрдэмтэд, холбогдох яамд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Жендерийн үндэсний хороо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, төрийн бус байгууллагуудын төлөөлөл 22 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2012 оноос эхэлж ажилласан шүү дээ.

Хуулийн төслийг үндэсний хэмжээнд гурван удаа, хөдөлмөрийн харилцааны асуудлаар 10 гаруй сэдэвчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг Хөдөлмөрийн яам холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулсан. Одоо дахиад хэдэн хүнтэй ажлын хэсэг байгуулж, хэдэн удаа уулзалт зөвлөгөөн зохиож, цаг, мөнгө гарздахыг таашгүй.

Хөдөлмөрийн яамны эх сурвалжийн хэлж буйгаар өмнөх сайдын өргөн барьсан хуулийн төсөлд бага сага өөрчлөлт оруулахаар болж байгаа сурагтай. Гэхдээ яг ямар өөрчлөлт оруулахыг одоогоор хэлж мэдэхгүй гэсэн.

Сонгуулийн хуулийн хоморгонд өртөн, баахан хүний ажил хөдөлмөр, хичээл зүтгэл хөөс болон замхарсан төслүүдийн зөвхөн нэг нь Хөдөлмөрийн тухай хууль. Монголын төрийн түшээд хууль хэлэлцэхдээ хэрхэн намчирхаж, яаж биенээ шантаажилдгийн тод жишээ энэ.

Ард иргэдийн амьдралд тустай хуульд болохоор иймэрхүү байдлаар алагчилж хандчихаад, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө гэвэл юуг ч хайр найргүй галдан шатааж байгаад ч хамаагүй, шийдүүлж дөнгөдөг.

Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 18 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг хууль нь төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн нийгэм, эдийн засгийн тухайн нөхцөлд нийцэж байсан боловч өнөөгийн хөдөлмөрийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйд хүрсэн.

Тухайлбал, хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойших харилцааг зохицуулахаар тусгаж, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн харилцааг хэт нарийвчлан, ажил олгогч болон ажилтны эрх, үүргийн тэнцвэрт байдал алдагдсан зэрэг нь уг хуулийн хамрах хүрээг явцуу болгож, жижиг аж ахуйн нэгжид хамаарал багатай байсан юм.

Түүнчлэн одоо мөрдөж буй хууль нь хувийн хэвшлийн цалин хөлсний тогтолцоог зохицуулж чадахгүй, хөдөлмөрийн үнэлэмж нь ажилтны ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдахгүйн зэрэгцээ бүрэн бус цаг, хөдөлмөрийн гурвалсан харилцаа зэрэг хөдөлмөрийн зах зээлд шинээр үүссэн харилцааг зохицуулах боломжгүй байв.

Мөн хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх эрх мэдлийг шүүхэд төвлөрүүлснээс хугацаа алдаж, талуудын зөвшилцөх боломжийг хязгаарласан нь ажилтан болон ажил олгогчийн аль алинд хүндрэл учруулдаг байж.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх байсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ мэт ээдрээтэй зүйлүүдийг цэгцлэхээр тусгасан байж. Ингээд иргэдэд хэрэгтэй ямар чухал өөрчлөлтүүд орохоор тусгасан байсны заримаас уншигчдад хүргэе.

  • Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, үл ялгаварлан гадуурхах, хүүхдийн хөдөлмөрийг устгах, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтыг төсөлд тусгасан.

Эдгээр хэм хэмжээг хуульд тусгаснаар дэлхийн худалдааны гишүүн орныхоо хувьд хүлээж буй үүргээ биелүүлэх, Европын холбооны GSP+ зэрэг гадаадын худалдааны тарифын хөнгөлөлтөд манай улс хамрагдах нөхцөл бүрдэх байв.

  • Хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүрэн бус цагаар ажиллах, түүний дотор оюутны хөдөлмөр эрхлэлтийн харилцааны онцлог зохицуулалтыг тусгав.

Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд бий болсон хөдөлмөрийн шинэ харилцааны зохицуулалт хуульд тусгагдаж, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх боломж бүрдэх юм.

  • Цалин хөлсний зохицуулалтын хувьд ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үндэсний тогтолцоог бий болгох, түүнчлэн бүрэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлсийг цагаар, тухай бүр олгож байхаар хуулийн төсөлд тусгаад байв.
  • Уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулахаар хуульд тусгажээ.
  • Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хугацааг богиносгож, аль болох анхан шатандаа шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, гарсан маргааныг зохицуулах байгууллагын бүтцийг оновчтой болгожээ.

Одоогийн Хөдөлмөрийн тухай хуулиар хэн маргаан үүсгэснээс шалтгаалж хөдөлмөрийн ганцаарчилсан болон хамтын маргаан гэж ангилж, маргаан зохицуулж байна.

Харин хуулийн төсөлд гарч буй маргааны агуулгаар нь хөдөлмөрийн сонирхлын болон эрхийн маргаан гэж ангилан, үүнтэй уялдуулж хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхээр тусгажээ.

Л.ГАНЧИМЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)