Хөсөр хаягдсан нийтийн эрх ашиг

Социализмын үед нийгэм, нийтийн өмчийг хамгаалах хатуу бодлого хэрэгжүүлж, зөрчсөн тохиолдолд чанга арга хэмжээ авдаг байж. Тухайн үеийнхэн хүүхэд, хөгшидгүй “Нийтийг өмчийг хайрла, хамгаал” гэсэн уриа лоозонгоор тугаа хийж явсан. Ер нь л ухамсар, төлөвшил, хүмүүжил, дадлаараа нийтийн өмчийг хамгаалж ирсэн гэдэг. Харин өдгөө нийтийн өмчийг яах нь миний дур, төрийг хохироох, эсэх нь чамд падгүй гэх нь олширч, ужгирах шинжтэй болов. Төр, нийтийг хохироосон хэрэг, зөрчил олон гардаг ч хариуцлага тооцож, хамжаарласан нь цөөхөн. Тухайлбал, Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн зам ундуй сундуй байна. Эвдэрч, элэгдсэн тэр замд жилдээ олон арван хүн амиа алдаж, хэдэн зуун автомашин онхолдож, осолддогийг буйг хууль, хяналтынхан тоолох төдий сууж, нам, эвсэлүүд улстөржүүлэхээс өөрөөр арга хэмжээ авсангүй удлаа.

Тодорхой хэлбэл, УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 4-нд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталж, дөрвөн үндсэн агуулгын хүрээнд нийтийн эрх ашгийг хамгаалж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг ТББ-ынханд нээж өгсөн.

Хотын захын гудамж, талбай гэрэлтүүлэггүй харанхуй, хүмүүс тухайн газраар шөнө, орой явахаас жийрхдэг. Амиа алдаж, эд зүйлээ эрээ цээргүй дээрэмчинд булаалгах эрсдэл энүүхэнд. Хүүхдүүд тоглоомын талбайд бэртэж, амиа алдах нь ихэссэн. Бас тэдний тоглодог, хөгшчүүлийн дасгал хийдэг төхөөрөмжийг олиггүй нэг нь хулгайлж, хашаагаа тохижуулсан тохиолдол ч гарсан. Хэн ч үүний араас гомдол нэхдэггүй бөгөөд овжин зальжин хүмүүс завшаад л өнгөрдөг. Хөрш айлынхаа охиныг хүчирхийлэлд өртөж буйг хэдэнтээ харсан хархүү “Надад хамаагүй” гэсэн шиг харц буруулан өнгөрсөөр. Хамаг сүүлд нь охин амиа алдав. Тухайн цаг үед чимээгүй өнгөрсөн тэр хархүү цагдаад мэдүүлэг өгч “Охиныг аав, ээж нь аймаар зоддог байсан” хэмээн толгой сэгсэрч суусан. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохир ус хальж, гол руу оржээ. Хавь ойрынхон нь “пүү паа ямар муухай үнэр вэ” гэж үглэхээс бус нийтийн эрүүл мэнд хийгээд байгаль орчинд хор хөнөөлтэйг нь сэхээрч холбогдох газарт нь мэдээлсэнгүй. 2012 оноос хойш томилогдсон хотын бүх дарга нийтийн эрх ашгийг хамгаалахаар өдий төдий амлалт өгсөн. Жишээ нь, “Гэр хорооллыг дахин төлөвлөнө. Улаанбаатарын нийт өрхийг орон сууцад оруулна” гэдэг.

Орон нутгийн сонгууль эхэлж, сурталчилгаа ид өрнөж буй энэ өдрүүдэд хотын удирдлагын гаргасан хөтөлбөр, тайлан бүхий сонин, сэтгүүл таны гарт очсон нь лавтай. Сурталчилгааны материалыг хаялгүй, хэрэг болгон уншаарай. Метрополис гэсэн статустайгаа зохицож, дэлхийн бусад хоттой зэрэгцэн хөгжүүлж үү гэдгийг нь харьцуулаарай. Тэнгэр, газар шиг зөрүү гарах биз. Харин ч гэр хорооллыг дахин төлөвлөж байгаа нь энэ гээд олон зуун иргэний эрх ашгийг хохироож, гудамжинд гаргасан. Энэ мэт нийтийн эрх ашгийг хохироосон, нийгэмд буруу жишиг болсон, эх, адаг нь олдохгүй, ээдрээтэй хэрнээ хэний ч анхааралд өртөөгүй хэрэг, зөрчил олон. Дэлхийн жишгээр дээрх тохиолдол бүрт төрийн болон төрийн бус байгууллага (ТББ)-ууд иргэдийн эрх ашгийг хамгаалж, шүүхэд нэхэмжлэл гаргадаг юм байна. Нэг хүн хохирсон ч нийтэд тохиолдож болох, тэдэнд хамаатай асуудал гэж үзвэл шүүхэд заавал ханддаг гэнэ лээ. Хамгийн гол нь зарим оронд тухайн хэргийг шийдсэн шүүгч нар бүрэлдэхүүнээрээ сууж байгаад хэргийг хэрхэн шийдвэрлэснээ олон нийтэд тайлагнадаг гэсэн. Жишээ нь, нийтийн эрх ашгийг юу нь зөрчсөн юм, уг үйлдэл нь ямар хор хөнөөлтэй вэ, байгаль орчныг яаж доройтуулсан зэргийг дэлгэрэнгүй мэдээлдэг гэсэн.

Монголд ч дээрх мэт тохиолдол бүрийн араас явж, нийтийн эрх ашгийг хамгаалж, тэмцэх эрх зүйн орчин уг нь бүрдсэн. Тодорхой хэлбэл, УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 4-нд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталж, дөрвөн үндсэн агуулгын хүрээнд нийтийн эрх ашгийг хамгаалж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг ТББ-ынханд нээж өгсөн. Тус хуулийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна” гэж заасан. Тодруулбал, нэхэмжлэлийн агуулга ТББ-ын дүрмийн зорилгод нийцэх учиртай. Мөн дэвшүүлсэн зорилгынхоо дагуу сүүлийн гурван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, байгаль орчны чиглэлээр ажилладаг бол тэр чиглэлээрээ гурван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ёстой. Эл шаардлагыг хангасан ТББ бүр нийтийн эрх ашгийг хамгаалж, Захиргааны хэргийн шүүхэд хандах юм. Иргэд ч эрх ашиг нь хөндөгдсөн бол ТББ-д хандаж эрхээ хамгаалуулах боломж хуулиар бүрдсэн.

Өдгөө Монголд төрийн бус 26 000 байгууллага бий гэх. Тэдгээрээс 1000 гаруй нь хүний эрх хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тийм хэдий ч 2016 оноос хойших гурван жилд нийтийн эрх ашгийг хамгаалж, Захиргааны хэргийн шүүхэд хандсан тохиолдол тун цөөн. “Нийтийн эрх ашгийг хамгаалж байна” гээд хэрүүл, зарга хийгээд явдаг төрийн бус хэд хэдэн байгууллагын төлөөлөл байдаг. Бүх үйлдлийг нь үгүйсгэж буй юм биш. Гэхдээ олонх нь нийтийн эрх ашгийг хамгаалах нэрээр харин ч эсрэг нэхэмжлэл гарган, улс төрийн явцуу сонирхлоор шүүхэд хандах нь бий. “Эх орон, унаган байгаль, газар шороогоо үр хойчдоо онгон дагшнаар нь үлдээе” хэмээн сонгууль болгоны өмнө хэсэг бүлгээрээ гарч ирдэг, тэд. Сүүлдээ бүр УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвших болсон. Нийтийн эрх ашгийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах нь Монголд харьцангуй шинэ үзэгдэл. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан эхний жилүүдэд нийтийн эрх ашгийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах нь харьцангуй бага байж. Сүүлийн жилүүдэд өсөх хандлага ажиглагдаж буй. Гэхдээ ТББ-ынхан хүрээлэн буй орчин бохирдсон асуудлаар голчлон нэхэмжлэл гаргадаг гэсэн. Харин хүүхдийн эрх зөрчигдсөн талаар 2016 оноос хойш ердөө гурван нэхэмжлэл гаргасан байх юм.

Дээрх хууль баталснаас хойш ТББ-ууд Захиргааны хэргийн шүүхэд 24 нэхэмжлэл гаргасан бөгөөд 13-ыг нь шүүх хүлээн авч, шийдвэрлэжээ. Хүлээж аваагүй нь дараах шалтгаантай. ТББ-ынхан тодорхой нутаг, дэвсгэрийн оноосон нэрийг сонгох нь бий. Жишээ нь, “Онги голыг хамгаалах хөдөлгөөн”, “Буйр нуур, Халхын гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн” зэрэг нэртэй ТББ байдаг. Тэдгээрийн эл нэр өөр газар нутагт нийтийн эрх ашгийг хамгаалж шүүхэд хандахад нь тээг болдог. Өөрөөр хэлбэл, “Онги гол хөдөлгөөн”-ийхөн Туул гол, Хөвсгөл нуурыг бохирдуулж буй талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй. Гаргасан ч шүүх хүлээж авахаас татгалзах магадлал өндөр гэх. Мөн нэхэмжлэл гаргасан байгууллага 32 сар үйл ажиллагаа явуулсан байхад танайх байгуулагдаад гурван жил болоогүй хэмээн нэхэмжлэлийг хүлээж аваагүй тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл, ТББ-ууд нэр, үйл ажиллагаа явуулсан хугацаанаас шалтгаалан, нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эрх ашгийг төлөөлөн тэмцэх боломж хомс байгаа юм.

Нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн зарим жишээ оруулъя. 2018 онд “Боловсролын давалгаа” ТББ-аас БСШУСЯ-нд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байв. Тус байгууллагынхан нэгдүгээрт, БСШУС-ын сайдын 2014 оны зургадугаар сарын 3-ны А/240 дугаар тушаалаар баталсан Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн “Иргэний боловсрол” хичээлд холбогдох 6.1, 6.2 дахь заалтыг хүчингүй болгох, хоёрдугаарт, ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” сурах бичиг нь наад захын стандарт хангаагүй, сурагчдад өгөөжгүй тул дахин хэвлэх шаардлагыг нэхэмжлэлдээ тусгажээ. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хоёрдугаар шаардлага буюу стандартын бус сурах бичгийг хэрэглээнээс хасаж, дахин хэвлүүлэхийг БСШУСЯ-нд даатгаж, эхний шаардлагыг хангалгүй орхижээ.

Үүнээс гадна өнгөрсөн жил “Онч шийдэл” ТББ-аас ХХААХҮ-ийн сайдад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ны А/88 дугаар тушаалаар нэр бүхий найман компанид ЖДҮХС-гаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах эрх олгосон нь нийтийн эрх ашгийг зөрчсөн гэж дурджээ. Тодруулбал, нэр бүхий УИХ-ын гишүүн, эрх бүхий албан тушаалтанд хамаарах “Газар буудай”, “Дорнод гурил”, “Ред стар клуб”, “Тээвэр аялал”, “Хүннү”, “Цэн стайл”, “Эпато анарваан” ХХК-уудаар төр, нийтэд учирсан хохирлыг арилгуулах нэхэмжлэл гаргасан юм. Энэхүү нэхэмжлэлийг Захиргааны хэргийн гурван шатны шүүх дамжуулан хэлэлцсэн ч эцсийн дүндээ Дээд шүүхээс хэрэгсэхгүй болгосон билээ. Монголд 26 000 ТББ байгааг дээр дурдсан. Тэгвэл тэдгээр ТББ-д нийтийн эрх ашгийг хамгаалах боломж бүх талаар бий. Жишээ нь, хүүхдийн эрх ашгийг хамгаалж, дуу хоолойгоо нийгэмд хүргээсэй, шүүхэд нэхэмжлэл гаргаасай. Учир нь сүүлийн үед хүүхэд гэмт хэргийн золиос болох, хүчирхийлэлд өртөх, амиа алдах нь ихэссэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийн төлөө, зам, тээврийн ослыг багасгахын тулд, агаарын бохирдол багачуудын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй талаар, нялхас халуун тогоонд шалзлагдаж, түлэгдэж буйг хөндөн, тэдний эрх ашгийг хамгаалж тэмцэхэд болохгүй зүйлгүй баймаар. Угаас ТББ-ын гүйцэтгэх үүргийн нэг нь нийгэмд, нийтэд гэрэл гэгээ түгээх. Энэ үүргээ биелүүлэх боломжийг нь нээж, бүр хуульчлаад өгсөн байна шүү дээ. Тиймээс хуульчилж өгсөн дээрх чиг үүргээс ядаж л хүүхдийн эрхийг хамгаалахад хүч нэмээрэй, ТББ-ынхаан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)