ХӨСҮТ долоон хүнийг хяналтад авчээ

ЭМЯ-наас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөр бүр өгч буй бөгөөд бусад салбарынхны төлөөлөл ч өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлаа тайлагнаж байна. Эхний ээлжид БНСУ-аас ирсэн гурван монгол иргэний шинжилгээний хариу сөрөг гарсныг дуулгая. Тэдний нэг нь Дархан-Уул аймгийнх байв. Халдварын голомт болох Ухань хотоос тээвэр хийгээд ирсэн гэх 25 настай залуугийн шинжилгээний сорьцыг Орхон аймгаас энэ сарын 5-ны орой ХӨСҮТ-д хүргүүлсэн тул хариу нь хараахан гараагүй аж. Мөн өдөр Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн монгол, австрали хоёр иргэнд шинэ вирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийж буйг тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ. Тэрбээр “Өнгөрсөн сарын 31-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн нэг монгол иргэн эрүүл мэндийн байгууллагад хандсан. Одоогоор долоон хүнийг хяналтад аваад байна. Өнгөрсөн хугацаанд өвчний төстэй шинж тэмдэгтэй 85 хүнийг тусгаарлаж, шинэ вирусийн шинжилгээ хийхэд хариу нь бүгд сөрөг гарсан. Манайд хэдийгээр коронавирусээр халдварласан тохиолдол бүртгэгдээгүй ч эрсдэл улам л нэмэгдсээр байна. Тиймээс дор бүрнээ сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагынхны урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг дагаарай” гэв.

Шинэ вирусээр халдварлагсдын тоо 30 мянга дөхсөн ч нийт тохиолдлын 80 хувь нь хөнгөн явцтайг ДЭМБ-ын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа хэлсэн. Гэсэн ч халдвар хурдацтай тархаж буй учраас тус байгууллагаас эмч, эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Манай улсад уг хангамжийн эхний ээлж энэ сарын 8-нд ирэх гэнэ.

БЭЭЖИН, МОСКВАГИЙН ЧИГЛЭЛД ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ГАЛТ ТЭРЭГ ЯВУУЛАХГҮЙ

Өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг өнгөрсөн сарын 27-нд хаасан. Тэгвэл авто замын ачаа тээврийн хөдөлгөөнийг өчигдрөөс түр зогсоосныг ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд мэдээллээ. Авто замын боомтуудыг нээтэл ачаа барааг агаарын болон төмөр замаар оруулж ирэх гэнэ. Түүнчлэн ирэх сарын 2 хүртэл Улаанбаатараас Бээжин, Москвагийн чиглэлийн зорчигч тээврийн III, IV галт тэргийг явуулахгүй. М.Энхболд “БНХАУ руу монгол иргэдийг аялуулахгүй байх шийдвэр гарсан. Эрүүл мэндийн шалтгаанаар болон ажлын

шугамаар явах бол Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авна. Үүний хүрээнд тус улс руу аялах нислэгүүдийг цуцалсан. Тодруулбал, өнгөрсөн сард гурав, энэ сард 20, ирэх сарын хоёр нислэгийг цуцаллаа. Иргэний нисэхийн салбарын ажилтнуудыг байнга үзлэгт хамруулж, зөвлөгөө, мэдээллээр тасралтгүй хангаж байгаа” гэж ярилаа.

БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ НЭМСЭН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦНО

Коронавирустэй холбоотой худал мэдээлэл нийгмийн сүлжээнд тараасан, ашиг хонжоо олох зорилгоор цуу дэгдээн, хүнсний бүтээгдэхүүн болон амны хаалт, ариутгалын бодисын үнийг үндэслэлгүй нэмсэн хүмүүстэй хатуу хариуцлага тооцохыг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат мэдэгдэв. Нийгмийн сүлжээнд дээрх зөрчлүүдийг гаргасан хүмүүсийг шалгаж, арга хэмжээ авч эхэлжээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эмч, эмнэлгийн ажилчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, хэл амаар доромжлон, гүтгэж, ёс зүйгүй авирласан тохиолдол ч бүртгэгдэж, цагдаагийнхан баривчлах хүртэл арга хэмжээ авах болжээ. “24 цагийн бэлэн байдалд, тасралтгүй ажиллаж буй эмч, мэргэжилтнүүддээ хүндэтгэлтэй хандан, шаардлагыг нь биелүүлэхийг хүсье” гэж П.Эрдэнэбат уриалав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)