ХӨСҮТ бужигнаж, бусад нь “бултсаар” байх уу

Дэлхий нийт коронавирусээр амьсгалж, зарим улс оронд үүнээс өөр юм бодох, хийх сөхөөгүй л. Манай улс ч гэсэн гаднаас зөөвөрлөгдсөн халдварыг дотооддоо тархаахгүйн тулд салбар хооронд бүхий л хүч чадлаа дайчилж буй. Ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр сахин хамгаалж байгаа тэднээр монгол хүн бүр бахархаж, бас талархаж байгаа нь гарцаагүй. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр төрийн үйлчилгээний зарим газар, эмнэлэг хөл хориогоор далимдуулж ажлаа хийхгүй цалгардуулах, иргэдийг чирэгдүүлэх явдал цөөнгүй гарах болжээ. Ялангуяа II, III шатлалын эмнэлгүүдийн өнөөгийн үйлчилгээ, тодорхой хэмжээний зохицуулалтууд нь бодит байдалд нийцэхгүй байгааг олон нийт шүүмжилж байна. Нэг хэсэг нь халдварын голомтод нойр хоолгүй, гэртээ ч харих эрхгүй ажиллаж байхад нөгөө хэсэг нь “Өвчин гарсан, эмнэлэгт олон хүн цуглуулахгүй” хэмээгээд иргэдийг “хөөж”, дураараа аашилж байгаа гэх.

...Манай улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд хэрэглэдэг эм, тариа, ороох боох материал, донор, өвчтөнд ашигладаг молекул биологийн лабораторийн оношлуур зэргийг бүгдийг нь гадаадаас авдаг. Дийлэнхийг нь Барууны орнуудаас. Нөгөө айхавтар өвчин Америк, Европт аюул дагуулсантай холбоотойгоор шаардлагатай зарим эм, тарианы нийлүүлэлт хангалтгүй байгаа учир эмчилгээг тасралтгүй хийх боломжгүйд хүрсэн. Монгол Улс хүнс болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ импортолж байгаа ч эмнэлгийн зарим багаж хэрэгсэл, эм, тарианы нийлүүлэлт тодорхойгүй хугацаагаар саатсан...

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус “Ковид-19” цар тахлын улмаас дэлхий дахинд гурван тэрбум гаруй хүн гэрийн хорионд байна. Хөл хорионд орсон болон тусгаарлагдсан хүмүүсийн бие махбод төдийгүй сэтгэл зүй эрүүл байх нь чухал. Тиймээс улс бүрийн эрүүл мэндийн салбарынхан цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ сэтгэл заслын эмчилгээ болон бусад төрлийн тусламж, үйлчилгээг тасалдуулахгүй хүргэх шаардлагатай” хэмээсэн. Харин манайд коронавирусээс бусад төрлийн тусламж, үйлчилгээ үндсэндээ орхигдоод байна. Өмнөд хөршид коронавирус дэгдсэнээс хойш иргэдийг шаардлагагүй тохиолдолд эмнэлгээр үйлчлүүлэхгүй байхыг албаныхан зөвлөсөн. Энэ нь нэг талаараа зөв. Эмнэлэг өвдөж шаналсан хүнээр дүүрэн байдаг тул халдвар тархах хамгийн таатай орчин болдог. Тиймээс ЭМЯ-наас эмнэлэгт яаран очихгүй байхыг албан ёсоор уриалж, эрүүл мэндийн байгууллагууд ч үүнийг “дуртай” мөрдүүлж байна.

Манай улс өвчлөл өндөртэй. Жилийн бүх улиралд шахам эмнэлгийн ор хүрэлцэхгүй, урт дараалал үүсдэг. Халдварт болон халдварт бус, архаг хууч өвчтэй хүн олон. Тэд эмчийн хяналтад тогтмол байж, тодорхой давтамжтай эмчлүүлдэг ч өнгөрсөн саруудад эм, тариагаа хийлгэж чадаагүй хүн цөөнгүй аж. Өөрөөр хэлбэл, шаардлагагүй тохиолдолд эмнэлгээр явдаг хүн бараг байхгүй. Гэтэл эмч нар “Үхэх өвчин тусаагүй л бол эмнэлэгт бүү ханд. Яаралтай биш бол утсаар зөвлөгөө ав. Илэрч буй шинж тэмдгээ хэлээд, эмчилгээ “бичүүл”. Гэрээр тариул, эм уу” гэх зэргээр зөвлөх болжээ. “Манай дүүргийн эмнэлгүүдэд цээж чагнаад ч оношийг нь мэддэггүй эмч цөөнгүй. Тийм байхад үйлчлүүлэгчийнхээ зовуурийг утсаар сонсонгуутаа эм, тариа зөвлөнө гэдэг юу л бол” гэж эргэлзэх нэгэн ч байх.

Хүмүүсийн хэлээд байгаа шиг, эмч нар үнэхээр хүн үзэхгүй, “хөөж” байгаа, эсэхийг тодрууллаа. Улс, дүүргийн эмнэлгүүд амбулаторийнхоо үзлэгийн тоог тодорхой хэмжээнд цөөлж, ажлын цагаа богиносгосон байна. Яаралтай тусламжийн тасгууд хэвийн ажиллаж байгаа бол төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулж, хэвтэн эмчлүүлэгсдийг аль болох буцаах болжээ. Иргэдийг эрүүл мэндийн байгууллагаар аль болох битгий үйлчлүүл гэх хэрнээ III шатлалын зарим эмнэлэгт нийслэлийн харьяаны иргэдэд утсаар цаг өгөхгүй байв. Очихоор дараалал нь тоймгүй, цахим бүртгэлийн цонх нь ажиллахгүй, хэдхэн хүнд дугаар тараан, бөөгнөрөл үүсгэсээр байгааг иргэд шүүмжилсэн. Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүд үүргээ сайн биелүүлж, 08.00-20.00 цаг хүртэл ажиллан, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг гэрээр үзэж, эрүүл мэндийг нь тогтмол хянаж байна.

Улсын I, II, III төв эмнэлгийнхэн өвчтөнүүдийн ар гэрийнхэн нь эргэлтээр ирэхийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Энэ бол иргэдийг халдвараас хамгаалах зөв шийдвэр. Гэхдээ бусад төрлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг энэ мэт хумьж байгаа нь тийм ч оновчтой алхам биш гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн. Учир нь манай улсад дээр дурдсанчлан тархи, зүрх, судасны өвчтэй, даралт ихэсдэг, чихрийн шижинтэй, хавдар болон архаг, суурь өвчтэй, жирэмсэн, өндөр настан, эрхтэн шилжүүлэн суулгасан, уг эмчилгээг хийлгэх заалттай зэрэг эрсдэлт бүлгийн 725 мянган хүн байгааг ЭМЯ-ныхан зарласан. Коронавирус хүн амын дунд тархвал тэд хамгийн түрүүнд өртөх эрсдэлтэй гэсэн үг. Дархлаа султай дээрх бүлгийнхэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг алаг цоог хүргэж байгаа нь өвчнөөс сэргийлэх бус, харин ч эрсдэлийг улам нэмэгдүүлэх ажээ.

Эдгээрээс хамгийн ноцтой баримтыг одоо өгүүлье. Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 2020 он гарснаас хойш таван хүнд элэг, дөрвөн өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Гурван өвчтөнд шилжүүлсэн эрхтэн нь амьгүй буюу тархины үхэлтэй донорынх аж. Тус эмнэлгийнхэн элэг, бөөр, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгадаг бөгөөд эдгээр аргаар 300 гаруй хүнд амьдрал бэлэглээд буй юм. Гэвч шинэ вирусийн халдвар Монголд бүртгэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн сар гаруйн хугацаанд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг зогсоосон байна. Ирэх сараас уг эмчилгээг үргэлжлүүлэх, эсэхийг ЭМЯ-ныхан шийдэхийг албаны эх сурвалж хэлэв.

Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өмнө нь жилд дунджаар элэгний хагалгааг 20-22, бөөрнийхийг 15-18 хүнд хийдэг байсан. Эмч нарын ур чадвар сайжирсан, мөн тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх боломж бүрдсэнээр дээрх тоо сүүлийн хоёр жилд нэмэгджээ. Тухайлбал, 2019 онд амьгүй донороос гэхэд 15 хүнд эрхтэн шилжүүлэн суулгасныг эмч нар хэлсэн. Харин энэ жил 25 хүнд элэг, мөн тооны хүнд бөөр шилжүүлэх мэс засал хийхээр төлөвлөсөн ч хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөх, доктор, профессор Д.Нямсүрэнгээс учрыг тодруулахад “Элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааг зогсоосон нь үнэн. Хэд хоногийн өмнө амьгүй буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал яаралтай хийх болоод нэг хүнд элэг, хоёр хүнд бөөр суулгасан. Ойрын хугацаанд элэг, бөөр “солиулах” шаардлагатай 40 гаруй хүн бий. Коронавирус намжвал ирэх сараас уг эмчилгээг хийхээр албаныхан ярьж байна. Үүнээс гадна бас нэг том асуудал үүссэн. Манай улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд хэрэглэдэг эм, тариа, ороох боох материал, донор, өвчтөнд ашигладаг молекул биологийн лабораторийн оношлуур зэргийг бүгдийг нь гадаадаас авдаг. Дийлэнхийг нь Барууны орнуудаас. Нөгөө айхавтар өвчин Америк, Европт аюул дагуулсантай холбоотойгоор шаардлагатай зарим эм, тарианы нийлүүлэлт хангалтгүй байгаа учир эмчилгээг тасралтгүй хийх боломжгүйд хүрсэн. Монгол Улс хүнс болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ импортолж байгаа ч эмнэлгийн зарим багаж хэрэгсэл, эм, тарианы нийлүүлэлт тодорхойгүй хугацаагаар саатсан” гэсэн юм.

Д.Нямсүрэн эмчийн хэлснээс гадна УНТЭ-т элэг, бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай 200 гаруй хүн хяналтад байдаг аж. Түүнчлэн бөөр орлуулах эмчилгээ хийлгэж буй 400 гаруй хүн алсдаа эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох заалттай. Мөн элэг орлуулах эмчилгээ гэж байдаггүй тул хавдар, хатууралтай олон хүн эрхтнээ “солиулна” гэсэн үг. БНСУ, АНУ зэрэг хөгжилтэй оронд 200, 300 сая төгрөгөөр тогтохгүй өндөр төлбөрөөр хийдэг энэхүү нарийн төвөгтэй мэс заслыг манайхан эм, тарианых нь л зардлаар “болгочихдог” учир иргэдийн ачааг үлэмж хэмжээгээр хөнгөлдөг юм. Ялангуяа “Ковид-19” дэлхийг нөмөрсөн энэ хэцүү цаг үед өвчтэй иргэд гадаадад эмчлүүлэх ямар ч боломжгүй. Улсынхаа эмнэлэг, эмч нарыг түшихээс өөр замгүй гэсэн үг.

Харамсалтай нь уг эмчилгээг хийхэд шаардлагатай өндөр өртөгтэй, ховор эм, тариа, хэрэгсэл нь манайд тасарчихаж. Хүн амыг коронавирусээс сэргийлэхийн тулд Засгийн газар, ЭМЯ шаардлагатай төсөв гарган, эмнэлгүүдийг тоног төхөөрөмж, эм, тариа, хамгаалах хувцас хэрэгслээр хангасаар байгаа. Энэ нь гадаадаас эмнэлгийн бусад багаж хэрэгсэл, эм, тариа оруулж ирэх боломж буйг харуулна. Тиймээс дээрх асуудлыг яаран шийдээсэй. Үгүй бол олон хүний амь дээсэн дөрөөнд дэнжигнэх нь.