Хөрөнгө үргээсэн хазгай хандлага

Монгол уул уурхайн орон болсон гэж зарим эдийн засагч ам бардам дүгнэдэг. Уул уурхайн салбар экспортын орлогын 90 хувийг бүрдүүлдэг, гадаадын хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг татдаг гэсэн мөнөөх улигт баримтыг дурдвал яах аргагүй эдийн засагт үнэмлэхүй жин дардаг нь тодорхой. Манай улсын эдийн засаг хэдэн хувиар өсөх, валютын ханш тогтвортой байх, эсэх нь алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр гэх мэт түүхий эдийн үнээс хамаардаг болсон. Уул уурхайн томоохон төслүүдийг дагаж үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хөгжиж байна. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс 

“Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувь нь уул уурхайгаас хамааралтай” 

гэж дүгнэсэн. Тэгэхээр Монгол уул уурхайн орон болсон мэт мэдрэмж төрөх нь гарцаагүй. Гэхдээ Монголын төр төдийгүй иргэд нь уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон, эсэхийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байна. Энэ нь уул уурхайд хандах иргэдийн хандлага, төрийн бодлого шийдвэрээс бэлхнээ харагддаг.

Иргэд уул уурхайгаас олсон орлогын үр ашгийг төсөв, ажлын байр, зах зээлийн тэлэлтээр хүртдэг хэрнээ эсэргүүцэх хандлага гаргасаар байгаа. Ялангуяа хөдөөгийнхөн газар нутгаа хамгаалах нэрийдлээр уул уурхайн үйл ажиллагааг эрс эсэргүүцэх нь түгээмэл. Төр ч уурхайг дэмжих гээд ч байгаа юм шиг, зарим тохиолдолд хязгаарлах гээд ч буй юм шиг үл ойлгогдох бодлого хэрэгжүүлдэг. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татаж, харилцан ашигтай хамтарч ажиллана гэж зарлах дуртай. Гэтэл ийм бодлогоо тууштай хэрэгжүүлэх нь үгүй. Засгийн газар сүүлийн үед уул уурхайн зарим төслийг төрийн мэдэлд авлаа. Цаашдаа Асгатын мөнгөний орд зэргийг төрийн мэдэлд авахаа мэдэгдэв. Хувийн хэвшил, гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын мөнгийг авчирч уул уурхайгаа хөгжүүлэх гээд байна уу, төр өөрөө бүх баялагтаа эзэн суух гээ юү гэдэг нь тодорхойгүй хэвээр. Гадаадын хөрөнгө оруулалт татаж улсаа хөгжүүлэх ёстой гэж улстөрчид ам уралдан ярьдаг. Угаасаа буурай орнуудын хөгжсөн түүх гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, үр ашигтай хамтарч ажилласанд оршдог юм. Зарчмын энэ асуудлыг бүгд ойлгодог ч хэрэгжүүлэх гэхээр алдаа завхрал гаргаж, хоёр үзүүртэй зүү шиг тодорхойгүй нөхцөл үүсдэг. Хөрөнгө оруулагчидтай байсхийгээд үл ойлголцол үүсгэдгээс нь төр, засаг туйлбаргүй бодлоготойг нь харж болно. Үл ойлголцол үүсэх бүрт гадаадынхан монголчуудаас жийрхдэг.

“Оюутолгой”, “Хармагтай” зэрэг цөөн төслийг эс тооцвол уул уурхайн салбарт орох гадаадын хөрөнгө татарсан. Геологи хайгуулын салбарт ч гадаадынхан хүч сорихоос зүрхшээдэг болжээ. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосноор жилд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтад хаалт болж байна гэж санхүүгийн шинжээчид тооцсон байв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилгаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдүүд хоорондоо шилжүүлэхэд 30 хувийн татвар төлөх хууль баталсан. Гэхдээ татвараа хэрхэн хураах нь тодорхойгүй учраас хөрөнгө оруулагчдын гайхшийг барсан зохицуулалт болов. Татвартай холбоотой буруу, зөрүү алхам хийвэл ирээдүйд хууль хяналтын байгууллагынхны өгөөш болно гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж буй. Үүнээс гадна лиценз наймаалцахад 30 хувийн татвар авах болсон нь ч хөрөнгө оруулалтад тээг болж байгаа гэж энэ салбарынхан ярьж байна. Манай уул уурхайн салбарт бодлогын тодорхойгүй байдал үүсгэдэг, хөрөнгө оруулагчдыг үргээдэг нэг том шалтгаан нь татварын маргаан. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөнөөс хойш татвартай холбоотой гарсан маргаан, хөрөнгө оруулагчдад буруу ойлголт төрүүлж, үргээсэн хэд хэдэн жишээ манайд бий.

Жишээ-1. 

Канадын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” компани Монголын уул уурхайн салбарт 25 орчим сая ам.долларын хөрөнгө оруулж, Бороогийн алтны төслийг хэрэгжүүлэх тогтвортой байдлын гэрээг Засгийн газартай 1998 онд байгуулсан. “Бороо гоулд” компани үйлдвэрлэл эхэлснээс хойш таван жил аж ахуйн нэгжийн албан татвараас чөлөөлөгдөх, дараагийн таван жилд нь хоёр дахин хөнгөлүүлэх, бусад төрлийн татварыг төлөхгүй байх эрхийг тогтвортой байдлын гэрээгээр эдлэв. Улмаар УИХ-ын 2000 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар тогтвортой байдлын гэрээнд өөрчлөлт оруулж, татвараас чөлөөлөх хугацааг гурав, хоёр дахин хөнгөлөхийг мөн гурван жил болгосон юм. Гэвч “Бороо гоулд” компани тохирсон ёсоор 15 жилд биш, найман жилд 40 тонн алтны нөөцийг олборлож дуусгав. Ингээд улстөрчид, иргэд “Бороо гоулд”-д 40 тонн алт татваргүйгээр зүгээр бэлэглэсэн гэсэн шүүмжлэл өрнүүлсэн. Өнөө ч “Бороо гоулд” компани татвар төлөөгүй гэсэн маргаан дагуулж, гадаадын хөрөнгө оруулалтын муу жишээ болон нэрлэгдсээр байна. Гацууртын алтны төслийг хэрэгжүүлэхээр зэхээд байсан “Бороо гоулд”-ын толгой “Сентерра гоулд” компанийг шахаж гаргасан нь өмнөх муу түүхтэй нь ч холбоотой. Тэгвэл хөрөнгө оруулагчид үүнийг монголчууд дургүйгээ хүрвэл улс төрийн эрх мэдлээр далайлган, ашигт малтмалын лицензийг нь булаагаад авчихдаг юм байна гэсэн дүр зургаар хүлээн авч байгаа. Татварын хөнгөлөлт үзүүлж, найр тавьсан нь бидний алдаа байсан нь ойлгомжтой.

Жишээ-2.

 Ерөнхийлөгч шиг тусгай хамгаалалттай зорчиж, Монголд хаан мэт амьдарч байсан гэгддэг ОХУ-ын иргэн С.В.Паушок “Алтан дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулж, алтны том олборлогч болтол нь тэлсэн. 2006 онд баталсан гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг С.В.Паушок манай Засгийн газарт төлөхөөс татгалзсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хуулийг үгүйсгэсэн гэсэн үг. Маргаан даамжирч, эцэстээ “Алтан дорнод Монгол” компани бусад төрлийн татвараас ч зайлсхийсэн нь тодорхой болов. Гэмт үйлдэл нь нотлогдсон С.В.Паушок Монголын хилээр нууцаар гарч, эх орон руугаа зугтсан. Нутагтаа очсон тэрбээр Монголын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгсөн удаатай. Тэрбээр Засгийн газраас тэрбум ам.доллар нэхэмжилж, тухайн үедээ олон улсын анхааралд өртөх дуулиан дэгдээж байлаа. Монголын Засгийн газар ялалт байгуулснаар энэ хэрэг намжсан. Гэнэтийн ашгийн татварыг С.В.Паушокоос гадна олон хөрөнгө оруулагч, Монголын уул уурхайн салбарт ажиллахаар зэхэж байсан гадаадынхан эсэргүүцсэн билээ. Энэ татвар нь Монголыг олон улсад муухай харагдуулах эхний алдаануудын нэг байв.

Жишээ-3. 

АНУ-ын иргэн Жастин Капла нь “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Филиппин улсын иргэн, санхүүгийн ерөнхий менежер Хиларион В.Кажуком, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер Кристобэл Ж.Дэвидтэйгээ бүлэглэн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэн, хэрэгт татсан. Татвар ногдох орлогын зардлын хэмжээг зориуд нэмсэн, үүнээс гадна татвар ногдох орлогыг зориуд бууруулсан гэж тэднийг буруутгасан юм. “Саусгоби сэндс” компанийн удирдлагуудыг нийт 35 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс башир аргаар зайлсан гэж мөрдөн байцаалтын явцад үзэж байлаа. Улмаар гадаадын дээрх иргэдийн бусад улс руу зорчих эрхийг нь хязгаарлаж, хэргийг хянаж шалгах ажлыг эрчимжүүлсэн. Ингээд 2014 онд Жастин Капла, Кристобэл Ж.Дэвид нарт таван жил 10 сар, Хиларион В.Кажукомд таван жил зургаан сар хорих ял чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн “Саусгоби сэндс” компаниас 35.2 тэрбум төгрөг гаргуулж, Монгол Улсад төлүүлэхээр болсон билээ.

Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гадаадын гурван иргэнд уучлал үзүүлж, нутаг буцаасан. Монгол Улс ч “Саусгоби сэндс” компаниас тэр үед 35.2 тэрбум төгрөгийн татвараа авч чадаагүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компанийг удирдаж байсан тэд үнэхээр гэмт хэрэг хийсэн үү. Олон улсын санхүүгийн шинжээчид “Тэд гэм буруугүй. Энэ бол санхүүгийн тайлагналын стандартын зөрүүнээс үүссэн зөрчил байсан” гэж дүгнэсэн. Илтэд санаатай үйлдэл байгаагүйг нь илтгэсэн энэ дүгнэлт тэднийг уучлахад нэмэр болсон нь гарцаагүй. Монголын хууль, эрх зүйн орчин, татварын аргачлалыг анзааралгүй, өөрийн улсын жишгээр ажилласан тэд ийн хөгөө хөлдөө чирэх дөхсөн билээ. Тэднийг тавьж явуулах өөр нэг том шалтгаан нь “Хөрөнгө оруулагчдад Монгол Улс муухай харагдана” гэсэн болгоомжлолтой холбоотой байлаа. Энэ бол хожимдсон шийдвэр байв. Санхүүгийн тайлангийн стандартын зөрүүгээс үүдэж маргаан гаргавал хоригдол болох юм байна гэсэн айдас энэ явдлаас хойш хөрөнгө оруулагчдад төрсөн нь мэдээж.

Жишээ-4. 

Татварын ерөнхий газраас “Оюутолгой” компанид өнгөрсөн оны нэгдүгээр сард 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Өөрөөр хэлбэл, төлөхөөс зайлсхийсэн татвараа төл гэж шаардсан гэсэн үг. Эл маргаан өдий хүртэл эцэслэгдээгүй байна. Энэ бол “Саусгоби сэндс”-ийнхтэй адил санхүүгийн тайлагналын зөрүүгээс үүдсэн маргаан. Өмнө нь Засгийн газар, “Оюутолгой” компанийн хооронд 130 сая ам.долларын татварын маргаан гарч байв. Удаан хэлэлцсэний эцэст буюу 2014 онд “Оюутолгой” компани манай Засгийн газарт 30 сая ам.доллар төлсөн түүх бий. Манай улсын гадаадын хөрөнгө оруулагчтай хэрхэн хамтарч ажилладгийг харуулах сонгодог жишээ болдог “Оюутолгой” компани үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хоёр дахь удаагаа Засгийн газартай татварын маргаан үүсгээд байна. Санхүүгийн тайлан гаргах аргачлал, ойлголцлын зөрүү нь хэзээ арилж, хөрөнгө оруулагчдад монголчууд маргаан гаргадаггүй, тохиролцсон байр суурьтаа байж чаддаг гэсэн ойлголт төрүүлэх юм, бүү мэд.

Хөрөнгө оруулагчдад үүнээс ч илүү сөрөг ойлголт төрүүлсэн явдал нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийх хэлэлцээрийг ахалсан Сангийн сайд асан С.Баярцогт, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээг байгуулах хэлэлцээр хийсэн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэсэн хэргээр баривчилсан явдал байлаа. Даалгавар өгч ажиллуулсан хүмүүсээ хорихоор “Монголчууд яаж ч мэдэх юм байна” гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдад төрөх нь дамжиггүй.

Монголд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүстэй холбоотой байдаг мэргэжилтнүүд “Одоо Монголыг тоохоо больсон” гэсэн товчхон үг хэлэх болов. Тохиролцсондоо байдаггүй, эргэж буцдаг, хазгай мурий хандлага, стандарттай улсад хэн ч итгэх билээ. Дээрх дөрвөн жишээнээс бид хөрөнгө оруулагчдад хэрхэн хандаж ирсэн, ямар алдаа гаргасан түүх илэрхий харагдана. Үнэхээр гадаадын хөрөнгө оруулалт татаж, уул уурхайн салбараа хөгжүүлэх гэж байгаа бол бодлогоо сууриар нь, бүр ашигт малтмалын хайгуулын лиценз олгохоос нь эхлээд өөрчлөх ёстой.

Канадад заавал хайгуул хийх компанид лиценз олгодог аж. Гол шалгуур нь лицензийн төлбөр хураах биш, хайгуул хийлгэх. Тиймээс лицензийн төлбөр авдаггүй, эрсдэл гаргаж байгаа учраас бусад татвараас чөлөөлдөг гэнэ. Тэгвэл манайхан хайгуул хийх биш, лиценз олгох нь чухал мэт ханддаг. Ингээд хэн нэгэнд лиценз олгож орхино, нөгөөх нь зарж ашиг олохыг л бодно. Лиценз шилжүүлэхэд 30 хувийн татвар авч байгаа нь асуудлыг шийдэх өнгөц оролдлого. Хөрөнгө оруулагчдыг үргээсэн буруу бодлого. Лиценз олгосон л бол дээрэмдэх гээд байдаггүй, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихаад улс төрийн нөхцөл байдалд тохируулж өөрчлөх гэдэггүй болох хэрэгтэй байна. Үүгээр зогсохгүй дэлхийн жишигт нийцсэн стандарттай татварын орчинтой болох ёстой. Олон улсын стандартад нийцээгүй татварын системтэй учраас маргаан тасрахгүй байгаа хэрэг. Хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд татварын таатай, тогтвортой орчныг хүсдэг. Таатай орчин бүрдүүлж байж бид гадаадын хөрөнгө оруулалт татах учиртай. Сууриа зөв тавиагүй тохиолдолд хэн бидэнд итгэх вэ. Монгол Улсын уул уурхайн салбарт нутагшсан хазгай хандлагыг арилгах алхмыг хэн, хэзээ хийнэ гэж хүлээх вэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)