Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн “Номин талст”-ын А.Хаянхярвааг ажлаас нь халахаар болов

Нийслэлийн ЗДТГ болон түүний харьяа байгууллагын хэд хэдэн удирдах албан тушаалтны 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-ынхан хянахад ноцтой зөрчил илэрчээ. Тухайлбал, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга, “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн аж. Тэрбээр Баянзүрх дүүргийн нутаг дахь үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн, 36 сая төгрөгийн орлогынхоо 24 саяыг нь ХАСХОМ-тээ бичээгүй гэнэ. Мөн “Lexus RX-350” маркийн автомашинаа худалдсан 15 сая төгрөг, Төрийн банкан дахь дансаараа авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг ч бас мэдүүлээгүй аж. Түүнчлэн А.Хаянхярваа нь “Солид контентс”, “Аква Монгол” ХХК-ийн захирлаар бүртгэлтэй байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн байжээ.

А.Хаянхярваагаас гадна нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл Баянгол дүүрэг дэх 100.3 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн гишүүний автомашин, 2017 онд 22 сая төгрөгөөр машинаа худалдсан орлого, гэр бүлийн гишүүнийхээ Улаанбаатар хотын банкан дахь хадгаламжийг мэдүүлээгүй гэнэ. Бас үүсгэн байгуулсан “Дөлгөөн барс” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг төрийн албанд ороод бусдад шилжүүлсэн боловч уг компанийн орлого, зарлагын гүйлгээг өөрийн хувийн дансаар явуулж байжээ.

Авлигын эсрэг хуульд 

“Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах”

-аар заасан бөгөөд дээрх хоёр хүнд ийм хариуцлага тооцуулахаар АТГ-аас нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатад албан бичиг хүргүүлсэн байна. Гэтэл тус газрын дарга нь орлогч Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарын цалинг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулахаар болсон нь сахилгын шийтгэлийг хөнгөрүүлсэн үйлдэл юм. АТГ-аас дээрх хоёр хүний гаргасан зөрчилд нь хуульд заасны дагуу хариуцлага тооцуулаагүй талаар мэдэгдэж, нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд албан бичиг хүргүүлсэн байна. Харин энэ бичиг очсоны дараа буюу энэ сарын 25-нд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат дахин тушаал гаргаж, орлогч дарга Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарыг хоёрдугаар сарын 11-нээс ажлаас нь халахаар болжээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)