Хөрөнгөө нууж, хамаарал бүхий этгээддээ шилжүүлсэн ч хариуцлага хүлээлгэдэг болно

Монголын хуульчдын холбооноос жил бүрийн тавдугаар сарын 1-нд “Про-Боно” өдөрлөг зохион байгуулж хэвшжээ. Хуульчид төлбөрийн чадваргүй иргэдэд сайн дураар эрх зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхийг “Про-Боно” гэж хэлдэг. “Про-Боно” буюу хуульч мэргэжил эзэмшихээс гадна “хүн болж” төлөвших соёл 1930-аад оноос дэлхий нийтэд түгэх болжээ. Тухайлбал, Америк, Европ, Ази тивийн хэдэн мянган хуульч ард иргэддээ хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийг үнэ төлбөргүй өгч, нийгэмдээ амар амгалан тогтоож буй. Монголын хуульчдын холбооны дэргэдэх Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос “ПроБоно” хөдөлгөөнийг 2017 оноос өрнүүлж эхэлсэн байна. Тодруулбал, Азийн “Про-Боно” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, “Babseacle” төрийн бус байгууллагын тэргүүн Брюс Ласкийг Монголд урьж, түүний зөвлөгөөгөөр “Про-Боно” хуульчдын анхны уулзалтыг зохион байгуулж байсан аж. 2018 онд “Хуульчийн нийгмийн хариуцлага “Про-Боно”, өнгөрсөн онд “Хуульчийн “Про-Боно” ажиллагааны нөлөө, хүртээмжийг дээшлүүлэх арга” чуулга уулзалт зохион байгуулсан. Энэ жил дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр иргэдийг олноор цуглуулахыг хориглосон. Тийм хэдий ч дээрх холбооныхон энэ жилийн “Про-Боно” өдөрлөгийг цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хэдийн базаажээ. Тодруулбал, Монголын хуульчдын холбооны 30 гаруй хуульч өнөөдөр иргэдэд утсаар болон цахимаар зөвлөгөө өгнө. Нэг өрөөнд 1.5 метрийн зайтай гурван ширээ байршуулж, мөн тооны өмгөөлөгч ажиллахаар зохицуулжээ. Ийм дөрвөн өрөөнд хуульчид ээлжлэн 1-2 цаг, хагас өдөр, бүхэл өдөржин гэх мэт хуваарьтайгаар иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгч ажиллах нь. Зөвлөгөө мэдээлэл авахыг хүссэн иргэн 7505-0801, 7505-0802, 7505-0803, 7505-0804 дугаарын утсанд холбогдох боломжтой. 

Үүнээс гадна http://www.legalaid.mglbar.mn/, iLAW.mn цахим хуудас, “Эм жэй эл Атторнейс” хуульчдын нөхөрлөлийн фэйсбүүк хаягаар нэвтэрч, видео дуудлага хийх болон чатаар харилцаж, өмгөөлөгчдөөс зөвлөгөө авч болно. Энэ өдөр Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд шүүгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмад хуульч Д.Тунгалаг, нийслэлийн Давж заалдах шатны Эрүүгийн хэргийн танхимаас тэтгэвэртээ гарсан хуульч Д.Мөнхзул, З.Цэнгэнбаяр, шүүгч Е.Ариунаа болон УЕПГ-аас тэтгэвэртээ гарсан, өдгөө “Шихихутуг” хууль зүйн сургуульд багшилж буй хуульч Ш.Сүхбат нар сайн дураараа иргэдэд зөвлөнө. Үүнээс гадна залуу болон дунд үеийн өмгөөлөгч нар иргэдэд зөвлөгөө өгнө. Иргэн танд зээлийн төлөлттэй холбоотой төр, засгаас гаргасан шийдвэр болон банкуудад хандахад бэрхшээл гарсан, асуух зүйл байгаа бол мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө аваарай. Энэ өдөр ипотек, цалин, хэрэглээний зээлийн эргэн төлөлтөд гарч буй бэрхшээлийн талаар мэргэшсэн өмгөөлөгч утасны цаанаас зөвлөн туслах юм. Мөн “Про-Боно” хуульчид богино долгионы радиогийнхонтой хамтран Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд Иргэний хуулийн зарим заалт болон Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар подкаст бэлтгэжээ. Дээрх хуулийн талаар мэдээлэл хэрэгтэй бол богино долгионы радио 99.7, 95.1, 96.3-т сувгаа тааруулаарай. Түүнчлэн МҮОНРТ болон бусад телевизээр ч дамжуулан хуулийг энгийн байдлаар тайлбарласан мэдээлэл цацах юм билээ.

2016 оноос сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт нийслэл дэх Нэг цэгийн дөрвөн төвөөр дамжуулан иргэдэд хууль зүйн мэдээлэл, зөвлөгөө өгсөөр ирсэн. Эл ажлыг Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн болон Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороод, нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг.

Тодруулбал, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооныхон 6000 гаруй хуулийг сайн дураараа өмгөөллийн туслалцаа үзүүлэх ажилд татан оролцуулдаг. Тэдгээр хуульч Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороонд хандсан иргэдэд тусалдаг. Сүүлийн жилүүдэд хууль зүйн зөвлөгөө авах иргэдийн тоо өссөн. Зарим иргэн шат шатны шүүх хурлын үеэр өмгөөлөгч сольж, давилуун загнадаг болсон гэнэ. Өдгөө энэ ажилд зөвхөн өмгөөлөгчид бус ШЕЗ, УЕПГ, УДШ, ШШГЕГ, ТЕГ, НДЕГ зэрэг байгууллагын хуульчдыг татан оролцуулдаг болсон. “Про-Боно” хуульчдын тоо нэмэгдэж, иргэдэд сайн дураар хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй. Энэ нь Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооныхны сүүлийн дөрвөн жилд зохион байгуулсан ажлын үр дүн юм. Тэд иргэний болон эрүү, захиргааны хэрэгт холбогдсон иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхэд хохирсон болон ашигт малтмалын лицензтэй холбоотой маргаануудад стратегийн өмгөөлөл үзүүлж эхэлсэн байна. Үр дүнд нь зарим албан тушаалтны гаргасан амьдралд нийцэхгүй захирамж, хуулийн тодорхой заалтуудыг хүчингүй болгуулж чаджээ.

Иргэд ямар асуудлаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсдэг вэ. Одоо энэхүү асуултад хариулт эрье.

Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороонд хандахаас гадна “Драгон”, “Мишээл”, “Оргил”, “Дүнжингарав” төвд байрлах нийслэлийн Нэг цэгийн үйлчилгээний төвд ирсэн иргэд Иргэний хэргийн шүүхийн шийдвэр биелэхгүй удлаа гэх юм уу, салсан эхнэр, нөхөр нь хүүхдийн мөнгө өгдөггүй хэмээн гомдож зөвлөгөө хүсдэг аж. Иргэний шүүхийн шийдвэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очдог. Гэхдээ эл шийдвэрийг гүйцэтгэхэд маш их хүндрэл гардаг гэнэ. Жишээ нь, төлбөр барагдуулах шийдвэрийн дагуу өр төлөгчийг хайж эхэлдэг. Гэтэл тухайн хүн оршин суугаа хаягтаа байдаггүй. Хаягтаа байсан ч эд хөрөнгөө бусдын нэр дээр шилжүүлсэн байх нь элбэг. Гэтэл шүүхийн шийдвэр зөвхөн хариуцагчийн нэр дээр гардаг. Тухайн этгээд өрөө төлөхгүй байсан ч хариуцлага тооцох тогтолцоо өнөөгийн аль ч хууль, тогтоомжид үгүй. Тиймээс хууль зөрчсөн этгээд ямар нэг хариуцлага хүлээхгүй, шүүхийн шийдвэр цаас болсоор байгаад “Про-Боно” хуульчид анхаарал хандуулж эхэлсэн байна.

Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооныхон ШШГЕГ-ынхантай уулзаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зарим өөрчлөлт оруулах саналаа ХЗДХЯ-нд гаргахаар болжээ. Тухайлбал, хөрөнгөө ах дүү, хамаатан саднынхаа нэр дээр шилжүүлсэн байдлыг судлахаар төлөвлөжээ. Улмаар анхнаасаа хамаарал бүхий этгээдийн нэр байсан уу, өөрийнх нь хөрөнгө үү гэдгийг тодорхойлох аж. Хэрэв хамаарал бүхий этгээддээ шилжүүлсэн нь тогтоогдвол, шилжүүлсэн хөрөнгийг хураах заалтыг хуульд тусгахаар санал боловсруулж буй. Үүнээс гадна хүүхдийн тэтгэмжээ авч чаддаггүй өрх толгойлсон аав, ээж олон. Гэрлэлтээ цуцлуулсан, эсвэл гэр бүлээ батлуулаагүй ч хүүхэдтэй болсон бол шүүх хариуцагчаас тэтгэмж авч нэхэмжлэгчид өгөх шийдвэр гаргадаг. 

Энэ шийдвэр нь тухайн хариуцагч төрийн албан хаагч л биш бол барагтай биелдэггүй. Хүүхдээ орхисон этгээд ажилгүй, мөнгөгүй хэмээн “муухай царайлах” нь их учраас тэтгэмжийн мөнгө авах асуудлыг бас хуульчлах шаардлагатай хэмээн “Про-Боно” хуульчид үзэж буй. Үүний дагуу Гэр бүлийн тухай хуулийн төсөлд тэтгэмжийн сан байгуулах санал өгсөн байна. Үүнээс гадна хариуцлагагүй аав, ээжээр албадан хөдөлмөр хийлгэж, орлогыг нь хүүхдэд өгөх санал гаргаж буй. Уг нь 2002 оны Эрүүгийн хуульд “Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэх заалт байсан. Харамсалтай нь, эрх баригчид 2015 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж оруулахдаа дээрх заалтыг хасаж баталжээ. Улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх ямар хөшүүрэггүй болж, хууль зөрчсөн этгээдүүд ял завшиж, санаа зовж, эмээхээ ч больжээ. Тиймээс эл заалтыг хуульд буцаан оруулах санал гаргаад буй. Үгүй бол бусдад 100, 200 саяас дээш төгрөгийн өртэй этгээдүүд хохирогчдод сард 20 мянган төгрөг төлж, “Би боломжоороо төлж байна” хэмээн даналзаж, төлбөрөө төлөхгүй аль болох удаах тохиолдол газар аваад байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)