Хөрөнгийн гачигдалд “yнтарсан” Дарханы зам

Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замыг бүрэн шинэчлэх ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр болсноо Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ. Энэ чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх зорилтыг өмнөх Засгийн газрын үед шийдвэрлэж, зураг төслийг нь эхлүүлсэн юм билээ. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд эмхлэн байгуулсан Засгийн газрын Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан Д.Ганбат Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ, цемент бетон хучилттай, олон түвшний огтлолцолтой болгох зураг төсөл хийлгэсэн. Тэрбээр “Цементийн үйлдвэрүүд ашиглалтад орж, зам тавих бүтээгдэхүүн нийлүүлэх хангалттай хүчин чадалтай боллоо. Тэгэхээр бид цемент бетон хучилттай авто зам тавих боломжтой. Энэ нь дотоодын эдийн засгаа ч дэмжих шийдвэр” гэж ярьж байв.

...Замаа тавьж дуусаад 10 жилийн дараа Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг сайжруулна, олон түвшний огтлолцолтой болгоно гээд сууж байх юм биш биз. Олны ярьж байгаачлан Засгийн газар маань зөвхөн ирэх сонгуульд оноо цуглуулахын тулд яаралтай тавихаар замын зураг төслийг өөрчилж, өртөг зардлыг нь бууруулахгүй гэж найдъя. Долоо хэмжиж нэг огтол гэсэн хэлц бий. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг ирээдүйн хөгжлийн бодлоготойгоо уялдуулж, чанартай тавих ёстой юм. Өнөө маргаашаа харсан, хөрөнгө үрсэн ажил биш л байгаасай...

Тэгвэл одоо Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замыг Д.Ганбат сайдын гаргасан зураг төслөөр тавихаа больсон аж. Зураг төслийг нь шинэчлэн асфальтан хучилттай, олон түвшний огтлолцолгүй болгон өөрчлөхөөр болжээ. Олон түвшний огтлолцол гэж мэргэжлийн хэллэгийг хүмүүс сайтар ойлгохгүй байж магадгүй. Энгийнээр тайлбарлавал, төмөр замын гарам дээр Энхтайванынх шиг гүүрэн зам тавихыг олон түвшний огтлолцол гэж нэрлээд буй юм. Өөрөөр хэлбэл, вагон өнгөрөхөд, сум суурин газраас автомашин гол зам руу нийлэхэд хөдөлгөөн саатахгүй гэсэн үг.

Засгийн газар солигдохоор хэрэгжүүлж байсан бодлого чиглэл нь өөрчлөгддөг нь Монголд тогтсон хэв маяг мэт болсон. Авто замын салбарынхан “Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд бараг хурдны замын стандартаар зам тавих зураг төсөл хийсэн. Гэвч зураг төслийг нь өөрчилж, олон түвшний огтлолцлыг нь болиулан, асфальтан хучилттай зам тавихаар болсон нь зөвхөн ирэх сонгуульд зориулсан ажил. У.Хүрэлсүхийн Засгийн газар Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг УИХ-ын 2020 оны сонгуулиас өмнө ашиглалтад оруулж, оноо авахаар ажиллаж байна” гэж шүүмжлэх болсон. Тэдний шүүмжлэлийг Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд “Санхүүжүүлэгч байгууллагууд их хэмжээний мөнгө гаргаж чадахгүй гэсэн. Тиймээс бид зураг төслийг нь өөрчилж, өртөг зардлыг нь бууруулж байна” гэсэн үгээр няцаалаа. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ авто замын хоёр эгнээг Азийн хөгжлийн банк, нөгөө хоёрыг нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр тавина.

Шинэ зураг төслийн дагуу хоёр эгнээ зам тавихад Азийн хөгжлийн банкнаас 82 сая ам.долларын санхүүжилт гаргахаар болжээ. Одоогийн зорчиж буй замын даланг ашиглаж, шинэ зам тавих учраас өртөг нь ийм хэмжээнд байгаа гэнэ. Тэгвэл шинэ далан барьж зам тавих учраас нөгөө хоёр эгнээг барихад Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 125 сая ам.долларын санхүүжилт хийх аж. Одоогоор Азийн хөгжлийн банкны санхүүжүүлэх хэсгийн зураг төслийг бүрэн дуусгаад, хянуулахаар илгээжээ. Санхүүжүүлэгч банкнаас энэ зураг төслийн дагуу зам тавьж болно гэсэн зөвшөөрөл өгвөл компаниудын дунд тендер зарлах юм байна. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр Азийн хөгжлийн банкны санхүүжүүлэх хоёр эгнээ замыг таван компаниар тавиулахаар сонгон шалгаруулах юм байна. Өмнө нь гурван компаниар тавиулах сонгон шалгаруулах тендер зарлахаар тогтоод байсан. Тэгвэл уг авто замыг яаралтай ашиглалтад оруулахын тулд таван компаниар тавиулахаар болжээ. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр барих хоёр эгнээ замын зураг төсөл бүрэн дуусаагүй байгаа. Мэдээж зураг төслөө дуусгасны дараа зам тавих санхүүжилтийн хэмжээ тодорхой болж, сонгон шалгаруулалтаа зарлана. Тэгэхээр Азийн хөгжлийн банкны санхүүжүүлэх замыг эхэлж тавина гэсэн үг. Салбарын яамныхан дөрөвдүгээр сард эхлүүлнэ гэж мэдэгдсэнийг дахин сануулъя. Харин дараагийн хоёр эгнээг нь хэзээ тавих нь тодорхойгүй байна.

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх нь зайлшгүй тулгамдсан ажил. Энэ чиглэлийн зам стандартаас нарийхан, огцом эргэлт, тойрог олонтой. Тиймээс эрдэнэт хүний амь эрсэдсэн осол олон гардаг. Өнгөрч буй Цагаан сарын баярын үеэр Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд зорчсон 30 гаруй хүн осолдож, 10 шахам нь амиа алдсан мэдээлэл түгж байна. Уг чиглэлийн замд осол гардаг есөн “хар цэг”-ийг тогтоогоод байгаа юм. Авто замыг өргөтгөж, осол гаргадаг “хар цэг”-үүдийн замын зургийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Замын муугаас өчнөөн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Нөгөөтээгүүр, энэ чиглэл нь Монгол Улсын хамгийн олон машин зорчдог зам. Саяхны судалгаагаар оргил үедээ 12 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчдог гэсэн дүгнэлт гарчээ. Цагаан сарын үеэр энэ замын хөдөлгөөн Улаанбаатар хотынх шиг түгжирдгийг монголчууд мэднэ. Дайны дараах эвдэрч сүйрсэн Өмнөд Солонгосын Засгийн газар багахан төсвөөсөө зарлагадан байж Сөүл, Бусан хотыг холбосон хурдны авто замыг тавьсан түүхтэй. Хожим судлаачид хамгийн эрчимтэй хөдөлгөөнтэй замаа сайжруулсан нь хөгжилд нь томоохон түлхэц болсныг тэмдэглэсэн байдаг. Үүнтэй адилаар Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг сайжруулахаас өөр сонголтгүй.

Аливаа зүйл хоёр талтай. Цемент бетон зам тавибал дуу чимээ ихтэй гэдэг. Үүнийг Улаанбаатар-Налайх чиглэлийн цемент бетон замаар зорчсон хүмүүс бэлхнээ мэднэ. Гэхдээ орчин цагт цемент бетон замын технологи ихэд хөгжсөн. Хавтан хоорондын зай ойртон, завсарт нь резинэн хавчуурга хийдэг болоод буй. Мөн дээр нь тусгай материал дэвсэн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлдэг болжээ. Тиймээс цемент бетон зам тавихад дэвшил гарсан. Түүнчлэн цемент бетон зам тавихад өртөг зардал өндөртэй. Гэхдээ эдэлгээ удаантай. Аль 1940-өөд онд тавьсан “100 айл”-аас 32-ын тойрог хүртэлх цемент бетон замаар бид өнөөдөр ч зорчсоор байгаа. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд дөрвөн эгнээ, олон түвшний огтлолцол бүхий, цемент бетон зам тавихад ойролцоогоор 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болжээ. Тиймээс өртөг зардал өндөр гэж болгоомжилсон хэрэг. “Зам тавихдаа цемент бетон зуурмаг хоёр үе дэвсээд, дээрээс нь асфальтаар хулдана. Тэгэхээр хүнд даацын сайн чанарын зам болно” гэж Зам, тээврийн хөгжлийн яамныхан шинэ бодлогоо хамгаалж буй. Гэвч хөдөлгөөн ихтэй замын асфальтан хучилт тэр дорхноо хагарч цоорон, нүх сүв үүсдэгийг монголчууд мэддэг болсон.

Нэгмөсөн далайцтай хөрөнгө оруулж, удаан эдэлгээтэй зам тавих шаардлагатай чиглэл бол яах аргагүй Улаанбаатар-Дархан-Уул, цаашлаад Дархан-Уул-Сэлэнгэ юм. Өнөөгийн тооцоогоор 200 орчим сая ам.доллароор Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг шинэчлэх нь. Замаа тавьж дуусаад 10 жилийн дараа Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг сайжруулна, олон түвшний огтлолцолтой болгоно гээд сууж байх юм биш биз. Олны ярьж байгаачлан Засгийн газар маань зөвхөн ирэх сонгуульд оноо цуглуулахын тулд яаралтай тавихаар замын зураг төслийг өөрчилж, өртөг зардлыг нь бууруулахгүй гэж найдъя. Долоо хэмжиж нэг огтол гэсэн хэлц бий. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг ирээдүйн хөгжлийн бодлоготойгоо уялдуулж, чанартай тавих ёстой юм. Өнөө маргаашаа харсан, хөрөнгө үрсэн ажил биш л байгаасай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)