Хөрөнгийн бирж багцын арилжаа хийв

Монголын хөрөнгийн биржийнхэн өчигдрийн арилжаагаараа 9.3 сая ширхэг үнэт цаасыг 642.98 сая төгрөгөөр арилжжээ. Хөрөнгийн хоёрдогч зах зээлд Засгийн газрын 950 ширхэг бондыг 91.68 сая төгрөгөөр борлуулсан байна. Тэгвэл 27 компанийн 9.293.950 ширхэг хувьцааг 551.3 сая төгрөгөөр худалдсан аж. Ийнхүү арилжааны үнийн дүнгийн 85.7 хувийг хувьцаанаас бүрдүүлэв.

Үүнээс биржийн II ангиллын 18 компанийн 9.253.656 ширхэг хувьцааг 522.63 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ ангилалд багтдаг “Хөх ган” компанийн 9.219.887 ширхэг хувьцааг 493.81 сая төгрөгөөр арилжсан нь үнийн дүнгийн дийлэнхийг бүрдүүлжээ.

“Хай би ойл” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15 хувиар өсөв. Харин “Хөх ган”-гийнх 12.2 хувиар унасан нь хамгийн том “гулсалт” юм. Монголын хөрөнгийн биржийн “ТОП-20” индекс өмнөх өдрийнхөөс 122.88 нэгж буюу 0.99 хувиар унаж, 12.236.95 болов. Индекс унахад “Хөх ган”-гийнхаас гадна “Сүү” компанийн хувьцааны ханш 3.35, “Говь”-ийнх 2.32, “Мах импэкс”-ийнх 2.23, АПУ-гийнх 0.89, “Дархан нэхий”-гийнх 2.05, “Тавантолгой”-нх 4.41 хувиар хямдарсан нь нөлөөлсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)