Хөршдөө туслах хандивын аян эхлүүллээ

Шинэ төрлийн коронавирустэй тэмцэж буй БНХАУ-ын Засгийн газар, иргэдэд туслах хандивын цөөнгүй аяныг иргэд, аж ахуйн нэгжүүд өрнүүлж байна. Тэдгээрийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, нэг шугамаар өрнүүлэх шийдвэрийг Засгийн газраас өчигдөр гаргалаа. Үүний дагуу улс даяар “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй аян өрнүүлэх бөгөөд Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам хамтран хандивын данс нээлгэжээ. “Монголын олон иргэн, аж ахуйн нэгж урд хөршид хандив өгөх санаачилга гаргасан ч зохион байгуулалтгүй байна. Уг санаачилгыг илүү үр дүнд хүргэх үүднээс хандивын нэгдсэн данс нээлгэлээ. Одоогоор манай улсаас Засгийн газар БНХАУ-д тусламж үзүүлсэн. Мөн нийслэлийн ЗДТГ, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хятадад сургууль төгсөгчдийн холбоо, Ардчилсан нам зэрэг байгууллага хандив өгсөн” гэж Гадаад харилцааны сайд Х.Цогтбаатар мэдээлэв.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа “БНХАУ бол манай улсын худалдааны хамгийн том түнш. 2010 оноос манайх тус улстай 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулан, томоохон бүтээн байгуулалтууд хийж байгаа. Сүүлийн жилүүдэд нэг тэрбум орчим юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. Тиймээс хүнд цаг үед нь хөршдөө дэмжлэг үзүүлэхийг олон нийтэд уриалъя” гэлээ. Иргэн, аж ахуйн нэгжүүд Төрийн банкны 341303432597 тоот дансанд хандиваа өгөх боломжтой. Хүлээн авагчийн нэр нь “Хүмүүнлэгийн аян” юм байна.

Ташрамд дурдахад, манай улсын 336 иргэн өдгөө өмнөд хөршид бий гэнэ. Тухайлбал, Шанхайн тойрогт 180, Бээжинд 56, Эрээнд 100 хүн байгаа аж. Харин Хөх хот дахь иргэдийн тоо тодорхойгүй гэнэ. Хэдийгээр манайх тус улстай хиллэдэг бүх боомтоо хаасан ч монгол иргэдээ хүлээн авна, хөл хорио бүхий бүс нутагт байгаа бол авчрах чиглэлээр ажиллана гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)