Хөрсөнд “булаастай” хөрөнгө

Хэрэв та өөрийн тариалангийн газартай, газар тариалан эрхэлж байсан туршлагатай, мөн авах зээлийнхээ 10-20 хувийг урьдчилгаа болгон төлөх чадвартай бол чацаргана, алим, чавга болон бусад жимсний суулгацыг зургаан жилийн хугацаатай зээлээр авч болох аж. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын жимс жимсгэний үндэсний холбоо болон бусад холбогдох байгууллагаас танд шаардлагатай сургалт, мэдээллийг өгч, тариалалт, арчилгааных нь талаар мэдлэг олгон, усалгааны систем суурилуулах, жимсний аж ахуйтнуудын нэрлэдгээр хүйтэн хэлхээний зоорь байгуулахад ч боломжоороо дэмжлэг үзүүлнэ хэмээн ойлгож болно.

Энэ нь иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийн чадамжийг нь нэмэгдүүлэхээс гадна байгаль орчинд ээлтэй, ногоон аж ахуйг хөгжүүлэх зорилго агуулсан хэрэг. Ялангуяа чацаргана бол манай орны байгаль, цаг уурын нөхцөлд маш сайн зохицдог, гоо сайхан, хүнс, эрүүл мэндийн өндөр ашиг шимтэй бүтээгдэхүүн. Мөн хөрс голдоггүй, усалгаа, арчилгаа бага шаарддаг, хүйтэнд тэсвэртэй зэргээс нь шалтгаалж чацарганад бид илүүтэй хүч “хаяжээ”. Ийн хэлэхийн учир нь Жимс жимсгэний үндэсний холбооноос санаачлан 2010 оноос “Чацаргана” хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотой.

Зургаан жилийн хугацаатай уг хөтөлбөрийн хүрээнд нийслэл болон бүх аймгийн төв, зарим сумд чацарганын тариалалтыг нэмэх зорилгоор хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд 19.2 тэрбум төгрөгийн зээл Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгосон юм байна. Ингэснээр албан бус тооцоогоор 10 орчим жилийн өмнө 900 га талбай эзэлж байсан чацарганы тариалалтын хэмжээ өнгөрсөн оны судалгаагаар 5500 га-д хүрсэн гэнэ. Энэ нь манай улсын нийт жимс жимсгэний тариалангийн талбайн 90 орчим хувь юм. 

Нэг ширхэг суулгацыг иргэд 1000 төгрөгөөр худалдан авсан гэвэл 20 орчим сая ширхэг модтой төгөл манай улсад байх боломжтой. Нас бие гүйцсэн буюу таваас дээш жил ургасан нэг модноос жилд багадаа тав, зөв арчилж, сайн тордож чадвал 20 хүртэл кг жимс авдаг гэсэн тооцоо бий бөгөөд нэг кг чацарганын зах зээлийн үнийг 3000-4000 төгрөг гэвэл, эл салбараас чамлахааргүй их мөнгө босгох боломж бий гэсэн үг. Харин өдий дүнтэй хөрөнгө зарцуулсан төсөл хэр үр өгөөжтэй байгаа болон зах зээлийн тооцоог нь гаргасан байгууллага, иргэд бий болов уу.

Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь Жаргалантын аманд “Арвин ундарга” компанийнхан 15 га газарт зургаан жилийн өмнөөс чацаргана тарьжээ. 30 гаруй сая төгрөгийн үнэтэй 18 000 орчим суулгац зээлээр авсан юм байна. Зээлээ хуваарийн дагуу төлж буй ч аж ахуйнхаа эдийн засгийн өгөөжийг хүртэж эхлээгүй гэдгээ тус компанийн захирал С.Болормаа онцоллоо. Тэрбээр “Цөөнгүй иргэн, аж ахуйн нэгж зээл аван, чацаргана тарьж эхэлсэн. 

Урьд нь газар тариалан эрхэлж байсан туршлагатай, боловсруулсан талбайтай айлуудаас гадна манайх шиг атар газар эзэмшин, аж ахуйгаа шинээр эхлүүлсэн нь ч байна. Улсаас өгч буй хөнгөлөлттэй зээлийг ашиглая, үр дүнд хүрье хэмээн хар таамгаар зориглосон нь ч олон. Эдийн засгийн өгөөжийг нь хүртэж эхлээгүй, шантарч, зээлээ ч төлөх чадваргүй шахам санхүүгийн хямралд орсон нь цөөнгүй. Ийм байдалд хүрэхээсээ өмнө газар тариалан бол байгаль цаг уураас хараат, хүн яаж ч хичээгээд байгалийн өмнө хүчин мөхөстөх тохиолдол гарч болохыг тооцох хэрэгтэй байж.

Ялангуяа жимсний модод багадаа гурав, ихдээ 5-6 жилийн дараа үр шимээ өгч, ургац хураах хэмжээнд хүрдгийг мартаж болохгүй. Манай компанийн хувьд усалгаа, арчилгааны шинэ технологи нэвтрүүлж, хүн хүч, илүү их хөрөнгө зарцуулж байж л үр дүнг нь үзэх байх” хэмээн ярьж байна. Түүнчлэн өнгөрсөн жил л тэднийх гайгүй ургац авсан буюу таван тонн орчим чацаргана хураажээ. Нэг кг жимс түүхэд 1000 төгрөгийн хөлс төлж, орон нутгийн иргэдийг хөлсөлж ажиллуулсан юм байна. Гэтэл хураасан жимсээ борлуулах суваг хангалтгүй, үнэ нь бага байсан гэлээ. Борлуулалтын орлого нь зарцуулсан хүч, хөрөнгөтэйгөө харьцуулахад чамлахаар байсан гэдгийг ч дуулгасан юм.

Өөр нэгэн аж ахуйн нэгж болох “Буургач хайрхан” компанийнхан гурван сая төгрөгийн чацарганын суулгац зээлээр авч, Хан-Уул дүүргийн XII хороо буюу Биокомбинатад гурван га газарт тариалжээ. Анх 2015 онд 1000 гаруй бут суулгасан бөгөөд өнгөрсөн жилээс л ургацаа авсан юм байна. Жимсийг нь зарж борлуулаагүй, түүсэн ажилчдадаа зүгээр өгчихсөн гэнэ. Жилд 500 000 төгрөг зээлийнхээ төлбөрт төлдөг гэнэ. Эргэн төлөлтөд нь асуудал тулгараагүй ч хийж буй ажлынхаа ашгийг хүртээгүй байгаа тул, санхүүгийн өөр эх үүсвэр олох шаардлага үүссэнийг хэлж байв.

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн XXIV хороо буюу Баруунсалаанд гурван га талбайд “Амьд байгаль” төрийн бус байгууллагынхан чацаргана тарьжээ. 2010 онд 2000 ширхэг суулгац зээлээр авсан юм байна. Нэлээд хугацаа өнгөрсөн тул модод нь жимсэлж, ургацаа ч сайн өгч эхэлсэн гэлээ. Гэхдээ чацарганаас эдийн засгийн өгөөж хараагүй гэдгээ тус ТББ-ын тэргүүн хэлсэн юм. Иргэдэд экологийн боловсрол олгох, тухайн талбайнхаа байгалийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор тарьсан юм билээ. Харин зээлийнхээ эргэн төлөлтийн талаар тэрбээр “Өдий хүртэл хэн ч манайхаас зээлийн төлбөр нэхээгүй. Би ч энэ моддоос эдийн засгийн ашиг харсангүй. Байгальд ээлтэй ажил хийж байна л гэж боддог” хэмээн ярив.

Эндээс харахад төрөөс жимс жимсгэний салбарыг боломжийн хэрээр дэмжиж ирж. Хөнгөлөлттэй зээлээр суулгац, мод, бут, үрээс гадна бордоо, усалгааны тоног төхөөрөмж өгч, хадгалах зоорь савыг нь барихад ч дэмжлэг үзүүлдэг юм байна. Иргэдийнхээ амьжиргааг дэмжихээс гадна ногоон байгууламжийн хэмжээг нэмэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг олон санаа агуулж буй нь сайшаалтай. Гэтэл зарим иргэн, аж ахуйн нэгж авсан зээлээ төлөхгүй, хийж буй ажлынхаа үр шимийг гарган, аж ахуйгаа өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, татвар төлөх талд хойрго хандаж байх шиг. Нэг хэсэг нь эдийн засгийн үүрэг хүлээлгүй, байгаль орчинд ээлтэй ажил хийж байна гэж буй бол нөгөө нэг нь бодсоноос их цаг, хүч, хөрөнгө зарцуулах салбар гэдгийг ойлголоо. Алсдаа өгөөжөө өгөх болов уу гэсэн хандлагатай сууна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд зарцуулсан хөрөнгийн эргэн төлөлтийн талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуяг “Жимс жимсгэний салбарт хэрэгжүүлсэн хамгийн том хөтөлбөрийн нэг бол “Чацаргана”. Хэрэгжүүлээд бараг 10 жил болох гэж буй уг хөтөлбөрийн өгөөж нь чамгүй их. Манай улсад чацаргана боловсруулан бүтээгдэхүүн хийдэг хэд хэдэн том үйлдвэр бий болсон. Тариалангийн талбайн хэмжээг ч өсгөн, энэ салбарт иргэн, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлж чаджээ. Гэхдээ зээлийн захиран зарцуулалт, эдийн засгийн өгөөж, татварын орчинд үзүүлсэн нөлөө, эргэн төлөлтийг хангалттай гэж хэлж чадахгүй. Олон жилийн хугацаанд өгөөжөө өгөх салбар тул одоо ямар нэгэн дүгнэлт хийхэд эрт байна” гэсэн юм.

“Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд жимс жимсгэний салбарыг эргэн сэргэсэн гэж тооцон, 2017 оноос дахин шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь “Жимс жимсгэнэ”. Уг хөтөлбөрийн хүрээнд одоогоор алим, чавга болон бусад жимсний 11 000 гаруй суулгац, модыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоод буй аж. Манай улс жилд 22 000-25 000 тонн жимс импортолж хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд импортын бүтээгдэхүүнийг орлох, чацарганаас бусад жимсний тариалалтыг нэмэх зорилготой юм. Мөн л жимсээ өгч эхэлтэл нь багагүй хугацаанд хөрсөө тордон, уйгагүй ажиллан, хөрөнгө хүч зарцуулсаар байх хэрэгтэй тул өгөөжийг нь үзтэлээ гүрийхээс өөр аргагүй гэдгийг мэргэжилтнүүд хэлэх юм билээ. Өөрөөр хэлбэл, бид хөрсөндөө хөрөнгө “суулгачихаад” хүлээж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)