Хөрсний усаа ашиглавал харангадахын зовлонгүй

Амьд организмууд тэр дундаа хүн төрөлхтөн усгүйдвэл мөхнө. Устөрөгч, хүчилтөрөгчийн энэхүү нэгдлийн үнэ цэн нь химийн аргаар гарган авч болдоггүйд оршдог. Дэлхий дээр өдгөө гурван тэрбум орчим хүн усаар гачигдаад эхэлчихэж. 15 жилийн дараа гэхэд манай гаргийн гурван хүн тутмын хоёр нь цэвэр усны дутагдалд орохыг урьдчилан таамагласан билээ. Үүнийг дагаад байгалийн гамшиг, цөлжилт, сүйрэл хаа сайгүй нүүрлэхийг эрдэмтэд сануулсаар. Харин бид цэвэр усаар цэцэг, ургамал, хотын ногоон байгууламжийг усалж, зам, талбайг арчилж, цэвэрлэх нэрээр хайр гамгүй асгаж, цутгадаг. Тэр ч болоогүй, өтгөн, шингэн ялгадсаа жорлонгоосоо зайлуулахын тулд хүртэл цэвэр ус гоожуулж байна.

Гэтэл улс орнууд алт, эрдэнэсийн сангаа өсгөхөөс илүүтэй усныхаа нөөцийг нэмэгдүүлэх, зөв зохистой ашиглах, хайрлан хамгаалахад онцгой анхаарах болжээ. Учир нь усны хомсдолоос үүдсэн өвчнөөс болж жилд 3.5 сая хүн нас барж, 21 секунд тутамд нэг хүүхэд эндэж байгаа аж. Аливаад эсрэг үзлээр ханддаг бид хэзээнээсээ л цэвэр усаа бохирдуулаад, ундны усны эх үүсвэр лүүгээ цутгадаг хөөрхийлөлтэй улс байв. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарыг усны зохисгүй менежменттэй хот болохыг илтгэх өчнөөн судалгаа, баримт бий. Усаа зөв ашигладаг, ээлтэй ханддаг улс л ирээдүйд оршин тогтнох бололцоотой. Цаашлаад дэлхийн бодлогыг тодорхойлох хэмжээний хүчтэй болно ч гэдэг.

Манай орны усны нөөцийн хоёр хүрэхгүй хувь нь газрын доор бий. Эндээс л төв, суурин газруудын усны хэрэглээний 80-90 хувийг хангадаг. Улаанбаатар хотын ундны усны хоногийн хэрэгцээ 200 000 шоо метрт хүрчээ. Энэ байдлаараа чандмань эрдэнээ хайрлаж, гамнахгүй 10 жил өнгөрвөл нийслэлчүүд ундны усгүй болох аж. Үүнээс сэргийлж бодлого тодорхойлогчид борооны болон хаягдал ус ашиглах стандартыг өнгөрсөн онд баталсан ч өдий хүртэл ажил хэрэг болгосон нь үгүй. Бороо орохыг хүлээж суусаар байтал иргэд нь харангадаж мэдэх л юм.

Улаанбаатарчууд ундны усныхаа нөөцийг нэмэгдүүлэх, ариг гамтай хэрэглэх бүрэн боломжтойг ШУТИС-ийн Усны судалгааны төвийн захирал Д.Басандорж хэлсэн. Тэрбээр “Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Усны нөөцийг хамгаалж, хомсдолоос сэргийлэх нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, хаягдал, бохир усыг цэвэршүүлэх технологи нэвтрүүлэхийг дэмжинэ. Гол, горхи, булаг, шанд, рашааны ундаргыг хамгаалах, бороо, цас, хөрсний усыг хуримтлуулах усан сан, хөв, цөөрөм байгуулж, ус хангамжийг нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг. Эдгээрээс ашиглах хамгийн боломжтой нь хөрсний ус. Усны нөөц багатай, цаашлаад хоолой норгох “юмгүй” болно гэсэн сануулгатай байгаа манай орны хувьд хөрсний ус бол баялаг. Үүнийг бид усны нөөц гэж харах ёстой. Хэдийгээр Улаанбаатар хотын хөрс бохирдсон ч хэвлий дэх усыг нь хэрхэн цэвэршүүлж, ашиглах талаас нь бодох хэрэгтэй болжээ. Усны хомсдолоос болж дэлхийн 80 гаруй улсын эдийн засаг хямарч, хүн амынх нь эрүүл мэндэд эрсдэл учраад байхад бид ийм цамаан байж болох уу. Яг үнэндээ нийслэлчүүдийн толгойны өвчин болсон асуудлуудын нэг нь хөрсний ус. Өвөл, зунгүй энд тэндээс оргилж, иргэдийн эд хөрөнгийг сүйтгэж, орон сууцын хороолол, хотхонууд усанд автдаг болсон. Тиймээс нийтээрээ шахам үзэн ядаж, хөрсний усыг зөвхөн зайлуулна гэж л ярьдаг болохоос ашиглах тухай ойлголт алга” хэмээлээ.

Нийслэлд өдгөө газар гэсэхээр хөрсний усанд автчихдаг 70 орчим барилга байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ШУТИС зэрэг байгууллагынхан судалж, тогтоожээ. Хөрсний ус барилгын суурийн төмөр бетоныг “идэж”, насжилтад нь нөлөөлдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Өнгөрсөн зун л гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд 260 орчим барилгын зоорийн давхар усанд автсан. Хуримтлагдсан усыг зориулалтын шугам, хоолойгоор дамжуулан үерийн далан, шуудуу руу нийлүүлэхийг дренажийн систем гэдэг бөгөөд Улаанбаатарт ийм байгууламж ердөө гуравхан бий. Усанд автдаг хорооллууд байрлалын хувьд нам дор оршдогоос ус тусгаарлах технологи байгуулах боломжгүй. Тиймээс хонгилд нь тунадаг, газар доор буй хөрсний усыг нь хэрхэн ашиглах технологийг ШУТИС-ийн эрдэмтэд бодож олсон нь өдгөө жишиг төсөл болжээ. 

Тодруулбал, Сэлбэ голын зүүн хөвөөн дэх Багшийн хөгжлийн ордны барилга хөрсний усанд автсан объектуудын нэг. Тиймээс хөрсний ус цуглуулах нам гүний худгийг барилгын “бөөрөнд” барьж, үйлдвэрийн шатны олон шүүлтүүрээр шүүгээд, найм, 20 тоннын усан санд хадгалан, долоон давхар объектын ахуйн хэрэгцээг хангах болжээ. Тус барилгын 76 жорлон суултуур, угаалтуурт хөрсний усыг цэвэршүүлэн, ашиглаж байгаа нь энэ. Энэхүү ус цэвэршүүлэх технологийг байгуулах санаачилгыг нийслэлийн ЗДТГ-аас дэмжиж, 60-аад сая төгрөг зарцуулсан нь цэвэр усыг гамнаад зогсохгүй эдийн засгийн үр өгөөжөө өгч байгааг судлаач Д.Басандорж хэлсэн. Цаашид эл технологийг хөрсний усанд автаад буй барилгуудад нэвтрүүлчихвэл тухайн орон сууцын айл өрхүүдийн ахуйн хэрэгцээнд ашигладаг цэвэр усыг багасгах боломжтой аж. Түүнчлэн оршин суугчдын усны төлбөр ч буурах давуу талтай. Мөнгө хэмнээд зогсохгүй гол зорилго нь цэвэр усны хомсдол нүүрлэхээс сэргийлж, барилгын аюулгүй байдлыг хангах нь чухал гэнэ.

Харин дээрх жишиг төслийг шаардлагатай газруудад хэрэгжүүлэхэд төр, засгаас зайлшгүй анхаарах хэрэгтэйг албаныхан хэлж байлаа. Тодруулбал, хөрсний усыг цэвэршүүлж, ашиглаж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх замаар ундныхаа нөөцийг хамгаалах, арвижуулах талын бодлого баривал ирээдүйд харангадахын зовлонгүй. Хөрсний усыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь экологид ямар ч сөрөг нөлөөгүй бөгөөд гадаргын болон гүний устайгаа намаг холбоотой ч борооны усаар тэжээгддэг тул ихэснэ үү гэхээс багасах нь бараг л үгүй гэсэн. Говь, хээрийн бүсэд хөрсний усны түвшин доор байдаг. Харин нийслэлийн хувьд Туул гол, Баруун, Зүүн Сэлбийн хөвөө, сав газар, хуучин булаг, шандтай газруудын эргэн тойрныг “сохлоод” бүтээн байгуулалт өрнүүлэх болсноор хөрсний ус ихээр ундрах болсон аж.

Тиймээс хөрсний ус их хэмжээгээр хөөрч, оргилсон үед иргэдийн ахуйн хэрэгцээг хангаад, үлдсэнээр нь хотын ногоон байгууламжийн усалгаанд ашиглах санал, санаачилга ч гаргасан байна. Дулааны улиралд голдуу машинаар хотын мод, бут, зүлгийг усалдаг. Бидний ундны усыг тонн тонноор нь цацна шүү дээ. Ядахдаа төвийн ногоон байгууламжтай гудамж, талбайд нам гүний худаг гаргаж, насос тавьчихад л машин, техникийн шаардлагагүйгээр зүлэг, ногоогоо тордоод байх боломж ч энэ мэтчилэн бий. Улаанбаатарт усан оргилуур хуруу даран цөөн. Хөрсний усаа цэвэршүүлээд, зундаа нуур, цөөрөм байгуулж ч болно. Өвөлдөө түүнийгээ мөсөн гулгуурын талбай болгоод хүүхдүүдээ чийрэгжүүлэхээс өгсүүлээд баялаг бүтээх нөөц хангалттай байгаа бус уу.

Хөрсний ус өнөөдөр ямар ч үнэ цэнгүй, хэний ч өмч биш. Цэвэр ус нь ч ялгаагүй, үнэгүй шахам. Алийг нь нөөц гэж үзэх вэ гэдгийг бодолцон, үнэлэмжийг нь нэмэгдүүлэх нь өдгөө чухал болжээ. Дээр дурдсанчлан сүүлийн үеийн хороолол, хотхонууд дундуур хөрсний ус зайлуулах систем барих боломжгүй болсон тул газар доороос нь ундрах усыг барилга руу нь буцаагаад “цутгахаас” өөр сайн шийдэл үгүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)