Хөрсний бохирдлыг бууруулахад хөл газрын ургамал ч чухал үүрэгтэй

Нийслэлийн ИТХ, ЗДТГ, Байгаль орчны газар хамтран өнгөрсөн зургадугаар сарын 10-наас эхлэн хоёр сарын хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын дунд “Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” төслийн уралдаан зарлажээ. Хөрсний бохирдлоос сэргийлэх, доройтлыг бууруулах, иргэд эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх зорилготой эл уралдаанд 14 төсөл иржээ. Тэдгээрээс Баянзүрх дүүргийн XXVIII хорооны иргэн С.Адъяабаатарын “Хогийн ургамал хог биш” төсөл тэргүүн байрт шалгарчээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Хөрсний бохирдлыг бууруулах бордоо хийх санаагаа хэрхэн олсон бэ?

-Би Улаанбаатар хотод суурьшаад 20 гаруй жил болж байна. Баянзүрх дүүргийн нутаг Хужирбуланд 654 ам метр газар өмчлөн авсан. Тус газарт 14 дүгээр цэргийн анги байсан юм. Цэргийн анги хаагдсаны дараа газар нь хогийн цэг болон хувирсан. 2006 онд тухайн газрын хогийг цэвэрлэхээр шийдэж, хур хогийг нь түүж овоолсон ч зөөх машингүйгээс ажил зогссон. Нэгэнт цуглуулсан хогийг ачуулахгүй бол буцаад тарчих учир дүүргийнхээ Засаг даргад хог цэвэрлэсэн гэрэл зургаа, захидлын хамт хүргүүлсэн юм. Үүний ачаар хоёр хоногийн дараа хог ачих хоёр машин ирж, цэргийн анги байсан газарт овоолсон хаягдлыг зайлуулсан. Дараа нь ойр орчимд мод тарих санаатай үрсэлгээ хийсэн ч шим тэжээлгүй болсон газар учир ургаагүй. Тэгээд л бохирдсон хөрсийг эрүүл болгох арга хайж, бордоо хийж эхэлсэн юм.

-Импортын болон монгол эрдэмтэд өөрсдөө гарган авсан гэх мэтийн олон төрлийн бордоог манайд худалддаг. Таны технологи тэдгээрээс юугаараа онцлог юм бэ?

-Хөрсний бохирдлыг бууруулахын тулд эхлээд бохирдсон хөрсийг “эмчлэх” хэрэгтэй. Зүгээр ч нэг эмчлэхгүй, бордоо болгон хувиргах нь чухал. Тухайн хөрсийг бордоо болгоход хөл газрын ургамал ч чухал нөлөөтэй. Хөрс, хөл газрын ургамал, модны үртэс зэргийг холин, газарт булж, нэг жил гаруй болговол шим тэжээл сайтай бордоо болно. Уг бордоог жимсний модноос эхлээд нарийн ногоо ургуулахад ч ашиглах боломжтой.

-Хөрсний бохирдлыг бууруулахын тулд нийслэлийн иргэд цаашид юуг анхаарах шаардлагатай вэ?

-Бордоо хийхийн тулд нэг жил зарцуулна гэхээр зарим хүн залхуурч мэднэ. Аливаа зүйлийг техник, технологийн хүчээр хурдан хийхийг эрмэлзэх болсон цаг шүү дээ. Миний гаргасан санаа нь айл өрх, албан байгууллага эзэмшил газраа бага багаар нөхөн сэргээж, хөрсний бохирдлоос бүрэн ангижрах боломжтой гэдгийг ойлгуулахад чиглэж байгаа юм. Хэдийгээр багагүй хугацаа зарцуулдаг ч хүн бүр дор бүртээ хэсэгхэн газрын хөрсийг эрүүлжүүлж, хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах боломжтой гэсэн үг.

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)