Хөнөөлт вирусээс ч өмнө үүд тогшсон аюул

Дэлхий даяарх эрх чөлөөний байдалд “Ковид-19” хэрхэн нөлөөлсөн талаар олон улсын “Freedom house” судалгааны байгууллага тусгай тайлан гаргажээ. Цар тахал дэгдсэнээс хойш 80 оронд ардчилал, хүний эрх дордсоныг үүгээр мэдэгдэв. Уг тайланд 192 орныг хамруулснаас 91-ийнх нь хэвлэл мэдээлэлд ямар нэг хэлбэрээр хязгаарлалт тавьсан байна. Ингэхдээ “коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ” гэх үгээр бамбай хийсэн бөгөөд манай улс эдгээр 91 орны дунд цохиж явна.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол ардчиллын амин сүнс. Итгэл үнэмшлээ хамгаалан үг хэлж, хэвлэн нийтэлж, тайван жагсаал, цуглаан хийх зэргээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх монголчууд бидэнд бий. Өнгөрсөн зуунд хүн ардаа хэдэн арван мянгаар нь хэлмэгдүүлж, хороосон, үнэн хийгээд худлын дэргэдүүр ус балгасан мэт дуугүй өнгөрч сургасан, үхмэл үеийн гашуун түүх монголчууд бидний хувьд энэ эрх чөлөөний үнэ цэнийг улам ч мэдрүүлдэг болов уу. Гэтэл үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө өдгөө улам бүр хязгаарлагдаж буйг судалгаанаас өмнө бодит жишээ, тохиолдлууд анхааруулж ирэв.

Хууль тогтоогч 76 гишүүн, гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд, нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн албан “контор” болсон Төрийн ордонд гэхэд л хэвлэлийнхний хөлийг сүүлийн есөн сарын турш хорив. Тэнд сэтгүүлчдэд зориулан зассан цэгт хүрэлцэн ирж, зорилтот мэдээллээ хүргэж, түгээлгэх гэсэн гишүүн, эсвэл сайдын үгийг дамжуулах нь л хэвлэлийнхний хийдэг ажил болсон байх жишээтэй. Шийдвэр гаргах хамгийн дээд шатанд явж буй аливаа асуудлын зөв, бурууг ухах, хэлэлцүүлгийн ард чухам ямар үйл явц өрнөж байгааг эх сурвалж болохуйц хүмүүсээс тал талын байр суурийг тусган хүргэх гэсэн сэтгүүлчийг Төрийн ордны хамгаалалтын ажилтан харгалзаж, хянахаа болиод хэдхэн хонож байна. Гэвч энэ байдал урьдынхаараа хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй нь. “Буцаад хөл хорио тавьчих вий” гэж парламентын сэтгүүлчид айж байгаа.

Хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх, олон нийтийг төөрөгдөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг дагнан хэрэгжүүлэх нэгжийг цагдаагийн байгууллагын бүтцэд шинээр байгуулсан нь үүний ойрын бөгөөд тод жишээ. Уг нэгж нь олон нийтийн сүлжээнд гүтгэх, доромжлох, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах гэсэн худал мэдээлэл тараах явдлыг шалгах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулна гэж буй. Цахим орчин, тэр дундаа олон нийтийн сүлжээгүйгээр орчин үеийн хүн төрөлхтнийг төсөөлөхийн аргагүй. Цар тахлын үеэр олон улсын хэмжээнд бараг бүхий л үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, хойшид ч ийм маягаар үргэлжлэх нь илүү үр дүнтэй болох нь харагдлаа. Гэтэл манай эрх баригчид цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх иргэдийнхээ эрх чөлөөг ийн хумив. Цагдаагийн байгууллагад ийм нэгж шинээр бий болголоо гэж мэдээлэхтэй зэрэгцэн иргэд айдаст автсан.

Тийм ээ, үндэсний аюулгүй байдал юу юунаас чухал ч ингэж хамгаалах ёстой юм гэж үү. Хуурамч мэдээ, мэдээлэл гэж чухам юуг хэлээд байгаа нь ойлгомжгүй. Хуульд заасан “худал мэдээлэл” гэдэг ойлголт нь хүртэл тодорхойгүй, олон янзаар тайлбарлаж, хэрэглэж байхад цагдаагийн байгууллагын нэгжийн зорилгыг тодорхойлсон “хуурамч мэдээ, мэдээлэл” хэмээх үг чухам ямар агуулга тээхийг хэлж мэдэхгүй нь. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.14-т “Худал мэдээлэл тараах” гэсэн зүйлийг нэмж, энэ оны эхний өдрөөс мөрдөж буй. Үүнд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн заасан. Сэтгүүлчдийн хувьд “хадны мангаа” болсон эл заалтыг хэрэглэж буй байдал нь харилцан адилгүй, ялгаатай байгаа тул “худал мэдээлэл” гэж яг юуг хэлээд байгаа нь эргэлзээтэй. Үүнийг ойлгуулахын тулд манайд болсон нэгэн “сонгодог” тохиолдлыг сануулъя. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанг төсвийн мөнгөөр гадаад улсад 15 удаа аялж, зугаалсан гэж мэдээлсэн сэтгүүлч буруудсан. 

Учир нь Ц.Мөнхнасан 15 биш, 13 удаа гадаадад аялсан, зарим зардлыг нь төсвөөс бус, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээс гаргасныг тогтоосон учраас сэтгүүлчийн буруу болж таарав. Уг нь Засаг дарга төсвийн мөнгөөр цөөнгүй удаа аялж, зугаалсан нь үнэн, ерөнхийдөө Засаг даргын хувьд энэ үйлдэл нь зохисгүй гэдгийг ил гаргасан сэтгүүлч 13 гэдгийг 15 хэмээн мэдээлсэн нь “худал мэдээлэл тараасан” хэрэгт унах үндэслэл болсон нь тэр. Улмаар тухайн сэтгүүлчид Зөрчлийн хуулиар 2019 онд хариуцлага тооцсон. Гэтэл АНУ-д болсон үүнтэй төстэй нэгэн кейсийг хуульчид онцолдог. Тодруулбал, олныг хамарсан үймээн, самууны үеэр цагдаа нар олон хүнийг хүч хэрэглэн баривчилсан талаарх мэдээллийг бэлтгэсэн сэтгүүлчийг тоо буруу дурдсан гэх үндэслэлээр тухайн цагдаагийн байгууллагын дарга шүүхэд гомдол гаргажээ. Хэдийгээр сэтгүүлч тоог зөрүүтэй дурдсан ч нийтийн ашиг сонирхлын төлөө уг мэдээг нийтэлсний зэрэгцээ үүнийг зориуд худал мэдээлэл тараагаагүй гэж шүүх үзсэн байна. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээ, мэдээлэл гэдгийг манайхан явцууруулан хэрэглэж, хариуцлага тооцоод эхэлбэл яах вэ. Тэгээд ч дарга нарыг шүүмжилсэн, хатуу боловч үнэн үгийг худал, хуурамч мэтээр хүлээн авч, гүтгүүллээ, доромжлууллаа хэмээн хууль, хяналтын байгууллагад ханддаг нь манайд шинэ юм биш.

Өөр нэгэн жишээ. Энэ жилээс эхлэн сонгуулийн сурталчилгааг цахим орчинд хийхтэй холбоотой зохицуулалтуудыг мөрдөж буй. УИХ-ын сонгуулийн үеэр цахим хуудсанд байршуулсан сонгуулийн сурталчилгаатай холбоотойгоор сэтгэгдэл бичих талбарыг хаасан. Орон нутгийн сонгуулиар ч хааж байгаа. Тухайн улс төрийн нам, нэр дэвшигчтэй холбоотой сөрөг мэдээлэл сэтгэгдлийн талбарт бичигдэхээс зайлсхийж бүхэлд нь хааж буй хэрэг. Гэтэл ажил хэрэгч бөгөөд тухайн хөндсөн асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн сэтгэгдэл бичиж, байр сууриа хуваалцах гэсэн хэн нэгний эрхийг үүгээр хязгаарлачихаж байгаа юм. Энгийн үед цахим хуудаснуудын баримталдаг шиг, уншигчийн зохисгүй үг, хэллэгийг хязгаарлаж, шаардлагатай тохиолдолд устгах замаар сэтгэгдэл бичих талбарыг бүхэлд нь хязгаарлахгүй байж яагаад болохгүй гэж. Үнэндээ цахим орчинд үзэл бодлоо ийм маягаар илэрхийлэх эрх чөлөөг нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан журмаар бүхэлд нь хязгаарлачихаж байгаа юм. Гэтэл Үндсэн хуулийн 19.2-т “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасан. Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагыг Ерөнхий сайд шууд томилдгоос үзвэл Засгийн газрыг тэргүүлж байгаа хэн нэгэн хувь хүний, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байгаа ч юм шиг.

Иргэн Ц.Уянга буюу “элийрэгч” нэрээр нийгмийн сүлжээнд танигдсан бүсгүй Ерөнхийлөгч Х.Баттулгын талаарх жиргээнээсээ болж өнгөрсөн онд Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулсан. Тодорхой хэлбэл, Төрийн тэргүүнээ нийгмийн сүлжээнд удаа дараа “Жонхуу” хэмээн хочилж, доромжилсон гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас гомдол гаргасан юм билээ. Чухам компанийнх нь нэр бөгөөд өөрийнх нь овог шахам “Женко” гэдэг нь “Жонхуу” болсон, эсэхийг хэлж мэдэхгүй. Эсвэл түүнийг аливаа асуудлыг жонхууруулж, завааруулан, хор найруулдаг гэж харддаг хүмүүс “Жонхуу” гэдэг хоч хайрласан юм уу, ёстой бүү мэд. Харин “элийрэгч” чухам ямар утгаар нь ийн хочилж, “доромжлоод” байдгийг нь мэдэхгүй ч тэр бүсгүй ганцаараа ингэж хэрэглэдэггүй нь лав. Гэхдээ л тэр шүүхээр шийтгүүлсэн. Цаашлаад Ерөнхийлөгч шүүх засаглалд ихээхэн нөлөөтэй. Шүүгчийг томилох, чөлөөлөхөөс авхуулаад асар их эрх мэдэлтэй. Ерөнхийлөгчтэй холбоотой гомдлыг Төрийн тэргүүний томилсон шүүгч түүний талд шийдсэн гээд бодвол ямар байна вэ. Бодит байдал ийм л байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)