Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчлэв

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурлаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталжээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт авч буй даатгуулагч иргэдийн олонх буюу 58 хувийг 50-иас дээш, 14 хувийг 0-5 насныхан эзэлдэг аж.

Эдгээр зорилтот бүлгийн даатгуулагчдын өргөн хэрэглэдэг эмийн нэр, төрөл, хөнгөлөх хувь хэмжээг эмийн хүртээмжтэй уялдуулан тогтоожээ. Энэ онд даатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 29.1, элэгний В, С вирусийн эсрэг эмийнхэд 18.4 гээд нийт 47.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Нийт 861 эмийн сантай хөнгөлөлттэй үнээр эм олгох гэрээ байгуулсан аж.

Түүнчлэн нэмэлт төсөв зайлшгүй шаардлагатай төв, орон нутгийн гэрээ бүхий эмийн сангуудад олгох эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Шинэчилсэн жагсаалтаар ерөнхий нэршлийн 173, худалдааны нэрийн 650 гаруй эмэнд 20-80, хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмэнд 50-80 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэнэ.

Уг жагсаалтыг энэ сарын 16-наас мөрдөх бөгөөд тэр хүртэл хуучнаар нь үйлчлэх гэнэ. Эмийн нэр, төрөл, хөнгөлөх хувь хэмжээг шинэчилсэн, төсөв нэмэгдсэн учраас даатгалаар үйлчилдэг эмийн сангууд сарын турш харьяалал харгалзахгүйгээр эм олгох боломжтой гэж Эрүүл мэндийн даатгалын байгууллагынхан үзэж буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)