Хөнгөлөлттэй эмийн жорын 23,6 хувь нь хүчингүй болжээ

Хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий эмч нар сүүлийн үед холбогдох дүрэм, журмаа зөрчин, даатгалын цахим системд нэвтрэх эрхээ бусдад задруулах, дураар ашиглах зэрэг зөрчил гаргаж буй тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан энэ сард нийслэлийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн 130 төвийн программ хангамж, техник хэрэгслийн чадамжийг судалжээ. Үүний хүрээнд өрхийн 127 эмчийн нууцын гэрээг цахимд нэвтрэх эрхтэй нь тулгаж, жор бичсэн байдлыг нэгбүрчлэн шалгасан аж. Мөн гэрээ бүхий эмийн сангуудын эм олголт, нөөц, хангамж, ачаалал, гүйцэтгэлийг нь шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Тухайлбал, өрхийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичихдээ цахим системд даатгуулагчийн мэдээллийг гүйцэд оруулах, үзлэг, зөвлөгөө, жор бичих зэрэгт 10 минутаас доошгүй хугацааг зарцуулах, оношилгоо, шинжилгээг бүрэн хийж, өвчний онош, насанд нь тохирсон эм бичихийг үүрэг болгов. Түүнчлэн нэг сараас дээш хугацаагаар хэрэглэх эмийг өвчний үндсэн оношийн дагуу дангаар тэмдэглэх, удаан хугацаагаар уухыг нь тодорхой ангилах гэх мэтчилэн иргэдэд үнийн хөнгөлөлтийг тэгш, шударга, хүртээмжтэй хүргэх талаар чиглэл хүргүүлжээ. Учир нь тоон мэдээнд үзүүлснээр эрх бүхий эмч нарын бичсэн жорын 23.6 хувь нь хүчингүй, хугацаа нь дууссан байж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)