Хөнгөлөлттэй нөхцөлөөр 5-10 жилийн өмнө тэтгэврээ тогтоолгох боломжтой

Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлснээр, иргэд хөнгөлөлттэй нөхцөлөөр 60-120 сарын өмнө тэтгэврээ тогтоолгох боломжтой юм байна. Олон хүүхэд төрүүлсэн эх болон хүнд, хортой нөхцөлд 7-10 жил ажилласан даатгуулагч 5-10 жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, аялан тоглолт хийж, амьдралынхаа ихэнх хугацааг орон нутагт өнгөрөөсөн урлагийнхан, төмөр замын цэрэгжүүлсэн нөхцөлд ажилласан эмэгтэй 50, дөрөв болон түүнээс олон хүүхэд төрүүлсэн ээжүүд, газрын гүнд, хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд удаан жил ажилласан иргэд 45 насандаа өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарч болно. Тус газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж “Иргэд хугацаанаасаа өмнө тэтгэврээ тогтоолгохын тулд архивын лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, хоёр хувь зураг, тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл зэрэг баримт бүрдүүлэх ёстой. Хүсвэл info@mlsp.gov.mn хуудсаар орж, өргөдлөө цахимаар гаргасан ч болно” гэлээ.

2019 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 317.5 мянган иргэн өндөр насны тэтгэвэр авч байна. Өнгөрсөн онд тэтгэвэрт 1.3 их наяд төгрөгийг зарцуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)